Хүүхэд хамгааллын үндэсний төвийн ажилтай танилцав
Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа, Тамгын газрын дарга Д.Тунгалаг нар
2012.10.07

Хүүхэд хамгааллын үндэсний төвийн ажилтай танилцав

Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа, Тамгын газрын дарга Д.Тунгалаг нар Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийнхөнтэй уулзаж, ажил байдалтай нь танилцжээ.

Хүүхдийн хөгжил хамгааллын төв 56 хүүхэдтэй, 16 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хүүхдүүдийн гурав нь СУИС, хоёр нь “Абука” сургуульд, 11 нь ерөнхий боловсролын сургуульд хамрагджээ.

Хүүхэд хамгааллын үндэсний төвийн хүүхдүүд

Жилдээ 360 сая төгрөгийн төсөвтэй ч тус төв зөвхөн төсөв хараад суудаггүйгээ энэ үеэр танилцуулсан байна. Энэ жил 53 сая төгрөгийн их засвар хийж, шинэ тохилог байранд орсон бөгөөд хүүхдийн тоглоомын талбай болон насанд хүрээд төвөөсөө гарч буй хүүхдүүдэд ажлын байр бий болгохыг зорьж, барилгын зураг төсөл хийж олон улсын байгууллагуудад хандсанаа ч Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийнхөн дуулгав.

Энэ төвийнхөн хөгжмөөр дамжуулан хүүхдэд төлөвшил олгохыг зорьдог бөгөөд морин хуур, төгөлдөр хуур, ятга хөгжмийг эзэмшүүлдэг байна. Мөн хүүхдүүдийг “Хүч” спорт хороонд спортоор хичээллүүлдэг аж.

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Тамгын газрын дарга Д.Тунгалаг нар ч Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд цаашид улам дэмжихээ хэлэв.