Мөсөн тивд Монгол улсын байр суурийг бэхжүүлнэ
ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуупийн багш доктор, профессор Л.Дүгэржавтай ярилцлаа. Тэрбээр ирэх долоо хоногт Олон улсын Антарктид судлалын багийн бүрэлдэхүүд орж, Өмнөд туйлын 0 цэг буюу Амундсен-Скотын цэгт хүрэхээр эх орноосоо мордох гэж байгаа юм.
-Манай улсаас анх 1972 онд судлаач З.Цэрэндэлэг агсан Антарктид тивд очиж байсан. Түүнээс хойш хэд, хэдэн хүн очсон байдаг. Таны энэ удаагийн судалгаа юугаараа онцлог вэ?
-Би өнгөрсөн жил Европын холбооны баруун Антарктидын судалгааны багт орж «Цаг уурын өөрчлөлт» гэсэн «том төсөл дээр ажилласан. Энэ жил АНУ-ын багт орж, Өмнөд туйлын Амундсен-Скотын цэгт хүрч ажиллахаар боллоо. Монголын Антарктидын нийгэмлэг, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар хамтран «Антарктид судлал ба Монгол» гэсэн суурь судалгааны төсөл хэрэгжүүлж байгаа.
Бидний энэ жилийн бас нэг амжилт бол Антарктидын олон улсын конвенцид Монгол Улсаа нэгтгэхээр болж байна. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын гишүүн орнуудад нээлттэй байдаг уг конвенцид ирэх оноос нэгдэн ороход бэлэн болж байна гэсэн үг.
Энд нэгдэн орсноор манайд хэд хэдэн боломж бүрдэнэ. Тухайлбал, бид өмнө нь аль нэг улсын судалгааны баазад орж байж, судалгаагаа хийдэг байсан.
2013 оноос өөрийн судалгааны баазыг Антарктид тивд байгуулах юм.
Баруун Антарктидын Ливингстоны арал дээр Болгар, Испанийн баазын ойролцоо өөрсдийн баазыг байгуулахаар газрын судалгаа хийсэн. Ингэснээр ганц нэгхэн биш, олон монгол судлаач очих боломж нээгдэнэ гэж ойлгож болно.
-Антарктид судлалын гол ач холбогдол нь юу вэ?
-Антарктид тивд дэлхийн хуурай газрын 10, цэвэр усны нөөцийн 80 хувь нь мөс хэлбэрээр байдаг газар нутаг. Дэлхийн дулаарлын энэ үед дэлхийг сэрүүцүүлж байдаг гол газар нь Антарктид тив. Тиймээс хүссэн хүсээгүй дэлхийн хүмүүс тэр газар нутаг руу очдог болно. Антарктидын орон болохын тулд монгол хүн Өмнөд туйлын 0 цэгт хүрч, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулах учиртай.
Л.Дүгэржав багш өмнөд туйлаас авчирсан дөрвөн төрлийн ургамлын дээжийг сургуулийнхаа музейд хүлээлгэн өгсөн юм
Тэнд төрийн дууллаа эгшиглүүлж, Монгол Улс Антарктидын гэрээний бүрэн эрхт гишүүн болсныг зарлан тунхаглахад гол учир оршино. Ингэснээрээ Антарктидын гэрээний дагуух олон улсын бүхий л экспедици, хурал зөвлөгөөнд оролцох, мэдээлэл солилцох, хүлээн авах боломжтой.
Мөн дэлхийн ирээдүйн үүц, зургаа дахь тивд хөрөнгө оруулалт хийж, олон улсын хамтын нөхөрлөлийн бүрэн эрхт гишүүн болсноор хувьцаагаа баталгаажуулна. Нэг үгээр хэлбэл, мөсөн тив дэх Монгол Улсын байр суурь бэхжих юм.
-Манай улс бааз бай-гуулсан тохиолдолд хэдэн хүн очиж судалгаа хийх боломжтой вэ?
-Нэг баазад урт хугацааны судалгаа хийгээд 5-7 хүн явах боломжтой.
-Амундсен-Скотын цэгийн талаар уншигчдад тодорхой ойлголт өгөөч?
-Дэлхийн бүх уртрагууд Амундсец-Скотын цэгт огтлолцож байгаа. Өөрөөр хэлбэл, ертөнцийн зулай даэр очно гэсэн үг. Бид экватораар дэлхийг тойроход 42 мянган км зам туулдаг. Харин 0 цэг дээр байгаа хүн дэлхийг хэдхэн секунтын дотор л тойрох боломжтой.
-Антарктид тивийн жилийн дундаж хэм хэд вэ. Тэнд хэр удаан ажиллах боломж байдаг юм бол?
-Антарктид тивийн жилийн дундаж температур нь хасах 50 хэм. Зундаа хасах 30, өвөлдөө хасах 70 хэм хүйтэн байх жишээтэй. Монголчууд хүйтэнд дасан зохицох чадвартай хүмүүс. Тиймээс бид энэ тив дээр удаан хугацаагаар судалгаа хийх боломжтой.
Антарктид судлал нь дэлхийн судалгааны хамгийн том талбар болчихоод байгаа. Энд НҮБ-ын гишүүн, Антарктидын олон улсын конвенцид нэгдсэн аль ч улс орон очих бүрэн боломжтой. Мэдээллийг чөлөөтэй солилцдог нь Антарктид судлалын нэг онцлог.
Харин Антарктидын олон улсын гэрээнд нэгдэн орсон улсууд ГХЯ-ныхаа хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр ирэх жилээс бидний судалгаа Засгийн газрын түвшинд хийгдэх байх.
-Та хэзээ эх орноосоо мордох гэж байна вэ?
-Ирэх долоо хоногоос яваад ирэх хоёрдугаар сард ирнэ.
-Багагүй хугацаа байна шүү. Яг судалгаандаа хэдэн хоног зарцуулах вэ?
-Тийм ээ. Нэлээд хол замыг туулах учраас хугацаа их орно. Эхлээд АНУ орно. Дараа нь Болгар, Бразил, тэндээсээ Аргентинд очиж, карентин маягаар 3-4 хононо. Тэгээд Амундсен-Скотын цэгт очоод нэг долоо хоног ажиллана. Дараа нь АНУ-ын бааз дээр 10-аад хоног ажиллаад ирнэ дээ.
-Явах болон судалгааны ажлын зардлыг тань хаанаас гаргаж байгаа вэ?
-Өмнө нь зөвхөн замын зардлаа өөрөө гаргадаг байсан. Энэ жил Европын холбоо эдийн засгийн хямралтай байгаа учраас бүх зардлыг өөрсдөө даахаар болсон. Миний замын зардал болон үйл ажиллагааны зардалд зориулж, БШУЯ, манай сургуулийн зүгээс 60 сая төгрөг гаргаж байгаа.
-АНУ-ын баазад ажиллах юм байна. Энэ бааз Амундсен-Скотын цэгээс хэдэн км зайд байдаг вэ?
-Би Амундсен-Скотын цэгт хүрэхийн тулд АНУ-ын багт орох хүсэлтээ гаргаад дөрвөн жил хүлээсэн. Миний ойлгож байгаагаар Антарктид дахь АНУ-ын бааз Амундсен-Скотын цэгээс 10 гаруй км зайд байрладаг. Тэнд 30 гаруй хун ажиллаж байгаа. Манай баг нэг болгар, нэг монгол, 10 америк гэсэн бүрэлдэхүүнтэй очно.
-Таны хувьд ямар чиглэлээр судалгаа хийдэг вэ?
-Ливингстоны арал дээр дэлхийн цаг уурын глобал өөрчлөлтийн томоохон төсөл дээр ажиллаж байсан. Цэвдгийн хэмээс гадна геологийн бусад судалгаа хийсэн.
-Дэлхийн дулаарлыг Өмнөд туйл орчмын озоны давхарга нимгэрсэнтэй холбож тайлбарладаг. Амундсен-Скотын цэг дээр очоод энэ талын судалгаа хийх боломжтой юу?
-Амундсен-Скотын цэгээс л тодорхой мэдээллүүдийг цуглуулж авна. Өөрөөр хэлбэл, нэг хүн 20 кг ачааны нормтой явж байгаа учраас судалгаа хийх боломжгүй. Судалгааг АНУ-ын бааз дээр л хийх юм. Дэлхийн бөмбөрцгийн уртрагуудын бүс огтлолцох Амундсен-Скотын цэг дээр очоод миний хийх хамгийн гол ажил нь Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулах, төрийн дууллаа эгшиглүүлэх, дээрээс нь Монголын анхны хууль Их засаг хуулийг монгол бичгээр сийрүүлж бичсэн хувилбарыг байршуулах явдал.
-Одоогийн байдлаар Антарктид тивд баазтай улс хэд байдаг вэ?
-Нийтдээ улирлын болон байнгын үйл ажиллагаатай 34 орны бааз байдаг. Хамгийн олон баазтай нь АНУ, ОХУ, Чили, Аргентин. Сүүлийн үед БНСУ, БНХАУ маш их ач холбогдол өгч, ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн жил 430 хятад иргэн Ливингстоны арал дээр очоод хоёр давхар байшин барьж, бүхэл бүтэн хотхон босгосон. 2010-2011 оны судалгааны жилд БНСУ нэг тэрбум ам.доллар зарцуулж, хоёр бааз байгуулсан байдаг.
Таван жилийн өмнө тус тив эл хуль байсан бол одоо энд тэндгүй хотхон байгуулагдаж, зуны улиралд нь очиж амьдарч байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Аян замдаа сайн яваад, олз омог дүүрэн ирээрэй.
-Баярлалаа.