Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Х.Баасанжаргал гишүүнээр ажлын хэсгийг ахлуулж буйг дэмжиж байна. Хүний эрхийн чиглэлд Д.Цогтбаатар гишүүнтэй дүйх манлайлагч гишүүн гэж боддог. Дагасан хуулиудаа сайн анхаарч үзмээр санагдсан. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх гэмт хэрэг, зөрлийг 2006 онд хуульчилсан. 2016-2020 оны үед Н.Оюундарь гишүүнээр ахлуулсан эмэгтэй гишүүд хүчирхийллийн асуудалд төр хатуу хандах ёстой гэсэн бодлого явуулж байлаа. Тэр утгаараа гэр бүлийн зөрчил дээр баривчлах шийтгэлийг оруулж ирсэн. Олон хүн эр эмийн хооронд илжиг орж хүнийг баривчилж, шийтгэснээс болж айл гэр салж байна гэж ярьдаг. Гэвч үүнийг нотолсон судалгаа олж хараагүй. Засгийн Газрын хувьд сэтгэл санаа болон эд хөрөнгийн асуудалд баривчлах шийтгэлгүй болгоё гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэр бүл салаад байна гэж үзсэн юм шиг байна. Энэ нь хүний эрхийн асуудал мөн эсэхийг тооцоо судалгаан дээр үндэслэж тогтоогоосой. Учир нь өнгөрсөн 8 жилийн турш бид энэ асуудлыг ярихад миний хувьд хатуу байрь сууриа хадгалсаар ирсэн. Хүчирхийлэлтэй бол эвлэршгүй байх ёстой. Сэтгэл санаагаар хүнийг амьдын тамд унагадаг maniac-ууд хаа сайгүй бий. Эд хөрөнгийн хувьд хараат байдалд оруулж байна гэдэг эд эрхтэнд халдаж зодохоос илүү хүчирхийлэл юм. Тиймээс сэтгэл санааны болон эд хөрөнгийн хүчирхийллийг бие махбодьийн хүчирхийлэлтэй адилтгаж авч үздэг. Сэтгэл санаагаар нь хүчирхийлээд байхад торгоно гэдэг буруу шийтгэл. Тиймээс баривчлах шийтгэлээр нь байлгах ёстой гэж үзэж байна. Энэ асуудлаар өмнөх парламент оролдох гэх үед таслан зогсоосон. Өнөөдрийнх 3 дахь тохиолдол болж байна. Тооцоо судалгаа авч үзэх ёстой. Гэр бүлийн асуудлыг хуульчилсны дараа санаатай хүний амь насанд халдсан гэмт хэргийн тоо анх удаа буурсан. Энэ бол эерэг үр дүн.