Д.Рэгдэл: Шинжлэх ухааны системийн түлш болох төсвийн 45%-ийг хассан байна. Үүнийг огт хасаж болохгүй
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2025/07/01ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ./-ийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Рэгдэл асуулт асууж, байр суурь илэрхийллээ.
Юнескогийн экспертүүд монголд ирээд танай шинжлэх ухааны салбарын хамгийн эмзэг хэсэг бол санхүүжилтийн ганцхан эх үүсвэртэй юм гэж зөвлөгөө өгсөн. Тэр ганц эх үүсвэр бол шинжлэх ухаан технологийн сан. 2025 он гараад үндсэн үйл ажиллагаа болох эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үндсэн чиглэлийн санхүүжилтэд нэг ч төгрөгийн санхүүжилт хийсэнгүй. Хагас жил өнгөрлөө.Тэр сан одоо байдаг уу? Тодорхой хариулт өгөөрэй. Миний бодлоор шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлогыг эдийн засгийн хөгжлийн яаманд өгсөн нь зөв гэж боддог. Тэгтэл эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд санхүүжилт авалгүй хагас жил өнгөрлөө.
Хоёрдугаарт
Үндэсний шинжлэх ухаан технологийн сан дээр байгаа зардал сүүлийн 10 жилийн дунджаар 10 тэрбум төгрөг. 2025 онд 12,1 тэрбум төгрөгөөр баталсан. Тэгтэл энэ зардлаар эрдэм шинжилгээний ажилтнууд эрдэм шинжилгээ ажилд хэрэгтэй багаж хэрэгслээ авдаг. Тэгтэл төсвийн тодотгол дээр 45 хувийг нь хэмнээд хасчихсан.Ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжээгүй, гэрээгээ хийгээгүй байна гэдгээс өөр юм. Системийг ажиллуулдаг бензин нь. Тиймээс үүнийг огт хасаж болохгүй. Үүнийг залруулах ямар боломж байна вэ?
Гуравдугаарт
төрийн албаныхан 9 хувь цомхотгоно гэж байгаа. Монгол Улсын эрдэм шинжилгээний ажилтнуудыг юнескогоос хэлэхдээ та нар Азийн дундаж түвшинд очиж байж эрдэм шинжилгээний тоо хангагдана гэсэн. Манайх нэг хүнд ноогдох эрдэм шинжилгээний ажилтны тоогоороо Азийн дунджаас 3 дахин доогуур. Европын өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 20 дахин доогуур. Энэ салбарт орон тоог сүүлийн 20 жилд ганц л нэмсэн. Одоо дахиад 9 хувиар хасна гэхээр 1400 хүн хасагдана.Аль болох орон тоогоо нэмэлгүй байсан чинь эрдэм шинжилгээний ажилтны хэдэн хүн хасах гээд байдаг чинь ямар учиртай юм бэ?
Үндэсний шинжлэх ухаан технологийн сан хагас жил эрдэм шинжилгээний нэг ч байгууллага нэг ч төгрөгийн санхүүжилт хийгээгүй байхад танай яам яагаад арга хэмжээ авдаггүй юм. Та нарт энэ байгууллагуудаас энэ жил ямар үр дүн шаардах эрх байна вэ?
Түүний асуултад, Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухааны нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар хариуллаа.