2025.06.23

Б.Жаргалан: ЗГ-ын ордонтой холбоотой асуудал бол ямар түвшинд явагдаж байна вэ?

УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

2024 оны макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харвал эдийн засгийн өсөлт 4,9%-тай гарсан хэдий ч анхаарал татаж байгаа хамгийн том зүйл бол ХАА-н салбар 28,7%-аар агшсан байна. Шинэ ЗГ-ын хувьд ХАА-н салбарыг хэрхэн яаж дэмжих вэ гэдэг дээр тодорхой саналуудыг нь сонсмоор байна. Өнгөрсөн 2024 оны төсөв дээр тавигдсан ХАА-н салбартай холбоотой хөтөлбөрүүдийн хэрэгжилт эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллүүд ямар байгааг Ж.Энхбаяр сайдаас асууя. Мөн татвар төлөгчид олгох татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал хөндөгдөж байгаа. 2024 оны улсын нэгдсэн төсвийн хувьд 1,4 их наядын татварын хөнгөлөлт чөлөөлөлт олгосон байна. Үүнээс бол ААНОАТ-ын тухайд 946 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн 9530 ААН-д олгосон гэжээ. Энэ яг ямар зүйл заалтын дагуу, ямар ААН-үүдэд хөнгөлөлт чөлөөлөлт олгосон талаар Жавхлан сайдаас асууя. Намрын чуулганаар батлагдсан нийгмийн хариуцлагын хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлт олгосон зүйлүүд байгаа юу? Тэдгээрээс хамгийн өндөр дүнтэй хөнгөлөлт, чөлөөлөлт нь нэр бүхий ямар ААН-үүд дээр олгосон байгаа вэ гэдгийг тодорхой хэлж өгнө үү. 2024 оны улсын төсвийг 8 сард тодотгосон. Улсын төсвийн тодотголоор ЗГ-ын ордон барьж байгуулах 700 тэрбум төгрөг төсөвт суулгасан байгаа. Энэ ЗГ-ын ордонтой холбоотой асуудал бол ямар түвшинд яаж явагдаж байгаа вэ гэдгийг Н.Учрал сайдаас асуумаар байна. Төгсгөлд нь хэлэхэд өнгөрсөн хугацаанд намрын ээлжит бус чуулганаар хэлсэн төсвийн тодотголын хүрээнд бол бид нар энэ 2024 онд уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнийн дүнг маш өндрөөр тавьсан байна. Үүн дээр бол гүйцэтгэл гарахгүй байх даа гэж хэлж байсан бол ёсоор боллоо. Одоо энэ засгийн газар шинээр төсвийн тодотгол оруулж ирэх юм уул уурхайн бүтээгдэхүүнийхээ тооцоог давхар хянаад ороод ирээрэй гэж хэлье.

Түүний асуултад, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал нар хариуллаа.