
Байгаль цаг уурын өөрчлөлтөд эмэгтэйчүүд өртөж байна
Австралийн долоо хоног “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлгээр өчигдөр эхэллээ.
Австрали, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн сурталчлан таниулах зорилгоор Австралийн долоо хоногийг энэ жил “Тогтвортой байдал, ногоон хөгжил” сэдвийн дор зохион байгуулж буйгаараа онцлогтой. Энэ хүрээнд олон салбар чиглэлийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Австрали улсын соёл урлагийн тоглолт болон бизнес худалдаа болох юм. Мөн Австрали Улс боловсролын салбарт маш их хөрөнгө оруулалт хийдэг учраас боловсролын чиглэлээр олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.
Энэхүү “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлэгт оролцох үеэр БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа ярихдаа, “2024 онд Австрали Улсын Засгийн газар эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, Монгол эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор 2.5 сая австрали долларын санхүүжилт бүхий төслийг батлан хэрэгжүүлж байсан. Уур амьсгалын өөрчлөлт зуд, үерээс болж байгалийн гамшигт эмэгтэйчүүд, хүүхэд өртөж байна. Энэ салбарт эмэгтэйчүүдийг онцгойлон авч үзнэ. Сүүлийн үед жендэрийн тэгш байдлыг хангах асуудалд ахиц гарч байгаа нь улс төр, эдийн засаг, нийгмийн талаар хийсэн ажлын үр дүн юм. Монгол Улс байгаль орчин, газрын менежментийн бодлогод жендэрийн тэгш байдлыг тусгаж, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог хангах нь чухал гэж үзсэн. Өнгөрсөн наймдугаар сард болсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн Форумын үеэр “Байгаль орчны эмэгтэй манлайлагчдын бүлэг”-ийг байгуулах санаачилга гарган, эмэгтэйчүүдийн манлайллыг бодит ажил болгохыг зорьж байна. Мөн ирэх жил Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар хурлыг зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулах тал дээр олон улсын туршлага солилцох зорилгоор энэ оны таван сарын 22-23-нд “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа” гэв.
Тэгвэл Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин ярихдаа, “Энэхүү хэлэлцүүлэг нь байгаль орчин цаг уурын өөрчлөлттэй уялдуулан эмэгтэй хүний үүрэг оролцоо, хэрхэн дасан зохицох, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойг нь хүргэх зорилготой” гэв.
Австрали Улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь магистрын болон богино хугацааны, эмэгтэйчүүдийн манлайлал, төгсөгчид чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг аж.