2025.06.17
Н.Батсүмбэрэл: Мэргэжлийн хяналтын газар байх нь зөв үү, буруу юу?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2025/06/17ны өдрийн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/-ийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж,үг хэлэв.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
Мэргэжлийн хяналтын газар нь стандартыг мөрдүүлж, хяналт тавих ажлыг хийж байсан. Ер нь энэ байгууллага байхгүй байх нь зөв үү? Байгуулах нь зөв гэж үзэж байна уу? Стандартыг нь боловсруулчхаад хэрэгжилтийг нь хэн хангах гээд байгаа юм бэ? Яамнууд бодлого боловсруулна тэрийгээ өөрсдөө хянан гэж ярина. Зарим нь аж ахуй эрхлээд хувийн хэвшилтэй булаацалдаад явна. Мэргэжлийн хяналттай холбоотой стандартыг хэлэлцсэн үү, ямар ажлын хэсэг гаргасан бэ? Салбарын яамнууд бодлогоо гаргачхаад өөрсдөө хянадаг нь оновчтой байж чадаж байгаа юу? Хүнсний асуудал, эм эмийн бүтээгдэхүүний асуудал, барилга, эрчим хүчний асуудал. Сая гарсан ТЭЦ-3 стандарт хаана байсан юм. Хэн хяналт тавьсан юм. Хариуцлагыг нь хэн үүрэх юм бэ? Эрчим хүчний сайд үүрэх үү, үндэсний хороо нь үүрэх үү. Эсхүл Эрдэнэс Монгол компани үүрэх үү, эрчим хүчний реформ хийж байгаа гишүүд үүрэх үү? Энэ стандартыг дагаад төрийн оролцоо хэтэрхий нэмэгдчихвий дээ.
Түүний асуултад, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, М.Мандхай нар хариуллаа.