http 77

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.11
Эдийн засаг, Худалдаа

Ц.Сэргэлэн: Хилийн заставын парк шинэчлэл нэн тулгамдсан асуудал болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон хамта өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

"УИХ-аар батлагдсан 2 бодлогын баримт бичгийн талаар би ярих гэж байна. УИХ-аас 7 дугаар сард батлагдсан Монгол Улсын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөнд багтсан, Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хилийн заставуудын автомашинуудыг шийдэх асуудал ирэх оны төсөвт орсонгүй. Х.Нямбаатар сайдад хандаж хэлье.

Хилийн застав гэдэг бол хилийн шугам дээр хоног тутам үйл ажиллагаа явуулж, улсын хилийн зөрчлийг хянан шалгах, таслан зогсоох үүрэгтэй. Хөрш орнуудтай хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн асуудлыг шийдвэрлэх, хилийн төлөөлөгч, орлогч нарын уулзалтын асуудал яг энэ хэсэгт л явагддаг. Одоо хилийн заставуудын автомашины асуудал маш хүнд нөхцөлд байгаа. Энэ асуудлыг шийдэх олон арга зам байна уу гэж би хардаг. Санхүүгийн түрээс, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй зээл гэх мэт. Энэ олон арга хэлбэрээс анхаарч хилийн заставын парк шинэчлэл хийгээч ээ гэж би хүсэж байгаа юм.

2019 онд 30%-ийг шийдээд туулах чадвартай машинаар хангасан. Үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Үлдсэн хувь нь маш хүнд ой тайга, говь цөлийн, уулын бүсэд үүрэг гүйцэтгэж байна. Улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах, эрлийн ажиллагаанд автомашингүйгээр үүрэг гүйцэтгэж болдоггүй юм. Явган болон ердийн уналгатайгаар шийдвэрлэх боломжгүй. Одоо байгаа машинуудын норм, гүйлт дуусан. Зарим нь огт машин ч байхгүй. Тиймээс ХЗДХ-ийн сайдын хувьд Засгийн газрын түвшинд энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэж байна.

Олон жил Хил хамгаалах байгууллага Сангийн яаманд хандаж энэ асуудлаа хэлж байсан тул анхаарал хандуулж өгөхийг хүсэж байна."

ШИНЭ МЭДЭЭ