http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.03
Зам, Тээвэр

Б.Баттөмөр: Даатгалын зах зээл тогтвортой хөгжих ёстой

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн \2021.11.03\ хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

 Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль хэрэгжээд нэлээн хэдэн жил боллоо. Хууль хэрэгжсэн хугацаанд тодорхой үр дүнд хүрсэн  ч, үр дүнд хүрээгүй асуудал их байна. Осол, зөрчлийн тоо буураагүй. Хариуцлагын даатгалыг хэрэгжүүлэхдээ ашгийн төлөө байгууллага, компаниудад зөвшөөрөл өгсөн. Нийтийн эрх ашгийг хамгаалах, нэгдсэн ажил зохион байгуулах боломжгүй болсон.

Жолооч нар хохирлоо бүрэн гүйцэд үнэлүүлж авч чаддаггүй, хүнд сурталтай, чирэгдэл үүсгэдэг гэх мэт. Дуудсан үед нь цаг хугацаа хожигдож очдог, тэр хэмжээгээр замын хөдөлгөөнд саад учруулдаг. Замын цагдаа нар ирж торгодог. Хохирлоо бүрэн гүйцэд авдаггүй асуудлууд бий.

Даатгалын зах зээл Монгол Улсын эдийн засагт чухал үүрэгтэй. Бусад улсад яадаг вэ гэхээр 60 хувь нь банкинд суурилсан, 30 хувь нь хөрөнгийн зах зээл, 10 хувь нь даатгал гэж явдаг. Тэгэхээр даатгалын зах зээл монгол улс цааш хөгжихөд үнэхээр чухал ач холбогдолтой.

Т.Аюурсайхан гишүүний санаачилсан хуулийг буруу гэх арга байхгүй. Даатгалын компаниудын эсэргүүцэж байгаа ч буруутгах арга байхгүй. Яагаад гэхээр ашгийн бус байгууллага хийх юмыг ашгийн байгууллагад өгсөн нь төрийн алдаатай бодлого. Төрийн зохицуулалтуудыг тухайн үедээ хийгээгүй. Автомашинуудын тоо, даатгалтай холбоотой асуудлуудыг шийдэлгүй хаячихсан.

Тиймээс дундын хувилбарыг би санал болгоно. Орж ирсэн төслийг цааш нь хэлэлцэж, хувийн компаниудын тавьж байгаа шаардлагыг авч үзээд, тодорхой өрсөлдөөнтэй, компанийг байгуулна, хувийн компаниуд даатгал хийдэг зайг нь үлдээж өрсөлдөөн үүсэх хэлбэрээр дундаж хувилбарыг олохыг Ажлын хэсэг байгуулагдах үедээ авч үзэх нь зүйтэй болов уу гэж хэлж байна.

Жолоочийн хариуцлагын даатгал бүх улсад байдаг. Дэлхийн 165 оронд байна. хувийнхаар ч хэрэгжүүлж  байна, ТББ гэсэн улсад хамааралгүй байгууллагууд ч, улсын компаниуд ч хийдэг туршлага байна. Зарим компаниуд нь ХК болж өргөжсөн юм байна. 14 компани маань 33 тэрбум цугларуулж, 14-ийг нь өгч, 14 нь тухайн компанидаа үлдэж байна. Ашиггүй ажилладаг гэж хэлж болохгүй. Тиймээс дундын хувилбарыг олж ажлын хэсэг дээр асуудлаа ярилцаж, хувийн компаниудын төлөөлөл орж тал талаасаа шийдээд явах боломж байна гэдэг санал байна.

ШИНЭ МЭДЭЭ