http 77

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.02
Гадаад харилцаа

Ц.Сэргэлэн: Хилийн болон гаалийн байгууллагуудын чиг үүргийг Хилийн тухай хуульд хэрхэн тусгасан бэ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Юуны өмнө Байнгын хорооныхоо гишүүдэд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн талаар танилцуулья. Энэ ажлын хэсэг хэлэлцэж буй асуудалтай холбоотой юм. “МУ-ын Хилийн боомтын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай” гээд, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, гишүүд нь Т.Аубакир, С.Бямбацогт, Н.Ганибал, Ж.Сүхбаатар, Ц.Сэргэлэн, Т.Энхтүвшин гэсэн гишүүдийг томилж, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн зөвлөхүүдийн албаны дарга н.Батбямба.

Ийм ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Төсвийн хуулийг дагалдан орж ирсэн Хилийн тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирсэнтэй холбогдуулан Ажлын хэсэг санал дүгнэлтийг танилцуулья гэж шийдсэн.

Хуулийн төсөл одоо 12 дугаар сарын 31-нээр үйлчлэлийн хугацаа нь дуусахаар байгаа. Бидний баталсан Ковидын хуулиар зохицуулагдаж яваа энэ харилцаа дуусгавар болохтой холбогдуулаад энэ бүтцээ цааш нь ердийн үед хэвийн байдлаар хадгалж явах зорилтын үүднээс энэ асуудал орж ирж байна гэдгийг бид Ажлын хэсгийн хурал дээр ярилцсан. Б.Жавхлан сайд ч гэсэн өмнөх байнгын хороон ы хурал дээр яг ийм хариулт өгсөн.

Нэгдүгээрт, 29.2-д заасан асуудлууд бол цар тахлын үед буюу онцгой нөхцөл байдалд үүссэн үед энэ асуудлыг хариуцаж байгаа болохоос биш ердийн үед ийм дэлгэрэнгүй байдлаар, тэр дундаа хилийн боомт дээр ажиллаж байдаг хуулиар хүлээсэн чиг үүрэг бүхий хил хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, ажлыг нь хийлгэхгүй байх, тэднээс илүү эрх мэдэл эдлэх байдал үүсэхээр томьёологдсон байна. Үүнийг ажлын хэсэг маань юу гэж үзэж байна вэ?

Хэрэв ердийн үед ийм байдлаар явах юм бол хилийн боомт дээр ямар нөхцөл байдал үүснэ гэж та бүхэн ойлгож байна вэ? Гаалийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг мэдэх үү?

Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх алба гэдгийг та бүхэн хэр сайн мэдэх вэ гэдгийг асуумаар байна.

Цар тахлын үед хилийн боомтоор экспорт, импорт, зорчигч тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх харилцаа, хөрш оронтойгоо зөвхөн хилийн боомтоор бус бүх түвшинд олигтой яриад явж өгөхгүй байгаатай холбогдуулан авсан арга хэмжээ шүү дээ. Байдал хэвийн болж цар тахал дуусахад та нөхдүүд юу хийх вэ гэж би асуух гэсэн юм? Хэрвээ яг энэ зохицуулалтаар явна гэвэл хил хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг та бүхэн ойлгоорой.

Тиймээс зориуд асууж байгаа юм. Гаалийн байгууллага, Хилийн шалган нэвтрүүлэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг юу вэ?

Түүний асуултад Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнцэцэг хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Ердийн үед онцгой эрх эдлэхгүй.  Онцгой нөхцөл байдал үүссэн үед л онцгой эрх эдлэе гэсэн агуулгыг оруулж ирсэн. Чиг үүргээ хэрэгжүүлэхдээ 29.9-д заасан үедээ л онцгой эрхээ эдлэнэ гэсэн санааг агуулж байгаа юм.

Яагаад гэвэл 29.9-д “Боомтын хяналт, аюулгүй байдлын чиглэлээр...”; “Удирдлага” гэсэн зохицуулалтуудыг эдлэнэ гэсэн байсан, үүнийг эдлэхгүй. Түрүүн Н.Алтанхуяг гишүүний хэлсэн чиглэлүүдийг хэлж байгаа юм. Зохицуулалтаар хангана гэсэн үг.

Ц.Сэргэлэн: Тайлбар хэлье. Засгийн газраас орж ирсэн хуулийн төслөөрөө бол ковидын үед гацсан бараа таваарын импортыг авчрах ажлыг хийж байгаа. Гэхдээ энэ нь явцуу байна гэсэн үүднээс ердийн үед хилийн боомтоор бараа таваарын экспорт, импортоос гадна хилийн боомтын үйл ажиллагаа явуулах бүх нөхцлийг нь Боомтын захиргаанд хариуцуулья гэсэн үг. Ердийн үед онцгой эрх эдлэхгүй.

Хоёрдугаарт, Хил хяналтын байгууллагуудын хуулиар хүлээсэн  чиг үүргүүдийг хэрэгжүүлэхэд садаа болохгүй. Хөндлөнгөөс оролцохгүй. Энэ байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргүүдээ хэрэгжүүлээд явна. Хэрэв цар тахал, хүн, малын гоц халдварт өвчин, байгалийн гамшиг гэх мэт онцгой нөхцөл байдал үүсвэл харин онцгой эрхээ эдлэж болно гэдэг хуулийн зохицуулалтыг хийснээр агуулга нь тайлбарлагдаж байгаа юм шүү.

Тиймээс 29.10; 29.11; 29.12-т байгаа “онцгой бүрэн эрхэт” гэсэн үгнүүдийг хасчихаар боомтын захиргаа гэдэг үг уншигдана. Эрх нь онцгой нөхцөл байдал үүссэн үед эдлэгдэнэ. Ердийн үед хилийн боомтын обьектүүд, олон байгууллагуудын бланс дээр явдаг (хил хамгаалах, гааль, онцгой байдал, мэргэжлийн хяналтын бланс дээр байдаг ) учраас хилийн боомтууд дээр байгаа бүх төрийн өмчүүдийг боомтын захиргааны бланст бүртгэж аваад өмчийн харилцааг нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлээд явья.

Хил хяналтын байгууллагууд үүрэг гүйцэтгэхдээ гэрээ байгуулж цахилгаан эрчим хүч, усныхаа мөнгийг төлөөд явах жишээтэй. Ийм байдлаар хууль найруулагдсан гэдгийг тайлбарлаж байна. Түүнээс биш  ердийн үед хил, хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд оролцоод байх шаардлага байхгүй. Тийм учраас эндээс “удирдлага”, “аюулгүй байдлыг нь хариуцна” гэсэн үг хасагдаж байгаа юм. Боомтын захиргаа боомтын аюулгүй байдлыг хангадаг байгууллага биш. Тийм учраас үүнийг хасч байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ