http 230
УБЕГ “Digital Nation-2021” арга хэмжээнд оролцож байна
2021.09.17
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

УБЕГ “Digital Nation-2021” арга хэмжээнд оролцож байна

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT EXPO” үзэсгэлэн 2021 оны 09 дүгээр сарын 17, 18, 19-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд энэ жил цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжин, зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой болж байна.

Засгийн газраас гаргасан “Цахим үндэстэн” санаачилга, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүссэний 100 жилийн ой зэрэг чухал үйл явдлуудын хүрээнд болж буй уг арга хэмжээнд цахим шилжилт, технологийн дэвшлээр салбараа манлайлж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцож 3 өдрийн турш иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллана.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд Улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia.mn нэгдсэн системээр дамжуулан улсын бүртгэлийн 24 төрлийн лавлагаа, иргэний бүртгэлийн 3 үйлчилгээг иргэдэд хүргэж байсан бол энэ онд улсын бүртгэлийн 30 багц үйлчилгээг цахимжуулж шат дараалан иргэдэд хүргэж эхлээд байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчид энэ өдрүүдэд цахимаар авч болох улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд танилцуулж, дээрх үйлчилгээг хэрхэн авах заавар зөвлөгөө, мэдээллийг дэлгэрэнгүй өгөх юм.

Ташрамд дурдахад, энэхүү арга хэмжээний үеэр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулах бөгөөд “e-Mongolia”  нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олон нийтэд анх танилцуулагдаж байсан ба өдгөө 1,9 сая хэрэглэгчтэй, 56 байгууллагын 540 үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байна. Тус систем нь шинэчлэгдсэнээр иргэд бичиг баримтаа биедээ авч явах шаардлагагүй болох бөгөөд гар утасны аппликейшнээсээ бичиг баримтаа үзүүлэх боломжтой болж буйгаараа бас онцлогтой юм. Мөн маргааш буюу 18-ны өдөр Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын хөгжлийн өнөө ба ирээдүй, хүндрэл бэрхшээл, боломжийн  талаар холбогдох салбарын хүмүүс илтгэж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

ШИНЭ МЭДЭЭ