http 230
Төрийн үйлчилгээний суурь нь иргэний анхдагч мэдээлэл болдог
2021.11.15
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Төрийн үйлчилгээний суурь нь иргэний анхдагч мэдээлэл болдог

Дэлхий нийтийг хамарсан цар тахал хүн төрөлхтөнд технологийг илүү өргөн хүрээнд, бүрэн ашиглах хэрэгтэйг мэдрүүлж аливаа үйлчилгээг цахимд шилжүүлэн цаг хугацаа хэмнэх, чирэгдэл, хүнд суртлыг арилган, эдийн засгийн үр ашгийг нь хүртдэг шинэ түвшинд гарсан.

Монгол Улс ч цар тахлын хөл хорионы хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээгээ цахимжуулан, өдгөө иргэддээ амжилттай хүргэж байна. 

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого батласан. Уг хөгжлийн бодлогод “Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлэх”-ээр тусгасан. Үүний хүрээнд тус бүртээ бие даасан систем ашиглан цахим үйлчилгээ үзүүлдэг байсан төрийн байгууллагуудын үйлчилгээнүүдийг нэгдсэн системд оруулан цэгцлэх, хууль эрхзүйн байдлыг нь хангах багц хуулийн төсөл боловсруулагдан, зохих арга хэмжээнүүд шат дараалалтайгаар явагдаж байгаагийн тод жишээ нь иргэдийн өдөр тутамдаа хэрэглэж буй E-Mongolia цахим систем билээ. 

Технологийн төслийг нэвтрүүлнэ гэдэг бол цогц асуудал байдаг. Өдөр тутмынхаа үйл ажиллагааг явуулж буй төрийн албан хаагч, төрөөс үйлчилгээ авч буй иргэн хоёрын дунд тогтсон уламжлалт харилцааг өөрчлөн, цахим хэлбэрээр баримт бичгийг нь бүртгэж, иргэдээс гарах хүндрэл, чирэгдэл, зардлыг бууруулах нь төрийн үйлчилгээ цахимжих үйл явцын гол зорилго.

Уг зорилгод хүрэхэд цаг хугацаа шаардагдахын зэрэгцээ замын дунд гарсан алдаа дутагдлыг засч сайжруулах, мэдээллийн сан бүрдүүлэхээс эхлээд төрийн байгууллагууд хоорондын мэдээлэл солилцох, шинэчлэх хурдыг сайжруулах, хууль эрхзүйн талаас гарах эрсдлийг урьдчилан харж, эрхзүйн орчинг нь бүрдүүлэх, сурталчлан таниулах зэрэг олон үе шат дараатай ажлууд хийгдэх болно. 

Төрийн үйлчилгээний цахимжилтын гол үндэс нь иргэн, хуулийн этгээдийн анхдагч мэдээлэл болдог. Тиймээс ч уг суурь нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын мэдээлэлийн санд анхдагч нотлох баримтаар бүртгэгдсэн мэдээллүүд юм. Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын хувьд төрийн бусад байгууллагуудаа мэдээлэл, үйлчилгээгээ цахимжуулах талаараа түүчээлж ирснээрээ онцлог. 

Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт бүртгэгдэж буй анхдагч мэдээлэл бүхэн бүртгэлийн тухай журамд заагдсаны дагуу бүртгэгчээр дамжин үнэн бодит нь шалгагдаж, холбогдох бусад бичиг баримт, мэдээлэлтэй тулгагдаж анхдагч баримт болон хадгалагдан, архивлагддаг. Монгол Улсын нутаг дэвсгэр, Монгол Улсын иргэний тухай хамгийн үнэн, бодит мэдээлэл гэдэг утгаараа УБЕГ-ийн мэдээллийн сангийн баримт бичгүүд нэн үнэ цэнтэй, мэдээллийн чадавх сайтай гэдгээрээ онцлог юм. Мэдээллийн чадавхтай байна гэдэг нь мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээлэл цэгцтэй, ашиглахад хялбар байхыг хэлдэг. 

Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын үйл ажиллагааны хүрээнд хийгддэг Иргэний, Эд хөрөнгийн, Хуулийн этгээдийн бүртгэл гэсэн гурван үндсэн бүртгэлийн цахим үйлчилгээнийхээ хувьд туршигдан, өнгөрсөн жилүүдэд амжилттай явагдсан үйлчилгээнүүд E-Mongolia цахим системд орж бүрэн дүүрэн үйлчилгээ болон хүрч байна. 

Гэхдээ анхаарууштай буюу цахим хэлбэрээр үзүүлэх боломжгүй үйлчилгээнүүд гэж бий. Баримтуудыг нь шалгаж, нягтлах шаардлагатайн зэрэгцээ дараа нь эрхзүйн хүрээнд маргаан дагуулах эрсдэлтэйд тооцогддог үйлчилгээг цахим болгох боломжгүй буюу зохимжгүй байдаг. 

Хууль эрхзүйн хувьд нарийвчлалтай явагдаж хийгддэг бүртгэлүүдийг цахимд шилжүүлснээр талуудын харилцаанд эргээд гарах эрсдэл, үр дагавараас сэргийлэн уламжлалт буюу бүртгэгчээр дамжуулан авахаас аргагүй юм. Хэдий тийм ч Засгийн газар, төрийн бусад байгууллагуудтайгаа нэг зорилт тавин ажиллаж байгаа учраас тулгарч буй бэрхшээлүүдээ хамтран шийдэж, хууль журмын эсрэгцэл, маргаантай асуудлуудын гарц гаргалгааг мэргэжлийн түвшинд шийдэх боломж дүүрэн бий. 

Улсын Бүртгэлийн мэдээллийн сан буюу хувь хүн, хуулийн этгээдийн анхдагч, үнэн бодит мэдээллүүд дундаас иргэн та өөрт холбоотой мэдээллээ өөрт хэрэгтэй байдлаар ашиглах, бусад шаардлагатай үйлчилгээг авахдаа сайн дурын үндсэн дээр зөвшөөрсний дүнд ашиглуулах явдал бүрэн нээлттэй гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.

Иргэн та хурууны хээгээ уншуулан Улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа мэдээллээ тухайн байгууллагад ашиглуулахыг зөвшөөрөхөөс бусдаар Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын мэдээллийн санд байршсан таны, танай байгууллага, компанийн мэдээлэл нууцлалын өндөр түвшинд, аюулгүйгээр хадгалагддаг. 

ШИНЭ МЭДЭЭ