http 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НББХ: Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудын урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлсэн
2021.07.01
Эдийн засаг, Худалдаа

НББХ: Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудын урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлсэн

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.01) 10 цаг 20 минутад эхэлж, дараах асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийж, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Сандаг-Очир, Д.Батлут нар цалин, урамшууллын талаар асуулт асууж, тайлбар авав.

Гишүүдийн зүгээс улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин 50 хувиар нэмэгдсэн эсэх, нэг удаагийн хоёр сая төгрөг хүртэлх урамшуулалд ЗӨСҮТ-ийн ажилтнууд хамрагдах эсэх талаар тодруулахад, төсвийн тодотгол эрүүл мэндийн салбарт голлон чиглэгдсэн, улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудын үндсэн цалин бус өмнө нь хэрэгжиж байсан урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлсэн, харин  хоёр сая төгрөг хүртэлх урамшуулалд ЗӨСҮТ-ийн ажилтнууд хамрагдана гэсэн тайлбарыг ажлын хэсгээс хийв.

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ