http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ
2021.07.01
Эдийн засаг, Худалдаа

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 9 цаг 07 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан юм. 

Монгол Улсын Засгийн газар коронавируст халдвар, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх зорилго бүхий 21.0 сая ам.долларын “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг байгуулахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай тохиролцоод байгааг сайд танилцуулав. 

Төслийн эх үүсвэрийн 50 хүртэл хувиар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. Түүнчлэн төслийн хамтарсан санхүүжилт болгож Азийн хөгжлийн банкнаас 19.0 сая ам.долларыг олгохоор зээлийн хэлэлцээрийг байгуулснаас гадна АХБ-ны дэргэдэх Ядуурлыг бууруулах Японы сангийн 5.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг явуулахад шаардлагатай хувийн хамгаалах болон бусад хэрэгслүүдийг худалдан авах, вакцинжуулалтын үеийн болон дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, хяналт тавих чадавх бэхжүүлэх, болон PCR шинжилгээний 10 лабораторид шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмж худалдан авч, суурилуулах ажлуудыг хийхээр тохироод байгаа аж.

АДБХОБ-ны зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн 6 сарын хүү  дээр хувьсах тархалтын хувь (0.63%) -ийг нэмсэнтэй тэнцүү байхаар тохирчээ. Зээлийн эх үүсвэрийг ирэх сард багтааж батлуулахаар ажиллаж байгааг сайд дурдав. 

Мөн уг зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Н.Наранбаатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь зээлийн хэлэлцээрийг төслийг зөвшилцөж, гэрээнд гарын үсэг эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх санал, дүгнэлт,  хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ