МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрсдэлээ хэрхэн удирдахаас улс орны хөгжлийн ирээдүй шалтгаална
2021.06.28
Эдийн засаг, Худалдаа

Эрсдэлээ хэрхэн удирдахаас улс орны хөгжлийн ирээдүй шалтгаална

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Өдөр тутам шинэ шинэ сорилт, асуудал шил дараалан гарч ирж шийдлээ хүлээх боллоо. Үүнийг даван туулах аль эсвэл зохицож амьдрахын аль нэгийг сонгох шаардлага үүсч байна. Эрсдэлийн удирдлагын талаар судалгаа хийж, ном бичиж олны хүртээл болгосон хүний хувьд та санаа бодлоо хуваалцана уу.

Өнөө үеийн даяаршсан ертөнцийн аюулгүй байдал, хүн төрөлхтөний оршин тогтнох орчин, амьдралын нөхцөлд шинэ шинэ, урьд өмнө үзэгдээгүй эрсдэл заналхийлэх болов.

Улс, үндэстнүүдийн хоорондын харилцаа өргөжиж, даяаршин эдийн засаг, нийгмийн нэгдмэл орчныг бий болгон, мэдээлэл, холбооны хэрэгслээр холбогдон, хил хязгааргүй гэхээр шинэ орчинд дасан зохицох хэрэгцээ гарч байна. Бөөрөнхий гэж тооцогддог дэлхий хавтгай болжээ. Энэ шинэ орчин, амьдралын хэмнэл нь хөгжил, дэвшлийг нээж өгөхөөс гадна шинэ аюул, занал, эрсдэлийг бий болгож байна.

Улс төр, эдийн засгийн өрсөлдөөн эвлэршгүй сөргөлдөөний хэлбэрт шилжих, үймээн самуун дэгдэх, эдийн засгийн хямрал үүсэх эрсдэл бий болж, байгаль, экологийн гамшиг, дэлхий нийтийг хамарсан цар тахал, өвчин нүүрлэх болов.

Энэ тохиолдолд Монгол улсын хувьд хамгийн эрсдэлтэй байж болох зүйлийг тодорхойлж, түүний хариу арга хэмжээг эртнээс нарийн тооцож, тэдгээр эрсдэлийг арилталшат дараалан хэрэгжүүлэх ёстой юм.

Эдийн засгийн хувьд дэлхийн зах зээл дээрх алт, зэс, нүүрсний үнийн огцом уналт, худалдааны хориг, татварын ялгавартай бодлого, бүс нутгийн банк, санхүүгийн өргөн хүрээний хямрал, гадаадын хөрөнгө оруулалт саарах, зогсох, газрын тосны үнийн өсөлт, дотоодын санхүүгийн хямрал, үнийн өсөлт, төсвийн зардал эрс өсөх зэрэг нь томоохон эрсдэлд оруулах хүчин зүйлс юм.

-Монгол улсын хувьд хөгжлийн өнөөгийн шатанд хамгийн эрсдэлтэй гэж болох зүйлс юу вэ?

-Улс орны хэмжээнд тулгарах эрсдэлийг дотор нь ач холбогдол, хамрах цар хүрээгээр нь хэд хэд хувааж болно. Тухайлбал, манай орны байгаль цаг уурын өөрчлөлт жил ирэх тусам хурдацтай явагдаж, гамшигт үзэгдлийн давтамж ойртож, ган гачиг, үер усны аюул нүүрлэх, бэлчээрийн даац хомсдож, цөлжилт хүрээгээ тэлж байгаа нь байгалийн гэхээсээ илүү хүнийалдаатай үйл ажиллагаанаас үүдсэн эрсдэл юм.Энэ нь эргээд эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Хүн амын эрүүл мэндийн хувьд халдвар өвчин дэгдэх, урд өмнө тохиолдож байгаагүй шинэ өвчин үүсэх, шувууны ханиад, тахал, томуу зэрэг гоц халдварт өвчин өргөн хүрээтэй тархах эрсдэлтэй.Харин үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд эрчим хүчний өргөн хүрээтэй урт хугацааны тасалдал учрах, үйлдвэрлэл, техногенийн осол аваар гарах, зам, тээвэр, харилцаа холбооны сүлжээ тасрах, эрчим хүчний хомсдолд орох аюултай.

Нийгэм улс төрийн хүрээнд засаг, төрдөө итгэх олны итгэл сулрах, төрийн дархлаа, залгамж чанар алдагдах, хууль тогтоомжийн хэрэгжилт тааруу байх, төр, засгийн үйл ажиллагаа нааштай үр дүнд хүрэхгүй байх эрсдэл учирч болно.

Түүнчлэн төрийн институцийн хувьд нэг нэгийгээ хянах тогтолцоо сул, эрх мэдлийн хуваарилалт ойлгомжгүй, хариуцлага хүлээх этгээд байхгүй байх, шударга, ил тод сонгууль явуулж чадахгүй байх, авлига өргөжин тэлэх, нийгмийн бухимдал хямрал ужиграх, улс төрийн намуудын төлөвшил тааруу байх, нийгэмд хөрөнгийн ялгаа ихсэх зэрэг эрсдэл учрах магадлалтай.

-Энэ олон эрсдэлийг зөв тодорхойлж, түүнд дүн шинжилгээ хийж, эрсдэлийг үнэлэн, хариу арга хэмжээ авч чадсан эсэхээс цаашдын хөгжилхамаарах нь тодорхой болж байна. Эрсдэлийг удирдахын мөн чанар болон түүний ач холбогдлыг илүү дэлгэрэнгүй ярьж өгнө үү.

Б.Б: Эрсдэл гэдэг нь товчхондоо ирээдүйг тааварлах асуудал юм. Эрсдэл үүсэх магадлалыг зөв тодорхойлж, зөв үнэлж, түүнийг хэрхэн даван туулахаа зөв төсөөлж, эсвэл эрсдэлээ бусадтай хуваалцаж, бусдад үүрүүлэх, эсвэл эрсдэлээс тойрч гарч сурах нь оршин тогтнох, амжилт олохын үндэс юм. Эрсдэл бол харин боломж, эрсдэл тулгарах үед хүний оюун ухаан тэлж, өвөрмөц шинэ аргыг сэдэж, шинээр буюу өмнөхөөсөө илүү хурдтай бөгөөд бүтээлчээр сэтгэж эхэлдэг.

Ийм болохоор эрсдэл гэдэг нь муу юм биш, бидний урагшлах хөгжил, амжилтын түлхүүр мөнөөс мөн. Харин эрсдэлийг удирдахгүй бол эрсдэл биднийг эргээд удирдана гэдэг нь үнэн шүү.

Эрсдэлийг зөв удирдахын тулд гарч ирж байгаа тохиолдлуудыг ургуулан бодож, болзошгүй эрсдэлд хэрхэн хариу арга хэмжээ авахаар төлөвлөх нь зүйтэйИнгэхдээ учирч болох эрсдэлийн хэд хэдэн хувилбарыг гаргаж ирж болох бөгөөд, тухайлбал зах зээл, үнийн хэлбэлзэл, урьдчилан тооцоолоогүй гэнэтийн үйл явдалд тохирсон хариу арга хэмжээний хувилбарыг боловсруулах шаардлагатай.

Эрсдэлийг өдөөх ямар нөхцөл байгааг сайтар урьдчилан харах хэрэгтэй.Үүний тулд эрсдэлийг хүснэгтэд оруулж эрэмблэн эрсдэлийн эх сурвалж, бодит шалтгаан, учруулж болох аюул занал, бэрхшээл, алдагдал, хор хохирол, эрсдэлийн уршгийг нэмэгдүүлэх, бууруулах хүчин зүйлсийг анхаарч үзэх хэрэгтэй.

Эдгээр асуудлыг багтаасан матрикс үүсгэснээр хандлагаа зөв тодорхойлох боломж бүрдэнэ. Эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ гэдэг маань эрсдэл үүсэх орчин, шалтгаан, эрсдэлийг эрт таньж мэдэх, илрүүлэх, түүний түвшинг тогтоох, эрсдэлд дүн шинжилгээ хийх, эрсдэлийг багасгах, түүний эсрэг арга хэмжээ авах зэрэг ажлыг хамаардаг.

Эрсдэл хаана байж болохыг нэгэнт олж тогтоосон бол эрсдэл хэзээ гарах магадлал өндөр байгаа, түүнээс учирч болох хор хохирол, хамрах хүрээг дүн шинжилгээ хийж мэдэх шаардлагатай.Шалгуурын дагуу эрсдэлийг үнэлэхдээ эрсдэл өндөр, дунд, бага гэж үнэлж болох боловч 1-100 –ийн дотор үнэлгээ өгч үнэлэх нь илүү найдвартай байдаг.

Мэдээлэл, мэдлэгийн эрин зуунд өчигдрийн арга барилаар өнөөдрийн эрсдэлийг удирдах боломжгүй. Үргэлж өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа хөгжил, дэвшил системчилсэн, өргөн хүрээтэй, нарийн уялдаа холбоотойгоор эрсдэлийг тодорхойлж, үнэлж, удирдахыг шаардаж байна.

-Манай орны хувьд улс төрийн эрсдэл гэж бий юу? Үүнээс урьдчилан сэргийлэх, хэрэв ийм эрсдэл учирлаа гэхэд даван туулах арга зам нь юу вэ?

-Төрийн байгууллагыг авлига, хүнд суртлаас салгах, улс төрийн нөлөөнөөс ангид байлгах, иргэддээ шударгаар үйлчлэх, тэднийг хамгаалах, иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, олон түмний оролцооны ардчиллыг хөгжүүлэхгүй бол нийгэм улс төрийн эрсдэлд орно.

Төрийн цэгцтэй, туйлбартай, хариуцлагатай, бие даасан, нээлттэй ил тод, хуулийг дээдэлсэн бодлого тодорхойгүйгээс болж төрийн бодлого сонгуулиас сонгууль хүрэх төдий үргэлжилдэг, өнөө маргаашаа аргацаасан байдалтай байгаа нь манайд улс төрийн гол эрсдэл болоод байна.

Улс төр, нийгмийн хүрээнд учирсан аливаа хямрал, үйл ойлголцол, үзэн ядалт, мөргөлдөөн, хэрүүл маргаан, бухимдал, зэвсэгт сөргөлдөөн, хуваагдал, талцал нийгэмд дарамт учруулж, олон нийтийн санаа бодлыг тавгүйтүүлдэг.

Үүнийг нь өдөөх гадаад дотоодын хүчин зүйл байдаг бөгөөд улс төрийн ашиг хонжоо харах, эдийн засгийн давуу тал олж авах, эдийн засгийн аргаар улс төрийн байдалд нөлөөлөхийг оролдох нь гадаад дотоод орчны аль алинаас нь гарч болно.

Улс төрийн эрсдэлтэй алхам хийх нь нөхөж баршгүй аюулд учруулах бөгөөд эдийн засгийг доройтуулж, нийгмийг тогтворгүй болгож, яваандаа улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч болно.

Улс төрийн алдаатай бодлого явуулснаар дэлхийн хамтын нийгэмлэгээс тусгаарлагдах, түншээ алдах, худалдааны болон улс төрийн хориг арга хэмжээнд өртөх, ганцаардах, үүнээс болж дотоодын хямрал үүсэх, иргэний дайн гарах зэрэг эрсдэлд ордог.

Улс төрийн бодлого өргөн хүрээтэй, алс хэтийн шинж чанартай, стратегийн агуулгатай байх учиртай. Байгалийн баялаг ихтэй орнуудын түүхийг харж байхад баялгийн менежментийг зөв хэрэгжүүлж, тусгай сан үүсгэх, баялгаас олсон орлогыг нийт хүн амын сайн сайхны тулд хяналттай зарцуулах замаар тэднийамьжиргааны түвшинг хөгжингүй орны түвшинд хүргэж чадсан түүх олон байна.

Гэтэл нөгөө талд нь баялгийн хараал болж, голланд өвчинд нэрвэгдэн, хүн амын цөөн хэсэг хэт баяжиж, баялгаа гадагш хяналтгүй урсгасаар эцэст нь баялаг ч үгүй, байгалийн орчны доройтолд орсон, хүн амын дийлэнх хэсэг нь ядуу, үүнээс улбаалсан улс төрийн тогтворгүй байдал, зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайны хөлд туйлдсан орнууд ч байна.

Бусдын сайн муу жишээнээс сургамж авч, баялгийн менежментийг зөв хэрэгжүүлж, нийт монголчуудаа бусдаас дутахгүй, ажил амьдралтай болгоход л төрийн бодлого чиглэх ёстой.Уул уурхайгаас улам их хамааралтай болж, улс орны эдийн засаг ганц тулгууртай болох хандлага байгаа нь ирээдүйд учирч болзошгүй томоохон эрсдэлийг агуулж байна.

Улс орны хөгжлийг олон тулгууртай болгож, импортлогч орноос экспортлогч, үйлдвэрлэгч орон руу хэр хурдан шилжихээс хамаарч манай улсын стратегийн эрсдэлийн хэмжээ, хэмжүүр багасаж, улс орны хөгжил, дэвшлийг түргэтгэх учиртай.

Хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай түшиглэсэн олон үйлдвэр, аж ахуйн газруудыг бий болгохгүйгээр ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд төвөгтэй. Монгол улс юуны өмнө үйлдвэрлэгч орон болохыг хичээх ёстой. Түүхий эдийн бааз орон байх уу, тэргүүлэх чиглэлээ дэмжсэн үйлдвэрлэгч орон байх уу гэдэг сонголтын өмнө бид тулгарч ирээд байна.

Хөгжлийн бодлого жигд өсөлттэй, хэт савалгаагүй, тогтвортой байх нь эрсдэлийг бууруулах боломжийг олгоно.

Төр хариуцлагагүй, хаалттай, чадваргүй болоод ирэхийн цагт улс, үндэсний аюулгүй байдалд төр өөрөө аюул, занал болдог. Төрөөс гарч буй шийдвэр тэр дундаа, улс үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшилтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаа бүр эерэг сөрөг үр дагавар дагуулдаг.

Монгол үндэстний аюулгүй байдалд хор хохирол учруулдаг бодитой, хамгийн том аюул бол эв нэгдэл алдрах гэдгийг түүх гэрчилнэ. Дотоод дахь улс төр, эдийн засаг, шашны хуваагдал, бүлэглэлүүдийн өрсөлдөөн, баян ядуугийн ялгаа газар авч, үндэсний нийтлэг эрх ашгийг хөсөрдүүлэх, эв нэгдлийг сарниулах улмаар нийгмийн тогтвортой байдалд заналхийлэх түвшинд хүрэх эрсдэлтэйг бид үргэлж санаж, түүнээс зайлсхийх бүр арга замыг сэдэж олж байх учиртай.

-Улс төрийн эрсдэл яваандаа нийгэм эдийн засагт нөлөөлөх нь дамжиггүй. Үүнийг шийдэх арга хэрэгслийн талаар дурдвал,

-Шүүх засаглалд иргэд үл итгэх болж, эрх мэдэл, эд хөрөнгө, танил талтай нэгэнд үйлчилдэг болтлоо шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагуудын олон ажилтан ёс зүйн доройтолд орсныг олон нийт, тэр дундаа эрх ашиг нь хөндөгдсөн хэсэг хурцаар шүүмжлэх болсон нь шударга ёсыг хүсэх нийгмийн сэтгэл зүйд бухимдлын хүчин зүйл болж ирлээ.

Төрийн засаглах чадавхи суларснаас нийгэмд төрийн албаны нэр хүнд унаж хууль зөрчих нь ердийн үзэгдэл болох, гэмт хэргийн гаралт өсч, хүмүүс зохион байгуулалтад орж өөрсдийн зөв гэж үзсэн үйлдлийг хүч түрэмгийлэн хэрэгжүүлэх, нийгмийн дэг журмыг бүлэглэн зохион байгуулалттайгаар зөрчих хандлагатай боллоо.

Нийгэмд шударга ёс алдагдах, нэгэнт тогтсон үнэт зүйлс алга болж, хууль эрх, ёс суртахуун, ажил мэргэжлийн гээд нийгмийн хэм хэмжээ үйлчлэхээ болих цагт хүмүүс хууль тогтоомжийг дагах сонирхолгүй болно.

Ялангуяа дээд түвшиндээ хууль ёсыг сахихгүй, дураараа авирлах нь нийгэмд хууль ёсыг баримтлахгүй байхын жишиг болдог учир их хортой. Хуулийн өмнө хүн бүр тэгш гэсэн заалт амьдрал хэрэгжихгүй болж, баячууд, улс төрчдөд өөр хууль үйлчилж эхлэх нь нийгэмд замбараагүй явдал үүсэхийн дохио болно.

Иргэд төрдөө итгэхээ болино. Олон түмний улс төрийн идэвх муудна. Төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо алга болно. Улс төрийн сонгуульд оролцох хүмүүсийн тоо жил ирэх тусам буурсаар байгаа нь үүний нэг илрэл юм.

Нийгмийн тогтвортой байдалд Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн зүгээс нөлөөлөх хүч асар их. Нийгмийн тогтвортой байдал нийгмийн сэтгэл зүйгээр баримжаалагддаг гэж болно. Сүүлийн хориод жилд нийгмийн сэтгэл зүй хэв шинжийн хувьд нам эвсэл, нутаг ус, хөрөнгө чинээгээрээ задрах, хуваагдах чиг хандлага руу эрчимтэй явж ирлээ.

Нийгмийн эрсдэлээс зайлсхийх гол арга нь аливаа маргаантай, олны дургүйцэл, зэвүүцэл, бухимдлыг төрүүлж байгаа асуудлыг зөвшилцөл, харилцан ярианы үндсэн дээр ойлголцох замаар шийдвэрлэхэд оршино.

Ялангуяа хурц асуудлыг дэврээхгүй байх, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл, оролцооны байгууллагатай ярьж хэлэлцэж шийдэх нь чухал. Иргэдийг шийдвэр гаргахад оролцуулах, нийгмийн тулгамдсан асуудлыг тухайн орон нутгийн иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь нийгмийн эрсдэлээс зайлсхийхэд тустай.

-Өнөөгийн түвшинд Монгол улсын хувьд хамгийн тулгамсдан эрсдэл юу вэ? Үүнийг даван туулах ямар арга замыг та харж байна вэ?

-Ковид 19 цар тахлыг улс орныхөө нийгэм эдийн засгийн хувьд хохирол багатайгаар даван туулж, хүн амаа энэхүү цар тахлаас хамгаалах ньтулгамдсан асуудал болоод байна.Дэлхий нийтээрээ цар тахлыг хяналтдаа авах гэж хичээж байгаа боловч одоогоор хүссэн үр дүндээ хараахан хүрэгүй байсаар байна.

Бусад орны сайн туршлагаас суралцаж,халдварыг хумих хамгийн сайн арга болох вакцинжуулалт, хөл хорио тогтоох,эмчилгээ оношлогооны хамгийн сүүлийн үеийн арга хэрэгслийг ашиглах зэргээр арга хэмжээ авч байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд мөдхөн хумигдана гэдэгт итгэлтэй байна.

Гэхдээ нөгөө талаас иргэдийн маань дэмжлэг, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл, хувь хүний өөрийнболон бусдын эрүүл мэндэд тавих анхааралилүү их хэрэгтэй. Хоёр талаасаа л хичээж байж бид энэ аюулыг аль болох гарз хохирол багатайгаар даван туулна гэдгийг сайн ойлгох ёстой.

-Монгол улсад ойрын ирээдүйд учирч болох эрсдэл, түүнийг даван туулах арга замын талаар саналаа хуваалцана уу?

-Дэлхий эдийн засаг нийтдээ Ковид цар тахлын нөлөөгөөр агшиж, олон төрлийн бизнес зогсонги байдалд орсон эсвэл дампуурснаас шалтгаалан нэн хүнд үеийг туулж байна. Ийм тохиолдолд манай улс ч гэсэн эдийн засгийн хүндрэлийг аль болох гарз багатайгаар даван туулах сорилттой тулгарч байна.

Монгол улсын эдийн засаг ойрын ирээдүйд хэд хэдэн эрсдэлд өртөхөөр байна. Үүний нэг нь дэлхийн хэмжээнд нүүрсний хэрэглээг огцом бууруулахаар Их долоогийн орнууд болон аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудаас шахалт үзүүлснээс үүдэх эрсдэл гэж ойлгож болно.

Ингэснээр нүүрсний экспорт буурах хандлага ажиглагдах болно. Үүнээс үүссэн орлогын алдагдлыг юугаар нөхөж болохыг одооноос төлөвлөх шаардлагатай. Юуны өмнө уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг олноор байгуулах хэрэгтэй байна.

Түүнчлэн Монгол Улсад бизнес эрхлэхэд илүү өндөр зардалтай байгаа нь хөрөнгө оруулалтыг бууруулж, үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг бууруулж байна. Өндөр зардал гарч байгаагийн шалтгаан нь эрчим хүчний хангалт, дэд бүтцийн хөгжил, тээврийн зардал өсч байгаатай холбоотой бөгөөд нийт хэрэглээний барааг бараг 80-90 хувийг гаднаас импортолжбайгаа тохиолдолд дотоодод хуримтлал үүсэх боломж бага байгаатай холбоотой.

Макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдвал, урт хугацаанд илүү их хор хохирол учирдаг. Төгрөгийн ханш суларч ирсэн импортын өртөг нэмэгдэж, инфляци өсч байгаа нь тодорхой. Ханш уян хатан байж, зах зээлийн нөхцөлийг даган хэлбэлзэдэг байх ёстой.

Монгол Улс зөвхөн уул уурхайн салбарт түшиглээд хол явахгүй гэдэг нь ойлгомжтой учир тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, экспортын баримжаатай болгон хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гаргавал уул уурхайгаас дутахгүй ашиг өгөх тооцоог зарим судлаачид хийгээд байна.

Ковидоос үүссэн нөхцөл байдалтай холбогдон төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байгаа мэт харагдавч энэ нь түр зуурын үзэгдэл бөгөөд хил нээгдэж, худалдааны хэвийн горимд ороход их хэмжээний савлагаа үүсэх эрсдэл дагуулж байгаа юм. Валютын ханшны савалгаа үнийн өсөлтийг хөөрөгдөж, инфляцийг өсгөх нь гарцаагүй

ШИНЭ МЭДЭЭ