http 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тэтгэврийн даатгалын шимтгэлээс 1% буурууллаа
2021.06.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Тэтгэврийн даатгалын шимтгэлээс 1% буурууллаа

Монгол Улс нь Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөрт 2017 оноос хамрагдаж, энэхүү тохиролцооны хүрээнд зарим төрлийн  татвар болон нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх үүрэг авч, нийгмийн даатгалын шимтгэлийг 

  • 2018 онд 2%, 

  • 2019 онд 1%, 

  • 2020 онд 2%-иар өсгөн хуульчилсан байна.  

Энэ нь санхүүгийн орчинг эрүүлжүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог  бэхжүүлэхэд ач холбогдолтой гэдэг нь маргаангүй билээ. Өнөөдөр 1995 оны  шинэтгэлээс өмнөх 286 мянга /одоо 56 мянга/, цэргийн албан хаагч байсан 19  мянган иргэн зэрэг зарим төрлийн даатгалын шимтгэл болох 499 тэрбум орчим  төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж байна.  

Гэтэл цар тахлын аюул өрнөснөөр олон арван аж ахуйн нэгж хаалгаа барихад  хүрч, ажил эрхэлж буй хүмүүсийн ашиг орлого эрс буурснаар дээрх ачааллыг дааж  явахад хүнд боллоо. Үйлдвэрчний байгууллагын тооцоолсноор 2019 оны 9 дүгээр  сарын 30-ны байдлаар 19000 аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэлийн 176.0 тэрбум төгрөгийн өртэй, ажиллагсдын дундаж цалин 1162200 төгрөгөөс 34.7 хувийг  татвар шимтгэлд зарцуулж байна гэжээ. Цар тахлын нөхцөлд байгаа сүүлийн 1 жил  гаруй хугацаанд энэ байдал улам дордлоо.

Энэхүү онцгой нөхцөл байдлыг үндэслэн  Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг  тодорхой хэмжээгээр бууруулах санал оруулж, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нарын гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачцлан боловсруулж, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. 

Хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэн сайжруулах  бодлогыг тодорхойлж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх  үйл ажиллааны хөтөлбөрийн 2.5.5-д “цалин, хөлс тэтгэвэр, тэтгэмжийг инфляц,  хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ” гэсэн заалтыг  хэрэгжүүлэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт нь сөргөөр нөлөөлж байна.  Улсын Их Хурлаас хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн  чиглэлд “Нийгмийн даатгалын тухай хуулийг шинэчлэх” төлөвлөгөөний хүрээнд уг  асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Хууль батлагдвал нийт 49.7 мянган ажил олгогч, 168 мянган шимтгэл төлөгч ажиллагсад уг  хөнгөлөлтийг эдлэх юм. 

Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 оны 4 дүгээр сарын 14-нд оруулсан  өөрчлөлтөөр ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн  хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж, мөн  зүйлийн 2 дахь хэсэгт 12.5 хувь гэснийг 11.5 болгон өөрчлөхөд даатгуулагчийн  орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих дарамт ихээхэн  багасахаар байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах улмаар  нэмэгдүүлэн тэр хэмжээгээр ажиллагсдын амьдрал дээшлэх юм.

Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар нийгмийн даатгалын санд  төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр  нэмэгдэхээр байна. Үүнтэй холбогдуулан төрөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэхгүй  бол нийгмийн даатгалын сангийн бие даасан байдалд бэрхшээл учрах тул төсвийн  тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч ирнэ гэдэг нь ойлгомжтой. Цар тахлын  онцгой нөхцөлд ард түмний эрх ашгийн төлөө эдгээр арга хэмжээг авах хэрэгтэй  байна. 

Онцгой нөхцөл байдлын улмаас хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ОУВС-тай хэлэлцэн тохиролцож, цар тахлын улмаас эдийн засагт учирсан бэрхшээлийг  даван туулсны дараа нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг бэхжүүлэх  бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бололцоотой юм. Наад зах нь нийгмийн  даатгалын багц хууль тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх хүртэл төслөөр  дэвшүүлж байгаа бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.  

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд,
  • Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”,
  • Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”,
  • Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, 
  • Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгасан юм.

 

Хуулийн төсөл санаачлагчид, хуулийн ач холбогдлын талаар хэлэхдээ,

Н.Наранбаатар УИХ-ын гишүүн

“Хуулийн төсөлд нийцүүлэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд хамтад нь өөрчлөлт оруулах юм. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өөрчлөлт оруулахдаа Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд тухайн өөрчлөлтийг бас оруулсан. Эдгээр хууль батлагдсанаар нийт 49.7 мянган ажил олгогч, 168 мянган даатгалын шимтгэл төлөгч энэхүү хөнгөлөлтөд хамрагдана.”

Т.Энхтүвшин УИХ-ын гишүүн

“Бид нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах байдлаар нийгмийн даатгалын хувийг буюу тэр дотроос тэтгэврийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулж байгаа. Энэ нь шимтгэлийн хэмжээг тогтоож байгаа хуулийг өөрчлөн баталчихаар тэр хуулийн тухайн заалтад дахин өөрчлөлт оруулж баталтал энэ зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн үг юм. Тиймээс заавал нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх шаардлагагүйгээр өөр олон төрлийн зохицуулалт хийж болохоор байгаа гэдгийг хэлмээр байна.”

“Нийгмийн даатгалын тухай” багц хуулийг баталж одоог хүртэл 28 удаагийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн байдаг ч энэ удаа дахин томоохон шинэчлэлийн асуудал цаг үе болон Нийгмийн даатгалын сангийн алдагдалтай ажиллагаатай холбогдон урган гарч ирж байна. Одоо байгаа тогтолцоо нь хүн ам зүй, насжилт, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдээс хамаарч хувьсан өөрчлөгдөх шаардлагатай тулгарсан учир Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа аж. Ингэснээр Тэтгэврийн даатгал, тэтгэмж, халамж, эрүүл мэнд, ажилгүйдлийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийгдэх боломж бүрдэнэ. 

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр нэг хувиар бууруулж байна. Өөрөөр хэлбэл, бүх ажил олгогч болон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ 8.5 хувиар төлөх юм.
Сайн дураар даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг 12.5 хувиар төлж байсан бол мөн  нэг хувиар бууруулж, 11.5 хувийн шимтгэл төлж эхлэнэ. 
2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь коронавируст цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлж байгааг үндэслэн дээрх хуулийн төслүүдийг санаачлан, батлуулсан юм. 

ШИНЭ МЭДЭЭ