http 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Батлут: Хамтдаа хөгжихийн тулд багаараа ажиллах хэрэгтэй
2021.06.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Д.Батлут: Хамтдаа хөгжихийн тулд багаараа ажиллах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Дамбын Батлуттай цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

-Сайн байна уу та, Сайхан зусч байна уу Би вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хонож байна. Та хийлгэсэн үү?

-Сайхан зусч байна. Вакциныхаа 2 дахь тунг хийлгэсэн. Хоёр дахь тунгаа гэснээс Монгол улсын хэмжээнд вакцинжуулалт нэлээд өндөр хувьтай явж байна. Манай Орхон аймгийн хувьд эхний тунд 90%, удаах тунд 50% орчим нь хамрагдсан. Зургадугаар сарын дундуур гэхэд вакцинжуулалт дуусна гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Энэ бол сайн үзүүлэлт. Өвчин гаралт багасч, ажил амьдралын хэвийн горимд шилжих нөхцөл бүрэлдэнэ гэсэн үг.

- Эрдэнэт-Улаанбаатар хоёрыг холбосон хамгийн дөт дардан замтай болоосой гэж мөн ч их хүсэх юм. Энэ бол ганцхан миний хүсэл биш л дээ.

- Энэ асуудлыг бид бүхэн ярьж, шийдэлд хүрсэн. 2020 онд байгуулагдсан УИХ-аас Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл баталсан. Түүнд Эрдэнэт-Улаанбаатарыг холбосон хамгийн дөт зам буюу Жаргалант, Шар хөтлөөр тавих 100 км авто замын асуудал орсон. Энэ асуудлыг Эрдэнэтчүүдээсээ санал авч, тэд маань дэмжсэнээр Монгол улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулж чадсандаа би их баяртай байгаа.

- Таныг гишүүн байх хугацаанд энэ зам ашиглалтанд орох боломжтой юу?

- Ямартай ч зүтгэж байна. Барилга, хот байгуулалтын сайдтай яриад энэ жилдээ ТЭЗҮ-г нь хийлгэх тендер нь зарлагдаад дүгнэгдсэн, одоо компани нь ажилдаа орж эхэлсэн. ТЭЗҮ нь боловсрогдоод батлагдангуут ирэх оноос хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж эхэлнэ гэж зорьж байна.

- Та УИХ-ын гишүүн болоод яг бүтэн жил тойрчээ. Та хуулиараа нийт ард түмний төлөөлөл ч таныг Эрдэнэтчүүд гаргасан, итгэл найдвараа танд өвөрлүүлсэн. Та Эрдэнэт хот, Эрдэнэтчүүдийнхээ төлөө энэ хугацаанд ямар бодлоготой, бодитой ажил хийв?

- Нээрээ бүтэн жил болсон байна шүү. Эрдэнэтчүүддээ их баярлаж явдаг. Эрдэнэтчүүдийнхээ итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн гэдэг эрхэм хүндтэй албанд сонгогдож ажиллаж байгаагаа маш том хариуцлага гэж хардаг. Тийм учраас Эрдэнэт хот, эрдэнэтийнхнээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой гэдэг гүн бат итгэл үнэмшил надад бий. Олон чиглэлийн ажлыг эхлүүлэхээр зорьж байна. Нэгт нь саяын ярьсан замын ажил. Та түрүүлээд асуучихлаа. Хоёрт нь Эрдэнэт хотыг бид “ухаалаг” хот болгох ёстой юм. “Ухаалаг”, технологийн хот болгоно гэдэг зорилго руу бид тэмүүлж байна.

Энэ чиглэлээрээ бид Монгол улсыг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тодорхой асуудлууд оруулсан. Монгол улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ч тодорхой асуудлууд тусгуулснаар биелэлээ олж эхэлж байна. Тухайлбал Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн Аж үйлдвэр, технологийн парк байгуулах шийдвэр гарч, Монгол улсын Засгийн газар батламжиллаа.

Үүний хүрээнд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн цэвэр катодын зэсийн үйлдвэр, эмүльсийн тэсрэх бодисын үйлдвэр, олон жил Бор-Өндөр, Өмнөговь гээд энд тэнд барина гэж ярьсан ч хэрэгжээгүй зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтэд барих Засгийн газрын тогтоол, шийдвэр гарчихлаа. Энэ гурван үйлдвэр үндсэндээ 2025 он гэхэд ээлж дараатай ашиглалтанд орох ёстой. Ингэснээр орон нутагт 1000 орчим тогтвортой ажлын байр бий болно.

Дээрээс нь энэ чиглэлийн дагнасан жижиг үйлдвэрүүд бий болох нөхцөл бүрэлдэнэ. Мөн би Засаг даргаар ажиллаж байхдаа Шинжлэх ухаан, технологийн паркийг анх удаа Эрдэнэтэд байгуулсан. Улсын хэмжээнд жишиг болохуйц энэ асуудалд Монгол улсын Засгийн газраас онцгой анхаарч, бодлогоор дэмжин Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг УИХ-д оруулах гэж байна. Хуулийн төсөл дээр ажиллахаар саналаа өгсөн. Шинжлэх ухаан технологийн ололт, монгол технологийг шууд үйлдвэрлэл болгож хувиргах хэрэгтэй. Улс, бүсийн хөгжлийн төвүүд импортлогч биш экспортлогч болох хэтийн зорилго руугаа хандан ажиллах хэрэгтэй гэж харж байна.

Саяхан Монгол улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ манай Орхон аймагт ажиллахдаа Шинжлэх ухаан, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаад 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ бол том дэмжлэг. Мэдээж бид энэ том дэмжлэгийг иргэд, нийгэмдээ өгөөжтэй төслүүд болгож хувиргана.

Одоо Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа У. Хүрэлсүх даргын мөрийн хөтөлбөрт Эрдэнэт хотыг үндэсний хэмжээний технолог, инновацийн загвар хот болгоно гэсэн заалт орсон. Тэгэхээр манай Эрдэнэт хотын хөгжлийн чиг шугмыг УИХ дэмжиж байна, Засгийн газар дэмжчихлээ, хэрвээ МАН-аас нэр дэвшигч сонгуульд ялбал Ерөнхийлөгчийн институт нь дэмжинэ гэж байна. Орон нутаг нь өөрөө ийм суурь бодлоготой. Ингээд ирэхээр маш том орон зайд багаараа эрч хүчтэй бодлого явуулах боломж бүрэлдэж байна.

- Монголчууд МАН-ыг Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа гэж хардаг л даа. МАН-ын 100 жил, Монгол улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой давхцан тохиож байна. Яг энэ үед МАН-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Би үүнийг Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүн гоё дээл өмсөөд наадмын нээлт хийх төдий билэг тэмдгийн ажил гэж харахгүй байна?

- Монгол улсын сүүлийн 100 жилийн түүх МАН-тай шууд холбоотой. Энэ бол тусгаар тогтнолоо олж авсан, батжуулсан түүх. Энэ түүх МАН-тай, үе, үеийн эх орончидтой, ардын засагтай шууд холбоотой. Монгол улс нэг намын удирдлага дор 70 жил, олон намын системтэй 30 жил боллоо. Тэгэхдээ 70 жилд бид хөдөө аж ахуй, үйлдвэрийн орон болсон эрчимт хөгжлийн үе байсан. Нүүдэлчин Монголчууд хотжих, соёлжих, үйлдвэржих, хэрэгцээгээ өөрсдөө хангах он жилүүд байсан. Сүүлийн гучин жилд дэвшил байсан ч алдаа, оноотой явж ирсэн. Тэр нь төрийн тогтворгүй байдалтай шууд холбоотой явж ирлээ.

Төрийн тогтворгүй байдал гэдэг нь үзэл бодлын зөрүү, засаглалын салаа мөчрүүдийн зөрчил, улс төрийн намуудын хоорондын үл ойлголцол байсан. Уул нь бүгдээрээ л уулын орой дээр гарах гээд байдаг. Тэгэхдээ өөр, өөр салаа замаар өгсөж байгаа мөртлөө өөр хоорондоо үзээд байсан. Энэ байдал бидний хөгжилд чөдөр тушаа болсноос биш давуу байдал ерөөсөө болоогүй. Энэ хаврын улс төржилтийг л та бүхэн хар л даа. Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн асуудлууд дээр хориг тавьдаг, “бойкотлодог”. Ингээд тухайн асуудал гацдаг. Тэгэхээр аливаа ажилд баг хамт олны хүчин чармайлт, нэг цонхоор харж ажиллах чадвар маш их нөлөөлдөг.

Тиймээс төрийн байгууллагын бүх шатанд нэгдсэн ойлголттой, нэг бодлоготой үйл ажиллагаа явуулах нь төрийн тогтвортой байдал юм. Хоёрт, хөгжлийн маш том үндэс суурь болох юм байна гэж харж байна. Тийм учраас л ерөнхийлөгчийн сонгуульд манай ард иргэд маань зөв сонголт, тэр дундаа багийн сонголтыг чухалчилж хийгээсэй, бид өөрсдийнхөө төлөө, эрдэнэтчүүдийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө хийж байгаа хамгийн чухал сонголт шүү гэж хэлмээр байна.


- Одоо бол тусгаар тогтнолын асуудал хөгжлийн асуудал болчихлоо. Бид яаж хөгжих вэ гэхээр улс төрийн тогтвортой байдалд хөгжих ёстой юм байна.

- Тийм учраас багийн сонголтын тухай яриад байна. УИХ, Засгийн газар олон чухал шийдвэр гаргаж байна. Өнөөдөр бид ковид цар тахлын үед ажиллаж амьдарч байгаа ч гэсэн хүмүүстээ хандсан, тухайн цаг үеэ үнэлсэн, иргэдийнхээ амьжиргааны чанарыг бууруулахгүй тал дээр олон чухал арга хэмжээ авч байна. Нөгөө талдаа эдийн засгийн бааз сууриа бий болгох томоохон төслүүдийг эхэлж байна. Нефтийн үйлдвэр барих, Таван толгой дулааны станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, аймгийн төвүүдийн дулааны станцуудын өргөтгөл гээд дотооддоо эрчим хүчээ бүрэн үйлдвэрлэх, шатахуунаар хангах төслүүд явж байна.

Энэ мэтчилэнгээр бид эдийн засгийн тусгаар тогтнол руу аажим аажмаар шилжин орох ёстой. У.Хүрэлсүх дарга: “ХХ зуунд бид Монгол улсынхаа халдашгүй дархан байдал, тусгаар тогтнолыг бий болгосон. ХХI зуунд бид эдийн засгийнхаа тусгаар тогтнолыг бий болгохын төлөө ажиллах ёстой” гэж хэлдэг. Тийм учраас энэ бол хамгийн чухал зүйл. Үүний төлөө, хөгжлийн төлөө бид багаар ажиллах ёстой юм.

- Гэхдээ хөгжлийг шударга ёсгүйгээр төсөөлөх арга байхгүй. Сонгогчид МАН-д мөрийн хөтөлбөрөөс гадна шударга ёсыг тогтооно гэж л санал өгсөн.

- Үнэн, үнэн. Шударга ёсыг тогтооно гэдэг хүн бүрийн сайн сайхны төлөө л ажиллах асуудал шүү дээ.

- Нарийндаа бол баялгийн тэгш хувиарлалтын тухай асуудал. Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа Ухнаагийн Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол” гэсэн уриа дэвшүүлжээ.

-Ер нь бол шударга ёсгүйгээр нийгэм хөгжихгүй. Шударга ёсыг тогтоохын тулд маш их эр зориг гаргаж, чухал алхамууд хийх ёстой. Үндсэн хуулиндаа байгалийн баялаг бүх ард түмний өмч гээд тунхагласан ч ашигтай, чухал ордуудыг хэдхэн хүн аваад баяжиж байгаа асуудал байна. Үүнтэй тэмцэхийн тулд У.Хүрэлсүх тэргүүтэй хэсэг нөхөд маш их зүйл хийсэн, маш их зориг гаргасан. Хүний өөрийн нам гэлтгүй бүх хууль бус лицензүүдийг хурааж авсан.

Өнөөдрийн байдлаар 938 лиценцийг хүчингүй болгож, төрдөө эргүүлж авсан байна. Тэр нь Увс аймагтай тэнцэхүйц хэмжээний газар нутгийг хамарсан гэж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49%, Гутай, Таван толгойн орд, Асгатын мөнгөний орд, Салхитын мөнгөний орд гээд маш олон ордыг эргүүлж авсан. Гол нь энэ бүхнийг төрд авснаараа иргэддээ хэр өгөөжтэй болохыг жинхэнэ утгаар нь харуулж чадсан. Өнөөдөр зуун жилийн хугацаанд уул уурхайн баялгаас Монголын иргэн бүр ашиг хүртсэн тийм жишиг байхгүй. Өнөөдөр Таван толгойн орд гаднынханд байсан, монголын компаниуд авчихсан байсныг төрдөө буцаан авсан, ингэснээрээ иргэн бүрт 86 000 төгрөгийн ашиг олгосон.

Ганцхан компанийн жилийн ашиг шүү. Тэр Салхитын мөнгөний ордыг төрдөө авснаараа тэтгэврийн зээлтэй ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэлээ. Тэтгэврийн зээлгүй байсан ахмадууддаа нэг сая төгрөг олголоо. Энэ чинь л тэр хүний зориод байгаа нөгөө шударга ёс, баялгийн тэгш хувиарлалт явагдаж байгаа хэрэг.“Баялагтаа эзэн Монгол” уриа нь Үндсэн хуульд заасан “Байгалийн баялаг бол ард түмний өмч” гэсэн заалтад нийцсэн шийдлүүдийг гаргана гэсэн санаа юм.

- Сүүлийн гучин жилд төр бол хамгийн муу менежер гэдэг тархи угаалт их явсан, би гэрч нь байна. Тэгтэл төр хүсэх юм бол хамгийн сайн менежер байж чадна гэдгийг өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр харууллаа.

- Тэгэлгүй яахав. 2016 оны сонгуулиар 6 сарын 21-нд тухайн үед Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг шийдвэр гаргаад Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын 49%-ийг Монголын компани авсан, одоо Монголын 100%-ийн өмчит компани боллоо гэж зарласан. Тэрнээс хойш улс, орон нутгийн төсөвт хэдэн төгрөг төлж байсан гэж та бодож байна. 2016 онд 184 тэрбум төлсөн. 2018 онд Монгол улсын Засгийн газар шийдвэр гаргаад 100% төрийн өмчит үйлдвэрийн газар болгоно гээд онцгой дэглэм тогтоосон. Ингээд ажиллангуут 2018 ондоо 560 тэрбум, 2019 ондоо 960 тэрбум, 2020 онд 1 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрүүлж байгаа юм.

Энэ мөнгө чинь эргээд төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, хүүхдийн мөнгө болж ирж байгаа юм. Энэ монгол улсын иргэдэд ашигтай байгаа биз дээ. Одоо бодоод үз л дээ. Эрдэнэт үйлдвэр тэр үед ч ашигтай л ажиллаж байсан. 184 тэрбум нэг их наяд хоёрын хооронд 820 тэрбумын зөрүү байна. Тийм үү? Энэ хэний халаасанд орж байсан юм гээд бодоход л ойлгомжтой.

Цөөхөн хэдэн хүмүүс лиценз нэртэй алгын чинээ дөрвөлжин цаасаар уул уурхайгаас хувьчилж авчихаад баяжиж, ашиг хүртэж байсны л тоон илэрхийлэл нь энэ. Тэрийг харин үгүйсгэж, төрд авснаараа иргэн хүн ашиг хүртэж байна. Өнөөдөр цар тахлын үед Эрдэнэт үйлдвэрийн ашгаас 650 тэрбум төгрөг гаргаад иргэдийнхээ амьжиргааны түвшинг бууруулахгүйн тулд эрчим хүчнийх нь бүх зардлыг 07 сарын 1 хүртэл төр даалаа. Энэ бол уул уурхайн баялаг төрд очсоны ашиг шим мөн. Төрд очсоны ач буяныг иргэд маань хүртэж байгаагийн илрэл. Энэ бол шударга ёсонд нийцнэ. Шударга ёс руу бид бүхэн тэмүүлдэг. Үүнийг бид хийх ёстой. Ингэхийн тулд багаараа ажиллах хэрэгтэй. Тэгэж гэмээн хөгжил ирнэ.

- Баярлалаа танд, хамтдаа хөгжье.

-Яг үнэн. Хамтдаа хөгжихийн тулд бүгдээрээ нэг цонхоор хардаг байх хэрэгтэй. Баярлалаа.

Сэтгүүлч: Б.Баттогтох

ШИНЭ МЭДЭЭ