http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Төрийн зохицуулалтыг оновчтой хийх нь хөгжлийг түргэтгэнэ
2021.06.07
Улстөр

Б.Баттөмөр: Төрийн зохицуулалтыг оновчтой хийх нь хөгжлийг түргэтгэнэ

Төрийн зохицуулалт” номын зохиогч УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


-Төрийн зохицуулалт гээд ярихаар зарим хүмүүс буцаад социализм руугаа орох нь гэж цэрвэдэг.Чөлөөт зах зээлийн үед төрийн зохицуулалт яагаад хэрэгтэй байдаг вэ?

-Төрийн зохицуулалтыг үгүйсгэж, бүхнийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлт буюу А.Смитийн “үл үзэгдэгч гар” зохицуулаад явна гэдэг үзэл одоо үед тохирохоо болиод удаж байна.

Зах зээлийн эдийн засаг хөгжихийн хэрээр эдийн засаг нийгмийн хурц асуудлууд гарч ирдэг юм байна. Хувийн хэвшил яаж ч ажиллаад бүгдийг дангаараа шийдэх боломжгүй. Хувийн хэвшил ашгийн төлөө ажиллаж,өрсөлдөх нь үнэн боловч зарим асуудлыг орхигдуулдаг.Ялангуяа ашиг орлого багатай ч нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд амин чухал үүрэгтэй салбаруудад хөрөнгө оруулалт дутагдаж байна.

Төрийн зохицуулалт нь үндэсний хэмжээнд ажлын шинэ байрыг нэмэгдүүлэх, бага орлоготой хүмүүсийг ажлын байраар хангах, өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэхэд чухал үүрэгтэй.

Бидний туулж өнгөрүүлсэн 30 орчим жилийн түүх орчин үед нийгэм эдийн засгийн үйл явцад төрийн зохицуулалт зайлшгүй гэдэг нь амьдралаар нотлоод байна. Зах зээл бүхнийг зохицуулна гэж итгэж, хийх естой ажлаа хийгээгүйгээс,ядуурал газар авч, 70 сая малтай мөртлөө махны үнийг дийлэхээ больж ирлээ.

Аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгож, хүмүүсийг тохитой тухтай аялах орчин бүрдүүлээгүйгээс унаган байгалиа хүмүүсийн хөлд талхлуулж,сүйтгүүлэх хэмжээнд хүрээд байна. Төр ийм байдалд хүргэхгүйгээр зохицуулж болох л байлаа.

Зохицуулалтгүй явж ирснээс шалтгаалан ямар ч тооцоо судалгаагүйгээр ашигт малтмалын 9000 гаруй лиценз олгож, 120 Их, дээд сургууль, 450 гаруй сүм дуган, 60-70 телевиз байгуулах эрх олгосон байна. Харин одоо эдгээр гажуудлыг засч залруулах ажил эхнээсээ хийгдэж байна.

-Төрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд яах ёстой вээнэ талаар таны бодол?

-Эдийн засаг, нийгмийн тулгамдсан зорилтыг ханган биелүүлэх, эдийн засгийн хямралыг даван туулахын тулд тодорхой хугацаанд төрийн зохицуулалт зайлшгүй шаардагдана. Улс орнуудад төрийн зохицуулалт өөрийн гэсэн онцгой хэлбэр, чиглэл, хамрах хүрээтэй байдаг.

Нэгдүгээрт, зах зээл өөрөө зохицуулж чадахгүй тийм нөхцөл үүсвэл төрөөс зохицуулах хэрэгцээ гарна. Мөнгөний эргэлтийг зөв зохицуулах, төрийн үйлчилгээг нийгмийн эмзэг давхаргад хүргэх, баялгийн хуваарилалтад гарч байгаа тэгш бус байдлыг арилгах зэрэгт хэрэгтэй болно.

Хоёрдугаарт, чөлөөт зах зээлийн механизм мөнгөөр илэрхийлэгдсэн хэрэгцээг эрэлт нийлүүлэлтээр дамжуулан хангах боломжийг олгодог.Гэтэл мөнгөөр илэрхийлэгдэхгүй хэрэгцээ гэж бас байна. Нийтийн үйлчилгээ, үндэсний батлан хамгаалах асуудал, төрийн удирдлага, эрчим хүчний нэгдсэн систем, холбооны үндэсний сүлжээ, нийгмийн дэг журмыг сахиулах, вакцинжуулах, ундны усыг хамгаалах зэрэгт төрийн зохицуулалт зайлшгүй шаардагдана. Гуравдугаарт, гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг арилгахад төрийн оролцоо чухал. Зах зээлийн үйлдвэрлэл, хэрэглээнд зах зээл өөрөө зохицуулж чадахгүй, мөнгөөр илэрхийлэгдэхгүй хомсдол гардаг. Энэ нь зах зээлийн тэнцвэрийг алдагдуулж, нөөц баялгийг зохистойгоор хуваарилах боломжийг алдагдуулдаг. Энд төрийн зохицуулалт хэрэгтэй болно.

Мөнгөний эргэлтийг зохицуулах, шаардлагатай бараа, материалаар хангах, гадаад нөлөөллийг сулруулах зэрэг нь чөлөөт зах зээлд төрөөс оролцох оролцооны хязгаар гэж ойлгож болно. Гэхдээ төрөөс аж ахуйн ажилд хэт хутгалдан орж, хувийн бизнесийг булаах, шударга бусаар өрсөлдөж болохгүй.

-Төрийн зохицуулалт хэрэгжээгүй учраас учирсан бэрхшээлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй хэд хэдэн салбар бий. Үүний нэг нь орлого хуваарилах үйл ажиллагаа юм. Чөлөөт зах зээлийн өрсөлдөөний үр дүнд олсон ашиг орлогыг зах зээл шударга гэж үздэг.Олсон ашгийн хэмжээ оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарна.

Гэтэл нийгэмд өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, ажил хийх чадваргүй хүмүүс олон байдаг.Тэд өрсөлдөөнд орж чадахгүй, учраас ямар ч ашиг орлогогүй. Ажлын чадвартай ч зах зээлд өөрийн байр сууриа олж чадахгүй хүмүүс бас байна.Төрд зүтгэдэг хүмүүс байна.Тэд мөн зах зээлээс ашиг орлогыг авч чадахгүй учраас тэднийг орлогожуулах нь төрийн ажил болохоос зах зээлийнх биш юм. Зах зээлийн эдийн засаг оршин тогтноход зайлшгүй хэрэгтэй чухал үйлчилгээний эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүргийг төр өөртөө авна.

Хувийн хэвшилд эрх зүйн статус олгох, хувийн өмч эзэмших эрх олгох, байгуулсан гэрээ хэлцлийг дагаж мөрдөхөд эрх зүйн орчин хэрэгтэй. Нийлүүлэгч, хэрэглэгч болон аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцааг зохицуулсан эрх зүйн орчин буюу “тоглоомын дүрэм “-ийг төрөөс тогтооно. Эдийн засгийн харилцаанд төр арбитрын үүрэг гүйцэтгэнэ.

Барааны нөөц дуусах, импорт нэмэгдэх, төлбөрийн тэнцэл муудах, ажиллах хүчин хомсдох, цалин хөлс нэмэгдэж, үүнийг дагаад бараа үйлчилгээний үнэ өсөх зэрэг сөрөг нөхцөл байдал үүсч болно. Тэр тохиолдолд төрөөс зохицуулалт хийж, хэрэглээний өсөлт, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг тодорхой хэмжээгээр хязгаарлах, барааны үйлдвэрлэл, хөрөнгийн хэт хуримтлалыг сааруулж, ирээдүйд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, ажлын байрны багасах эрсдэлийг бууруулах хэрэгтэй болно.

-Чөлөөт зах зээлийн онолоор бол эрэлт нийлүүлэлт хоёр бие биенээ нөхцөлдүүлжүл үзэгдэгч гар зохицуулаад явна гэдэгМонгол нэгэнт чөлөөт зах зээлийг сонгосон юм бол энэ замаар яваад 30 жилийн дотор үсрэнгүй хөгжсөн байх ёстой биш үүБид яг хаана нь алдав?

-Төрийн зохицуулалт нь аль ч нийгэмд байдаг хүчирхэг хэрэгсэл. Үүнийг чөлөөт зах зээлийн онолчид эсэргүүцдэг байсан ч өнөөдрийг хүртэл хамгийн хүчирхэг эдийн засагтай орнууд ч маш сайн үр дүнтэй ашигласаар байгаа юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжиж орсон бид зах зээл бүхнийг зохицуулна гэж найдаад төрийн оновчтой зохицуулалтыг орхисон нь буруу байсан. Төлөвлөгөөг зөвхөн социалист нийгэмд байдаг зүйл шигээр төсөөлж, бүхнийг урсгалаар нь хаяснаас улс орны хөгжлийг мухардалд оруулж, бүс нутгийн болон салбар хоорондын хөгжлийн тэнцвэрийг алдагдуулсан сургамжийг бидэнд үлдээлээ.

Хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлж, төлөвлөснөөр зах зээлийн эдийн засгийн дутагдлыг илрүүлж, түүний хязгаарлагдмал боломжийг даван туулах арга зам нээгдэж, хөгжлийн тэнцвэрийг хангах боломжтой байв.

Манайх шиг хүн ам цөөтэй улс оронд хөгжлийг төлөвлөх нь амин чухал үүрэгтэй. Зах зээлийн хуульд захирагдан бүгд нэг төрлийн бизнес эрхэлж, зах зээлээ булаалдах, эцэст нь бүгд ашиг орлогогүй болж, дампуурахгүйн тулд зах зээлийг тэнцвэртэйгээр хөгжүүлэхэд төлөвлөлт зайлшгүй хэрэгтэй. Нөгөө талаар зах зээлийн үр ашигтай орчныг бий болгож, оролцогч талуудын тоглоомын дүрмийг тогтвортой байлгахад төр анхаарах ёстой байжээ.

-Зах зээлийг төр зохицуулна гэхээр төрөөс хувийн бизнест оролцохүнэ тогтворжуулах нэрээр үнээ буулгахыг шахахэсвэл хувийн бизнесийг боомилох юм шиг ойлгогдоод байдаг л дааЗах зээлд төр яг ямар байдлаар зохицуулалт хийх ёстой вэ?

-Төрөөс бизнест хутгалдан орохыг бус, бизнес эрхлэх, ашиг орлого олох таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөлөөллийг төрийн оновчтой зохицуулалт гэж хэлээд байгаа юм.

Төрийн зохицуулалтыг хичнээн сайн хийнэ, тэр чинээгээр бизнесийн байгууллагууд зах зээл дээр шударга өрсөлдөж, ашиг орлого нь нэмэгдэнэ.Энэ нь улс орны эдийн засгийн өсөлтийг түргэсгэдэг зүй тогтолтой. Зүй тогтлоороо явж буй бизнесийн орчинд хөндлөнгөөс оролцсоноор байдлыг улам дордуулж, төрдөө итгэх ард түмний итгэлийг алга болгож байгаа юм. Ялангуяа хууль, хүчний байгууллагын үйл ажиллагаанд шударга бус байдал илрэх нь бизнесийг боомилж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хөсөрдүүлдэг учир энэ хүрээнд шударга ажиллах бүх нөхцөлийг бий болгоход төр онцгой анхаарч ажиллах нь улс орны ирээдүйн хөгжилд үнэлж баршгүй тустай.

-Төрийн зохицуулалтын бусад улс орнуудын туршлага олон байгаа байхЖишээ дурдвал?

-Зах зээлийн өөрийнх нь механизмыг ашиглан, зохицуулалгүй орхисон, зохицуулж чадахгүй тэрхүү хоосон орон зайг дүүргэхэд л төрийн зохицуулалт хэрэгтэй болдог. Эдийн засагт төрөөс зохицуулалт хийх зайлшгүй хэрэгцээ байдаг гэдгийг Английн эдийн засагч Ж.М. Кейнс сургасан байдаг. Кейнсийн онолыг дагаж, олон орны засгийн газрууд эдийн засагт хийх зохицуулалтаа сайжруулж, монополийг хязгаарлаж, орлогын татварыг ногдуулж, ажилгүйчүүдэд тэтгэмж олгон,өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг өргөжүүлж эхэлсэн түүхтэй.

Кейнсийн онолоор бол төрөөс нийгмийн эрэлт хэрэгцээ болон түүний зохицуулалтыг хянаж, хүн амыг аль болох ажилтай, орлоготой байлгах нь чухал. Үндсэндээ орчин үеийн эдийн засаг гэдэг нь зах зээлийн механизм болон төрийн зохицуулалтын нийлбэр гэж ойлгож болно.

Улс орон бүрт төрийн зохицуулалт өөрийн гэсэн онцгой хэлбэр, чиглэл, хамрах хүрээтэй байдаг. Одоогийн байдлаар Баруун Европын хэд хэдэн орнууд, тухайлбал Герман, Их Британи, Франц, Нидерланд, Австри, Испани, Скадиновын орнууд болон Япон, Ази, Латин Америкийн хөгжиж буй нэлээд хэдэн оронд төрийн зохицуулалтын сайтар хөгжсөн механизм бүрэлдээд байна.

Төрийн зохицуулалтаар эдийн засгийн өсөлтийг ханган,хүн амыг ажлын байраар хангаж, салбарын болон бүс нутгийн хэмжээнд хөгжил дэвшлийг урамшуулан, экспортыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж болно.

-Үндсэндээ төрийн зохицуулалтаар зах зээлийн эдийн засгийн үед гарсан гажуудалбодлогын алдааг засаад явах хэрэгтэй юм байнаИнгэж ойлгож болох ууТөрийн зохицуулалтад хамаарах зүйлсэд эдийн засгийн мөчлөгсалбарын болон орон нутгийн аж ахуйн бүтэцкапитал хуримтлуулах нөхцөлажил эрхлэлтажилгүйдэлмөнгөний эргэлттөлбөрийн тэнцэлүнэ болон үнийн хэлбэлзэлөрсөлдөөний нөхцөлнийгмийн харилцаанийгмийн халамжмэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх давтан сургахбайгаль орчинэкологийн зохицуулалтгадаад эдийн засгийн болон улс төрийн харилцаа холбоо орно.Зарим бүс нутагт хөгжил удааширчтөвөөс алслагдсан бүс нутаг эзгүйрэххөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн улам бүр нэмэгдсээр байнаИймд төрийн зохицуулалтыг ашигланүйлдвэрлэлхөрөнгө оруулалт хэт төвлөрөхөөс сэргийлжбүс нутгийг жинхэнэ утгаар нь кластер маягаар хөгжүүлжүндэсний болон дэлхийн хэмжээнд өрсөлдөх монгол брэнд бүтээгдхүүнийг бий болгож чадна.

-Үндэсний эрх ашгийг дэлхийн эдийн засагт хамгаалах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд төрөөс гадаад худалдааны зохистой бодлогыг хэрэгжүүлж, капитал, ажиллах хүчин гадагшлах үйл явцад хяналт тавьж, валютын ханшид нөлөөлж, төлбөрийн тэнцлийг удирдах зэрэгт төрийн зохицуулалт хэрэгтэй. Төрийн зохицуулалтыг зөв хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт хурдасч, улс орны эдийн засгийн бүтэц сайжирч, хүн амын дунд ажилгүйдэл багасч, төлбөрийн тэнцэл эрүүлжиж, инфляцийн өсөлт буурч, амьжиргааны түвшин дээшилнэ. Түүнчлэн нийгмийн бухимдал арилж, ажил хаялт, бослого, жагсаал, цуглаан гарахаа больж, олон түмэн төр засагтаа итгэх итгэл нь сэргэж, төрийн нэр хүнд дээшилж, амар амгалан байдал тогтоно.

Хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлж, төлөвлөснөөр зах зээлийн эдийн засгийн дутагдлыг илрүүлж, түүний хязгаарлагдмал боломжийг даван туулах арга зам нээгдэнэ. Хөгжлийн тэнцвэрийг хангахад хэтийн төлөвийг тодорхойлох, төлөвлөх шаардлага аяндаа гарч ирдэг.

-Төрийн зохицуулалтыг хэрхэн хийх нь илүү оновчтой гэж та үзэж байна вэ?

-Зах зээлийн эдийн засаг хөгжихийн хэрээр нийгэмд эдийн засгийн олон хурц асуудлууд тулгардаг. Үүнийг зөвхөн хувийн хэвшилд тулгуурласан эдийн засаг дангаараа шийдэх боломжгүй. Төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ сайтар томьёолсон төрийн эдийн засгийн бодлогод суурилан хэрэгжүүлэх учиртай. Хамгийн чухал нь эдийн засгийн мөчлөгийг тооцоолох, мөнгөний эргэлтийг тогтворжуулах, шударга өрсөлдөөний орчныг бий болгох, ажил эрхлэлтийг сайжруулах, үнийг тогтворжуулах, нийгмийн түншлэлийн таатай нөхцөлийг бий болгоход оршино.

Төрийн зохицуулалтад эх орны бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг урамшуулах, үндэсний агаарын тээврийн компанийг дэмжиж, төрийн зардлаар гадаадад зорчихдоо зөвхөн түүгээр үйлчлүүлэх, төрийн худалдан авалтад үндэсний бүтээгдэхүүнийг түлхүү ашиглах, үнэ тарифыг үндэсний үйлдвэрлэгчээ дэмжсэн байдлаар тогтоох, үндэсний брэнд бүтээгдэхүүн худалдан авсан жуулчдад дотоодын татварыг буцаан олгох үйлчилгээг нэвтрүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэгчдэд тодорхой урамшуулал олгох зэрэг нь зах зээл дэх төрийн зохицуулалтын хэлбэрүүд гэж ойлгож болно. Байгалийн баялгийг ашиглахад төрийн зохицуулалт нэн чухал шаардлагатай. Баялгийн оновчтой сайн менежмэнтийг хэрэгжүүлж чадахгүй бол ямар ч баялагтай байгаад хөгжихгүй.Манайд баян хоосны ялгаа ихэсч, баялгийн өгөөжийг цөөн тооны мэдээлэлд ойр хүмүүс, тэдний хүрээллийнхэн хүртэх болсон нь нууц биш.

Төрийн зохицуулалтаар байгалийн баялгийг нэгдмэл бодлогогүйгээр хайр найргүй цөлмөж, экологийн сүйрэл рүү хөтлөх өнөөгийн практикийг халж, урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг дахин хуваарилалтын зарчмаар монгол хүн бүрт тэгш, шударга хүртээх юм.

Монгол Улсын хүн амын 50 хувь Улаанбаатар хотод амьдарч байгаа нь хөгжлийн тэнцвэр хөдөө,хотод алдагдсаны нэг жишээ. Хязгаар нутгийг бүсчлэн хөгжүүлэх, нийслэл хотын хэт төвлөрлийг сааруулах, суурин соёл иргэншлийг хөгжүүлэх гол гаргалгаа нь Дархан, Эрдэнэт зэрэг харьцангуй хүн ам олонтой газруудыг хотын статустай болгон хөгжүүлэх гэж харж байна.

Ядууралтай тэмцэхийн тулд хөдөөг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн хөтөлбөрт хөрөнгө оруулах, ажлын байрыг олноор бий болгох, хөдөө аж ахуйд түшиглэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин урамшуулах, боловсрол, дэд бүтцийг сайжруулах, шаардлагатай.

Түүхийн ахар богино хугацаанд үсрэнгүй хөгжил хүрсэн улс орнуудын туршлагаас харахад төрийн зохицуулалт онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.Технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй.Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэдэнд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх таатай боломж олгох, шинэ технологи, инновацийг дэмжих, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоход төрийн зохицуулалт онцгой чухал үүрэгтэй.

Төрийн зохицуулалтыг хичнээн сайн хийнэ, тэр чинээгээр бизнесийн байгууллагууд зах зээл дээр шударга өрсөлдөж, ашиг орлого нь нэмэгдэж байдаг. Энэ нь улс орны эдийн засгийн өсөлтийг түргэсгэдэг зүй тогтолтой. Төрөөс бизнест хутгалдан орох бус, бизнес эрхлэх, ашиг орлого олох таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөлөөллийг төрийн оновчтой зохицуулалт гэж хэлээд байгаа юм. Ийм зохицуулалт өнөөгийн Монголын нөхцөлд хөгжих үү, ухрах уу гэдгээ сонгох амин чухал асуудал болоод байна.

Д.ТУЯА

ШИНЭ МЭДЭЭ