http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Зээлийн хүү буурах нь банкны салбарын шинэчлэлийг хэрхэн хийхээс шалтгаална
2020.05.07
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Зээлийн хүү буурах нь банкны салбарын шинэчлэлийг хэрхэн хийхээс шалтгаална

Эх сурвалж. Үндэсний шуудан, Сэтгүүлч Б.Бадралмаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

 
-УИХ-аас Коронавирусийн халдварын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх тухай тогтоол баталлаа. Тогтоолын төсөлд банкны салбарт шинэчлэл хийх асуудал оржээ. Та ажлын хэсгийг ахалж байгаа.  Энэ талаар яриагаа эхлэе?

-Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчдаа хүртээмжтэй, үр ашигтай банкны тогтолцоог бий болгох банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөроловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн.Энэ хүрээнд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай, Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Үүнтэй холбоотой банкны салбарын зарим хуулиьд өөрчлөлт орно.

-Банкуудын хувьцааны дийлэнх хувийг цөөхөн хүн эзэмшдэг. Үүнээс үүдэж нэг хувьцаа эзэмшигчийн хувь эзэмшлийг бууруулах асуудал яригдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Банкны зохистой удирдалгын тогтолцоог бүрдүүлэх, хувь эзэмшлийн төвлөрөлийг бууруулах, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, банкны хяналт шалгалт, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлага бидэнд бий. Энэ хүрээнд банкийг хувьцаат компани хэлбэртэй үүсгэн байгуулж, нэг хувьцаа эзэмшигч, түүний хамаарал бүхий этгээдийн эзэмших хувьцааны дээд хязгаарыг 20 хувиар тогтоох, хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, хувьцаагаа чөлөөтэй худалддаг байхаар эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Яагаад хувьцаат компани болгох шаардлагатай гэж үзсэн юм бэ?

-Монголд арилжааны банк 13 үйл ажиллагаа явуулж  байна. Үүнийг эдийн засгийн хэмжээ, ажил үйлчилгээний онцлог, олон улсын туршлага, нэг банканд ногдох ачаалал зэргээр харьцуулалт хийхэд банкнуудын тоо олон байгаа юм. Аливаа зүйлд зохистой тоо хэмжээ гэж байдаг. Энэ тоо хэмжээ алдагдсан гэсэн үг. Манай банкууд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулагдаж, нээлттэй бус,хаалттай хэлбэрээр ажиллаж байгаа. Үүнээс үүдэж өөрийн хөрөнгийн хэмжээ нь дутагдаж, өндөр хүүтэй хадгаламж бие биенээсээ уралдаж авч байгаагаас зээл гэдэг санхүүгийн бүтээгдэхүүний үнэ манайд өндөр байгаад байна. Иймээс банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар эрсдэл даах чадварыг сайжруулах, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр ажиллуулж болно.

Ингэхдээ олон улсын жишигт нийцүүлэн хувьцаагаа олон нийтэд арилжаалах ч боломжтой. Мөн банканд хөрөнгө оруулагч, аудитын хяналт хийх,  зохистой засаглалыг тогтоох, өмчлөл, удирдлага, хяналтын тогтолцоог бүрэн утгаар нь хэрэгжүүлэх шаардлага  байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлд, банкны салбарын жижиг хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын зүгээс давхар хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, хөрөнгийн захын үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, банканд өндөр хувь эзэмшдэг цөөн тооны этгээд хэт хараат байдалд оруулж байгаа үзэгдлийг халах, зохистой засаглалыг бий болгох зорилгоор хувь эзэмшлийн төвлөрөхийг үе шаттай бууруулах талаар заасан. Энэ  зорилттой нийцэж байгаа юм.

-Банкуудын хувьцааны төвлөрөлийг бууруулах тухай ярилаа. Төвлөрөл бодит байдал дээр ямар байна вэ?

-Манай банкуудын хамгийн том гурван хувьцаа эзэмшигч нь хувь нийлүүлсэн хөрөнгийн дийлэнх хувийг эзэмшдэг. Тухайлбал, системд нөлөө бүхий дөрвөн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн үзүүлэлт 93.1-100 хувь байгаа. Харин системийн бус банкууд 89-100 хувь байна. Энэ тоог дэлхийн жишигтэй харьцуулахад муу үзүүлэлт. Монголчууд бид дэлхийд хаана ч байдаггүй загвараар хөгжих гээд байдаг дутагдалтай. Энэ алдаа ганц банк биш бүх салбарт байгаа учраас бид хөгжихгүй байгаа юм.

-Банкуудын хувь эзэмшил нь цөөн хүнд төвлөрсөнөөр ямар сөрөг нөлөө үүсэх бол?

-Бидний туршилгаар сөрөг нөлөө ихтэй. Дээр хэлсэн өөрийн хөрөнгө дутагддаг гэж. Өөрийн хөрөнгө дутагдсанаас үүсэх эрсдэл өндөр.  Тайлан мэдээг мэдээлэх, ил тод байх шаардлагагүй, хаалттай орчинд үйл ажиллагаа явуулж болдог. Хууль бус, ашиг сонирхолын зөрчилтэй гүйлгээнд хяналт тавих боломжгүй байдаг нь алдаа гарах магадлалыг өндөрсгөдөг. Жижиг хувьцаа эзэмшигчидийн эрх зөрчигдөх, ТУЗ-д төлөөлөө оруулах боломж хязгаарлагдмал зэрэг олон жишээг хэлж болно.

-Цаашид энэ алдааг яаж засах вэ?

-Алдааг засах аргууд байна. Хувь эзэмшилийн хэт төвлөрөлтийг бууруулах, дээд хязгаарыг тогтоох, хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниийн хэлбэрээр ажиллах банкны хууль тогтоомжид тусгаж өгч болно.

-Банкны зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх, зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Манайд зээлийн хүү буурах нь банкны салбарын шинэчлэлийг яаж хийхээс шалтгаална. Зээлийн хүү буурах нь хадгаламжийн хүүгийн түвшин буюу эх үүсвэрийн зардал, инфляц, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, эдийн засгийн эрсдэл, банкны үйл ажиллагааны зардал, зээлийн эрсдэл гэх мэт макро, микро олон хүчин зүйлүүдтэй шууд холбоотой. Банкны зээлийн дундаж хүү жилийн 16.5 хувь гэж үзвэл 10.8 хувь буюу 65 хувийг нь хадгаламж болон харилцахын хүү, бусдад өгөх өглөгийн хүүнд төлж байна. Иймд эх үүсвэрийн зардлыг багасгах нь зээлийн хүүг бууруулах бодит боломжийг бий болгоно.

Банкуудад эх үүсвэрийн зардлаа бууруулах боломжийг олгох зорилгоор харилцах дансанд хүү тооцохгүй байх зохицуулалтыг холбогдох хуулинд тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ зохицуулалтыг хийснээр банкуудын харилцахын хүүний зардлын хэмнэлтээр төгрөгийн зээлийн жилийн хүүг нэг орчим хувиар бууруулах боломж бүрдэнэ. Банкууд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, орон тоог оновчтой болгох замаар зардлаа бууруулах боломж байна. Энэ мэт маш их асуудлыг ярьж болох юм.

-Мөнгө хүүлэлтийг хязгаарлах, зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Мөнгө хүүлэлт Монголд бодитой байна. Мөнгө хүүлэлт нь зээлийн бодит хүүг хэт нэмэгдүүлж, зээл олгох хугацааг богиносгож, зээлдэгчийн барьцаа хөрөнгийн байдлыг доройтуулдаг. Манайд мөнгө хүүлэлттэй холбоотой асуудлууд иргэний хуулиар зохицуулж байгаа ч маргааныг богино хугацаанд үр дүнтэй шийдэх механизм бүрдээгүй, шүүхээр шийдэхэд цаг хугацаа их ордог. Иймд олон улсын жишгийн дагуу энэ чиглэлийн санхүүгийн маргааныг шуурхай, үр дүнтэй, шийдвэрлэх механизмыг бүрдүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч байна. Энэ асуудлыг УИХ-д өргөн барьсан Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар зохицуулах ёстой.

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн батлан даалтын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар тогтоолд тусгажээ. Энэ нь бизнес эрхлэгчдэд үр дүнтэй дэмжлэг болж чадах уу?

-Жижиг дунд үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэгчдэд банкнаас зээл авахад зээлийн батлан даалтын сангийн үүрэг, их байдаг. Зээлийн батлан даалтын сан нь 11.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Уг сан нь 2020 оны эхний улирлын байдлаар 405 үйлдвэрлэл эрхлэгчид 119.7 тэрбум төгрөгийн зээлд 62.6 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаж, 11325 ажлын байрыг бий болгосон. Нэг зээлдэгчид гаргах батлан даалтыг 500 сая төгрөгөөс 300 сая болгож бууруулснаар 21 мянган ажлын байрыг баталгаажуулах боломжтой гэх тооцоо бий. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 79 тэрбум төгрөгийн батлан даалт гаргахаар болсн. Зээлийн батлан даалтын сан 2020 онд Азийн хөгжлийн банк болон өөрийн хөрөнгөөр батлан даалт гаргах боломжит хэмжээ нь 1400 орчим зээлдэгчид 427.5 тэрбум төгрөг болж байна. Энэ сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дотоод дүрэм, журмыг нь улам боловсронгуй болгох, эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх шаардлага байна.

-Банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-“Монгол улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” гэж бий. Үүсч буй нөхцөл байдалтай уялдуулан банкнаас бусад санхүүгийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, үйлчилгээг хөгжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлага үүсэж байна. Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрт санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, ялангуа хөрөнгийн захын эдийн засагт эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр авсан амлалт, тавьсан зорилт бий. Түүнд хүрэх,банкнаас бусад санхүүгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төлбөр тооцооны шинэ аргыг нэвтрүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, цахим үйлчилгээг нэвтрүүлэх замаар өртөгийг хямдруулах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авах асуудлууд орж байгаа юм.

-Түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр гаргаж, төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад ипотекийн зээл олгоно гэсэн. Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-2014 оноос өнөөдрийг хүртэл Монгол банк, Засгийн газар, банк өөрийн эх үүсвэрээр 4.9 их наяд төгрөгийн ипотекийн санхүүжилтийг олгожээ. Барилгын салбарын зээлийн үлдэгдэл 1.9 их наяд төгрөгт хүрч, нийт чанаргүй зээлийн 36 хувь нь барилгын салбарт байна. Монгол улсын 2020 оны төсөвт 60 тэрбум төгрөгийг уг хөтөлбөрийн хүүгийн татаасын төлбөрийн санхүүжилтэд зориулж баталсан. Энэхүү эх үүсвэрээр 4000 орчим найман хувийн хүүтэй зээл олгоно. Монгол банк урьд нь санхүүжүүлсэн ипотекийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн санхүүжилтээс 2020 оны сүүлийн хагас жилд 120 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой.

Энэ эх үүсвэрээр 1700 гаруй ипотекийн зээлийг санхүүжүүлэх нь 2020 онд олгох санхүүжилт нь 67 хувиар,зээлдэгчийн тоо 15 хувиар тус тус өсөхөөр байна. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ажлын онцгой үүрэг гүйцэтгэдэг төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдад ипотекийн шинэ бүтээгдэхүүн гаргах үүрэг холбогдох газруудад өгөгдлөө. Монгол банк, Сангийн яам, МИК, банкууд хамтран ипотекийн тав болон найман хувийн хүүтэй зээл авсан иргэн хүсэлт гаргасан тохиолдолд зээл болон хүүгийн төлбөрийг дахин гурван сараар хойшлуулж,эргэн төлөлтийн хуваарийг уртасгахаар шийдвэрлэсэн. Мөн зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчийн нийт жилийн нэрлэсэн хүүгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг гурван сарын хугацаанд төрөөс хариуцахаар зааж өгсөн.

-Гадаад валютын эх үүсвэрийг нэмэх чиглэлээр орсон заалтын талаар  тодруулбал?

-Засгийн газрын “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Өнөөдөр дэлхийн зах зээлд нэг унц алтны үнэ 1700 ам. доллар байна. Албан ёсны зөвшөөрөлтэй алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг зээлийн болон гадаад дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх, хэлцэл хийх шийдвэр гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг Монгол банк хариуцаж ажиллана.

-Энэ тогтоолоор банкуудад 700 тэрбум төгрөг өгчихлөө гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

 -Ийм ташаа мэдээлэл цахим орчинд явж байсан. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн тавдугаар зүйлд зааснаар банкны эзэмшиж байгаа үнэт цаасыг худалдан авч уг хуулийн 5.4 т заасан үүргийг хэрэгжүүлж банканд байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг чөлөөлөх заалт юм. Энэ тогтоолд орсон бас нэг чухал заалт нь хууль хяналтын байгууллагууд хамтран ажлын хэсэг байгуулж, татан буугдсан банкуудын чанаргүй активыг шуурхай барагдуулах,төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болон улсын орлогод хураагдсан эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, эмнэлэг, сургууль улсын хэрэгцээнд ашиглах заалт оруулж өгсөн. Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулж,гүйцэтгэх шаардлагатай.

 

ШИНЭ МЭДЭЭ