http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Бодлогын хүүгээр ханшийн уналтыг зохицуулах нь хөгжлийг үнэтэй болгоод байна
2019.12.18
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Бодлогын хүүгээр ханшийн уналтыг зохицуулах нь хөгжлийг үнэтэй болгоод байна

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, Сэтгүүлч Б.Бадралмаа

УИХ өнгөрсөн долоо хоногт Монгол Улс 2020 онд баримтлах мөнгөний бодлогыг баталлаа. Үүнтэй зэрэгцээд Валютын ханш өдөр ирэх тусам өсөж байна. Ийм үед манай улс ямар бодлого барих талаар УИХ дахь эдийн засагч гишүүдийн нэг Б.Баттөмөртэй ярилцлаа. 


-Манай улс ирэх онд мөнгөний бодлогод ямар чиг барихаар болов. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Мөнгөний бодлого эдийн засгийн тогтвортой хөгжлийг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэдэг. Монголын эдийн засагт сүүлийн гурван жилд сайн өөрчлөлтүүд гарч байгаа. Тухайлбал, эдийн засгийн өсөлт 6-8 хувь, инфляц зорилтот түвшиндээ байж, ажилгүйдэл, зээлийн хүү бага ч гэсэн буурсан. Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ. Төв банкны хуримтлагдсан алдагдал 2016 оноос хоёр дахин буурч 1.5 их наяд төгрөг боллоо. 2017 оны гүйцэтгэлээр гадаад цэвэр актив хасах 1.2 их наяд төгрөг байсан бол 2019 онд нэмэх 2.3 их наядын үлдэгдэлтэй гарч эерэг болж байна. 2016 оны гүйцэтгэлээр төсвийн алдагдал -3.7 их наяд төгрөг байсан бол 2019 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ашигтай гарах төлөвтэй байна. Улсын төсөв ашигтай гарч тулгамдсан өр төлбөрүүдийг хугацаанд нь төлж барагдуулж байгаа. Банкны системд дэлхийн түвшиний үндэсний цахим гүйлгээний систем ашиглалтад орлоо. Эдийн засагт гарч буй нааштай өөрчлөлтүүдийг тогтворжуулах, дэмжих, мөнгөний бодлого батлагдлаа гэж ойлгож болно.

-Цаасан дээр л эдийн засаг сэргэж байна. Бодит амьдралд мэдрэгдэхгүй байна шүү дээ. Монгол Улс саарал жагсаалтад орчихлоо. Мөнгөний бодлогын хүрээнд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, саарал жагсаалтаас 2020 онд багтаж гарах зорилтыг ирэх жилийн мөнгөний бодлогод тусгалаа. Тухайлбал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд хугацаанд хадгалах, гадаад өр төлбөрийг зохистой шийдвэрлэх чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Төв банкны гадаад өрийн хэмжээг бууруулж, улсын гадаад валютын нөөцийг тууштай нэмэгдүүлэх бодлого хэрэгжих юм. 
Мөн санхүүгийн хэрэг­лэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулж, зээл олголтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж ажиллахаар боллоо. Банкны салбарын “Чанаргүй активыг бууруулах стратеги”-ийн хэрэгжилтийг хангаж, хууль эрх зүйн орчныг бий болгох ажил хийнэ. Үүнээс гадна зээлийн хүүг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, энэ чиглэлд нэлээд эрчимтэй ажиллахаар төлөвлөж байна.
Ипотекийн зээлийн эх үүсвэрийн тогтолцоог боловсронгуй болгож, үндэсний хөтөлбөртэй болох зорилт тавьсан. Санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого, зохицуулалтыг олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй хийхээр ирэх оны мөнгөний бодлогын баримт бичигт тусгалаа. 

-Монголбанкны хариуцдаг гол ажил инфляц. Энэ болон бусад чиглэлд хэрхэн яаж ажиллах юм бэ. Инфляц найман хувь гэж байгаа ч давах таамаглал байна?

-Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2020 онд жилийн найман хувь, дунд хугацаанд зургаан хувьд тогтворжуулах зорилт тавьж байгаа. Саяхан баталсан 2020 оны төсөв дотоод эрэлт, импортыг дэмжихээр байгаа нь эрэлтийн хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц нэмэгдэж болзошгүй. Инфляцыг онилсон бодлого мэдээж хэрэгжинэ. Дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж болзошгүй нь дотоодын хүнсний үнэд нөлөөлж болох ч дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний нөөц нэмэгдэж байгаатай холбогдон энэ төрлийн барааны үнийн өсөлтөөс хамааралтай инфляц бага байх тооцоолол байна. Ерөнхий дүнгээр авч үзвэл инфляц, манай эдийн засгийн үр дүнтэй өсөлтийг удирдах боломж бидэнд байна.        

-Банкны салбарт хийсэн эрхзүйн шинэчлэлийн талаар ярихгүй юу? 

-Банкны салбарын гол зургаан хуульд 2018-2019 онд өөрчлөлт оруулж, шинэчилсэн. Мөн 2020 онд гол гурван хуулийн шинэчлэл, нэмэлт өөрчлөлтүүд хийнэ. Банкны салбарын эрх зүйн тулгамдсан шинэчлэл сайн хийгдэж байна. Банкны системийн эрсдэлийг зөв үнэлж, мөчлөг тодорхойлох аргачлалыг боловсронгуй болгох, эрсдэлээс сэргийлэх, макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулж ажиллах шаардлага тулгарч байна. Банкны салбарын зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох чиглэлээр эрх зүйн зохицуулалтууд үргэлжлэн хийнэ. Энэ эрх зүйн зохицуулалтын хүрээнд системийн нөлөө бүхий банкуудын хувь, эзэмшлийн төвлөрлийг бууруулах арга хэмжээ авна. Энэ бол маш чухал ажил. Өөрөөр хэлбэл, манай нөлөө бүхий банкууд олон нийтийн болох зам нээгдэж байгаагаараа ач холбогдолтой. Энэ ажлыг аль эрт хийх ёстой байсан. Харамсалтай нь хийгдээгүй явж ирснээс санхүүгийн салбарт эрсдэл ихээр хуримтлагдаж ирсэн нь нууц биш.

-Банкууд хувьцаат компаниуд болж хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарна гэсэн үг үү?

-Манай системийн нөлөө бүхий банкууд 1-2 хүн, ААН-ын өмч байгаа нь Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь эрсдэлд оруулж байгаа юм. Банкны эздүүд банкны дүрмийн сангийнхаа зарим хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж болно. Олон нийтийн болох өөр олон арга замууд бий. Манайд 13.8 их наяд төгрөгийн хадгаламж байна. Үүний 11.8 их наяд нь хувь хүмүүсийн хадгаламж, хоёр их наяд нь байгууллагын хадгаламж. Хадгаламж үүсгэх нь ашигтай. Харин хадгаламж хэлбэрээр хадгалж байгаа хөрөнгөө хөрөнгө оруулалтад оруулах нь илүү ашигтай гэж эдийн засагчид зөвлөдөг. Хөрөнгийн биржээр дамжуулж хувьцааныхаа нэг хэсгийг зарвал банкуудын засаглал сайжирч, иргэдийн банкуудад итгэх итгэл дээшилж, банкны өөрийн хөрөнгө нэмэгдэж, ашигт ажиллагаа дээшлэх сайн талтай. Хөгждөггүй орнуудын төр, засаг “Дэндүү бага арга хэмжээг дэндүү орой авдаг” гэсэн үг байдаг. Энэ үг бидэнд таарах үг байж магад. Санхүүгийн зах зээл дэх хямрал, хүндрэлийг зах зээл өөрөө шийдэж чадахгүй. Төрийн оновчтой, ухаалаг зохицуулалтаар шийднэ. Монголын санхүүгийн зах зээлд байсан, одоо байгаа загвар нь иргэд, компанийн мөнгийг зах зээлийн олон төрлийн бүтээгдэхүүнд байршуулах боломжийг хааж, зөвхөн арилжааны банкуудад хадгаламж нэрээр байршуулах ганц боломжийг 30 жилд үлдээсэн нь хөгжлийг мухардуулж ирлээ.

Энэ мухардлаас гарах арга замыг сүүлийн жилүүдэд хайж байна. Ер нь мөнгө дан ганц банк биш санхүүгийн зах зээлийн бүх салбарт, салаа мөчир бүрт хүрч эргэлдэж байж үр дүнд хүрнэ. Манай санхүүгийн зах зээл дэх эрх зүйн зохицуулалт муу байсан нь банкууд дампуурах, санхүүгийн луйвар хийх, мөнгө угаах, хүүлэх, хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэрэг санхүүгийн хориглосон үйл ажиллагаа явуулж ирсэн нь үнэн. Үүнийг бүрэн таслан зогсоох шаардлагатай.

-Монгол төгрөгийн ханш өнгөрсөн хоёр сар орчмын хугацаанд 40-50 орчим төгрөгөөр ам.долларын эсрэг суларлаа. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Монгол төгрөгийн ханш 40-50 орчим төгрөгөөр суларсан нь үнэн. Төгрөгийн ханш сулрах нь манайх шиг импортын хамаарал ихтэй улсад бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг. Ханш суларна гэдэг бидний бүтээсэн баялаг үнэгүйдэж, үнэ цэн унаж байна гэсэн үг. Улс орны үнэ цэнийн нэг хэсэг нь мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварт байдаг. Энэ утгаараа ханшийг хүчээр барьж болохгүй ч хяналтаас гаргаж болохгүй. Валютын ханш бол эдийн засгийн тэнцвэрийг хангах, өсөлтийг дэмжих, импортыг хязгаарлах, макро зөв бодлогыг дэмжих, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл. Энэ утгаараа чөлөөт зарчмаар зах зээлд тогтох учиртай. Гэхдээ энэ асуудалд төрийн хяналт, зохицуулалт зайлшгүй шаардлагатайг олон улсын туршлага нотолж байгаа. Манай улс саарал жагсаалтад орсонтой холбогдож иргэдийн хувьд төгрөгт итгэх итгэл буурч, доллар авах байдал ажиглагдаж байна. Энэ хүлээлтийг зөв удирдах шаардлагатай. 2020 оны мөнгөний бодлогын сорилтуудын нэг нь инфляц бус ханш гэж зарим эдийн засагчид үзэж байгааг анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд валютын ханшийн өсөлт нь хэрэглээг үнэтэй болгож ирлээ.

-Манайд валютын орох, гарах урсгалын хяналт, зохицуулалт байна уу?

-Цаашдаа валютын орох, гарах урсгалын хяналт, бүртгэлээ сайн болгох шаардлагатай. Монголоос экспортод гарч буй бараа бүтээгдэхүүний үнэ Монголдоо орж ирээд дахин хуваарилалт хийдэг бол ханшийн хямрал тэгтлээ их үүсэхгүй. Монголын баялгийг гадагш гаргаж буй хүмүүс баялгийн төлбөрийг Монголд оруулж ирэхгүй, эрэлт үүсгэж, валютын ханшийг өсгөөд байгаа дүр зураг харагдаад байна. Бараа бүтээгдэхүүнээ валютаар зараад ханш нь унаж буй төгрөгөөр дотоод төлбөр тооцоогоо хийх нь тэдэнд ашигтай. Валютын зохицуулалтын тухай хууль ойрын үед хэлэлцэнэ. Энэ үед бүртгэл тооцоог сайн болгохын төлөө ажиллана. Бүртгэлгүй эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцож, ашиглаж зах зээлийг зохицуулах боломжгүй. Зохицуулалтгүй ажил, үйлчилгээ нь салхинд хийсч яваа цаастай адил.

-Мөнгөний нийлүүлэлт гэж гол үзүүлэлт байдаг. Өсөлт, бууралт 2020 ямар байх төлөвтэй байна вэ?

-2020 оны мөнгөний нийлүү­лэлтийг 26 их наядаар тооцсон нь 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 15 хувиар нэмэгдэхээр байгаа. Шалтгаан нь нийт хадгаламж, түүний дотор төгрөгийн хадгаламж нэмэгдэж байгаа нь нөлөөлж байгаа. Мөнгөний нийлүүлэлтийн 81.3 хувийг хадгаламж, үлдэх 18.7 хувийг М1 мөнгө эзэлж байна. Мөнгөний нийлүүлэлтийн 53.3 хувийг төгрөгийн хадгаламж бүрдүүлэхээр байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ Монголд буурч байгаа мэдээлэл байна. Шалтгаан нь юу байна вэ. Гадаадын хөрөнгө оруулалт буурах нь мөнгөний бодлогод нөлөөлөх үү?

-2019 онд гадаадын хөрөнгө оруулалт ДНБ-ний 16.8 хувьтай байх төлөвтэй байна. 2020-2021 онд 12 хувь болж буурч болзошгүй гэсэн тооцоо хийсэн байсан. Манайд гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт л орно. Бусад салбарт орох магадлал бага. Яагаад гэвэл манай зах зээл бага, дэд бүтэц сул хөгжсөн, далайд гарцгүй, хууль тогтоомж нь тогтвортой биш гээд олон шалтгаан байдаг. Ашигт малтмал ашиглах эрх, лицензийн дийлэнх хувь нь хувийн хэвшил, хувь хүмүүст байдаг нь уул уурхайн салбарт орж болох хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байна.

Орд газруудад баталгаатай хайгуул хийж, зөв нөөц тогтоогдоогүй, ашиглахаасаа зарах сонирхол их, хөрөнгө оруулалтын баталгаа муу гэж үздэг юм байна. Манайд ерөнхийдөө гадаадын хөрөнгө оруулалт орж байгаа ч бага байгаагийн бас нэг шалтгаан нь байнгын хямралтай холбоотой. Манай улсын эдийн засаг өнгөрсөн 30-аад жилд жил бүр их бага хэмжээгээр хямралтай явж ирлээ. Хямралын үед хөрөнгө оруулагчдын болгоомжлол ихэсдэг. Бид эдийн засгийн гол үзүүлэлтүүд болох зээлжих зэрэглэлээ сайжруулж, эдийн засгийг тогтворжуулж, хямралаас гарч байж гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Өнгөрсөн 30 жилд гадаадын хөрөнгө оруулалт орох баталгаатай орчинг бид бий болгож чадсангүй. Маш том, том орд газрыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 10-20 жил хөрөнгө оруулалт хийж байгаа нэртэй дараад хэвтчихэж байгаа нь өөрт нь ч улсад ч ашиггүй байсаар байна. Монгол Улс баялгаа ашиглах менежментээ зөв болгох шаардлагатай.

-2020 оны мөнгөний бодлогод ихээхэн сорилт тулгарна гэсэн таамаглал байна. Энэ тухайд та эдийн засагч хүний хувьд юу хэлэх бол?

-Тиймээ, олон сорилтууд тулгарна. 2020 онд мөчлөг сөрсөн мөнгөний бодлого хэрэгжиж болзошгүй. Ирэх 2020 оны төсвийн зарлага 13.8 их наяд төгрөг. Алдагдал нь ДНБ-ний 5.1 хувь. Ийм өндөр зарлагатай жил бодлогын хүү буурах боломж бага. БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцэлийн хугацаа 2020 онд дуусах тул 1.5 тэрбум ам доллартой тэнцэх юаний  төлбөр хүлээгдэж байна. Мөн 2021-2024 онд Монгол Улсаас төлөх 14 тэрбум ам.долларын өр байна. Үүнээс Засгийн газрын өр 7.2 тэрбум доллар. Өмнөх засгийн үед авсан 2021 онд төлөх, жилийн 10.875 хувийн хүүтэй, 500 сая ам долларын “Мазаалай” нэртэй бондын өр байна. Ирэх онд “Самурай” бондын хүү 11.3 тэрбум, Хятадын Хөгжлийн банкны 95 тэрбум төгрөгийн зээл, түүний хүү төлөгдөнө. Эдгээр өрүүд манай мөнгөний бодлогод эрсдэл үүсгэж байна.

ОУВС-ын хөтөлбөр 2020 оны тавдугаар сард дуусна. Энэ асуудалтай холбогдож үүсэх эрсдэлийг тооцох ёстой. Дэлхийн худалдааны маргаанаас үүдэлтэй түүхий эдийн үнэ хэлбэлзэх, дотоод эрэлтийн бууралт, урсгал дансны алдагдал өсөх, манай эдийн засгийн саарал гээд сорилтууд байна. Мөн шил шилээ дарсан сонгууль, түүнээс үүсэж болох улс төрийн эрсдэлийг ч тооцох шаардлагатай.

-Мөнгөний бодлогын сорилт, эрсдэлийг бууруулахын тулд юу хийх вэ? 

-Энэ асуудлын хувьд маш их зүйл ярьж болно. Урт, дунд, богино хугацаанд гээд. Богино, дунд хугацаанд хамаарах хэдэн зүйл хэлье. Монгол Улс экспортын барааны нэр төрөл, түншүүдээ олшруулах шаардлагатай боллоо. Уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч түүнийг дагаж экспорт буурч болзошгүй. Манай экспортын 90 хувь нь зөвхөн БНХАУ-аас хамааралтай. Хятад улстай хамтарч ажиллаж, гадаад худалдааны менежментээ сайжруулах шаардлага байна.

Зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны наймдугаар сарын 1-ний байдлаар 18.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 14.5 хувь, чанаргүй зээлийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрч 39.9 хувиар өссөн нь эрсдэл дагуулж мэднэ. Энэ чиглэлд холбогдох газрууд хамтарч ажиллах шаардлагатай. Монголд цаашдаа бодлогын хүүг бууруулахдаа инфляц, валютын ханшийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг хамтад нь авах ёстой.   

-Жил болгон эдийн засаг өсөөд, мөнгөний бодлого хэрэгжээд л байдаг. Ард түмний амьдралд үр нөлөө нь тусахгүй юм?

-Манай ДНБ, эдийн засгийн өсөлтөд орж тооцогддог ч төсвийн орлого, улсын хуримтлал сан хөмрөгт оруулж байгаа үр өгөөж нь муу төслүүд байна. Үүнийг үр нөлөөтэй болгох яриа хэлцэл эхлээд явж байна. Цаашид маш сайн үргэлжлүүлэх шаардлагатай. Сүүлийн үед эдийн засгийн хөгжлийг ДНБ-ийн өсөлтөөр биш, хүртээмжтэй өсөлт, бодит орлогын өсөлт гэдгээр хэмждэг болж. Энэ нь иргэн, айл өрх, компани, улсын төсвийн орлого бодитоор яаж өсөв гэдгээр тооцно гэсэн үг. Монгол Улс мөнгөний зөв бодлого явуулж, төсвийн орлогоо нэмэгдүүлэх замаар иргэдийн бодит орлого болох цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага байна. Мөн шууд бусаар нийгмээс авдаг үйлчилгээнүүдийн чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлд маш их хүлээлт байна.  

ШИНЭ МЭДЭЭ