http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Дубайн гэрээнд хоёр ноцтой заалт бий
2019.11.20
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Баттөмөр: Дубайн гэрээнд хоёр ноцтой заалт бий

Эх сурвалж. Монголын мэдээ сонин, Сэтгүүлч Х.Болор

“Дубайн гэрээ”-тэй холбоотой Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан тус гэрээний талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс тодрууллаа.


-Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээнд гарын үсэг зурах эрхийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан. Ингэснээр уг гэрээ хүчингүй болж байгаа гэсэн үг үү. Ямар нөхцөл байдал үүсэх юм бэ?

-Шүүхийн шийдвэр гарсан талаар мэдээлэл байгаа. Гэхдээ яг ямар асуудлыг нь авч хэлэлцээд ямар шийдвэр гаргасан талаар мэдээлэлгүй байна. 

-Шүүхийн шийдвэртэй холбоотой Дубайн гэрээг хүчингүй болгосон гэж яриад байна. Энэ гэрээ шүүхийн шийдвэрээр хүчингүй болох боломжтой юу?

-Үүнийг шүүхийн шийдвэрийг үзэж байж л болох байх. Шүүхээр ямар асуудлыг нь авч хэлэлцэж, ямар шийдвэр гаргаснаас шалтгаална гэсэн үг. Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг гаргасан дүгнэлтээ байнгын хороонд танилцуулсан. Ажлын хэсгийн санал дүгнэлтэд үндэслэн УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг би ахалж ажилласан. Ажлын хэсгээс дүгнэлтүүдийг гаргаад явж байгаа. Хамгийн түрүүнд 2009 онд Засгийн газар болон “Оюутолгой” ХХК-ийн хооронд байгуулсан хоёр гэрээ бий. Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ. Энэ гэрээг байгуулах явцад Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй асуудал байгааг ажлын хэсэг дүгнэсэн. Үүнийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх нь ажлын хэсгийн эхний дүгнэлт. Дубайн гэрээнд маш олон зөрчил гарсан. Бид гэрээ гэж яриад байгаа боловч угтаа бол төлөвлөгөө юм. Дубайд байгуулсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөө.

Энэ төлөвлөгөө гэрээний салшгүй хэсэг байж чадах уу, үгүй юу. Гэрээний салшгүй хэсэг юм бол төлөвлөгөө хэлбэрээр байх уу гэх мэт маш олон асуудал бий. Энд “Рио Тинто” компанийг Оюутолгой төслийг хэрэгжүүлэх  удирдлагын менежментийн баг гэдгийг бид хүлээн зөвшөөрсөн. Нийт борлуулалтын орлогын 6.5 хувийг  менежментийн төлбөр гэж авч байгаа. Энэ бол маш их мөнгө. Дубайн гэрээгээр Монголын тал 2041 оноос одоо байгаа 34 хувь дээрээ 16 хувийг худалдаж авах боломжтой. Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудлыг авч үзээд, шууд цуцал гэсэн дүгнэлт гаргасан. Энэ гэрээг авч хэлэлцээд, цуцлах хүртэл арга хэмжээ ав. Хөрөн­гө оруулагч талтай хэлэлцээрийн ширээнд сууж, ажил хэрэгч байдлаар ярих хэрэгтэй гэсэн дүгнэлтүүд байгаа. 2010 оны ТЭЗҮ гэж бий. Энэ ТЭЗҮ-ийг дахиж авч үзээд, хий. Ашигт малтмалд агуулагдаж байгаа металлуудыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн дүгнэлтийг мөн ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгээс гаргасан энэ мэт 86 зүйл, заалт бүхий зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах үүрэг даалгаврыг өгсөн.

“Оюутолгой” ХХК 2009-2013 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд дулааны цахилгаан станц барих ёстой байсан хэдий ч өнөөдрийг хүртэл бариагүй. Энэ мэт зөрчлийг арилгах ёстой. Монголоос гарч байгаа баялгийн гадаад гэрээний нууцлалыг ил болгох шаардлагатай. Ямар хэмжээний баялаг гарч байгааг шинжилдэг лаборатори байгуулах гэх мэт маш олон зүйл заалт бий. Жилд 9.2-9.3 хувийн хүүтэй зээлээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байна шүү дээ. Үүнийг багасгах ёстой. “Оюутолгой” ХХК өөрөө бизнес хийж байгаа мөртлөө баталгаа гаргасныхаа төлөө 1.9 хувийг авчихаж байгаа юм. Энэ мэт асуудлуудыг шийдэж, Монголын талд ашигтай болгох, зөрчил дутагдлыг арилгах, засаж шинэчлэх аль аль талдаа ашигтай болгох чиглэлээр үүрэг даалгавар өгч байгаа.

-Энэ гэрээний ард хэний эрх ашиг байгаа юм бэ. Гэрээний балгаар Монгол Улс 20 тэрбум төгрөгийг сул зардалд гаргаж байна гэдэг. Энэ үнэн үү?

-Хэн нэгнийг буруутай гэж хэлмээргүй байна. Энэ гэрээг очиж хийсэн хүмүүс нь байж байгаа. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Хуулийн байгууллага хэн нь буруутай вэ гэдгийг олж тогтоох байх. 

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ганцаараа явж гэрээг хийсэн гэдэг. Түүний гаргасан зарим захирамжуудыг шүүхээс хүчингүй болголоо шүү дээ?

-Мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээллээс үзэхэд Ч.Сайханбилэг энэ гэрээг хийх эрхийг тухайн үеийн “Эрдэнэс Монгол”, “Оюутолгой” ХХК-ийн удирдлагуудад олгосон байсныг сая шүүхээр хүчингүй болгосон. 

-Захиргааны хэргийн шүүхээс ийм шийдвэр гаргахад Арбитрын шүүхэд ч юм уу ямар нэг маргаан үүсэх үү?

-Дубайн гэрээнд хоёр ноцтой заалт байгаа шүү дээ. Нэгдүгээрт, энэ гэрээ бол өмнө байгуулсан гэрээнүүдийн салшгүй хэсэг байна. “Оюутолгой” ХХК болон Засгийн газрын хооронд байгуулсан есөн гэрээ бий. Эдгээр гэрээнүүдийн салшгүй хэсэг байна гэж заасан. Хоёр дахь ноцтой заалт бол хэрэв хүчингүй болгоно гэвэл төлөвлөгөөг хийсэн хүмүүс  бүрэн бүрэлдэхүүнээрээ санал нэгдэж байж хүчингүй болгоно гэсэн заалт. Энэ хоёр заалт бол хамгийн ноцтой заалтууд. Гэрээг ингэж хийдэг практик байдгийг мэдэхгүй юм. Шүүхийн шийдвэртэй холбогдуулан талууд давж заалдах асуудал гарч ирнэ. Мэдээж “Оюутолгой” ХХК бол давж заалдах нь ойлгомжтой. 

-Тэгэхээр Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс өөрсдөө энэ гэрээг хүчингүй болгох эрхтэй гэсэн үг үү?

-Энэ төлөвлөгөөг хийсэн хүмүүс бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаад, санал нэгдэж байж энэ гэрээг цуцална гэсэн заалт бий. Миний бодлоор Ч.Сайханбилэг гарын үсэг зураагүй байх. “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Бямбасайхан нар л нөгөө талтай санал нэгдэж байж хүчингүй болгох байх. 

ШИНЭ МЭДЭЭ