“Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 3,4-нд зохион байгууллаа.
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг хааж, сонсголы зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн үг хэлэв.
Тэрбээр “Ардчилсан парламент нь иргэдээ сонсдог төр болоход чиглэж, Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй танхимыг бүрдүүлж, бодлогын асуудлаа танхимдаа ярьдаг болохыг зорьсон. Үүний илрэл нь Монгол Улсын тулгамдсан асуудлаар сонсгол явуулж, иргэдээ сонсдог болж буй энэ үйл явц гэж ойлгож болно. Эмч хүний хувьд хэлэхэд эл сонсголоор утаа эрүүл мэндэд асар их муу нөлөөтэй байгааг монгол эрдэмтдийн дэлхий даяар хэвлэгддэг сэтгүүлд хэвлэсэн мэдээллийг олон нийтэд хүргэж, олон шинжээчдийн нотлох баримтаар ил гаргасан гэдгийг дурдаад өнгөрсөн хугацаанд гарсан нэг дэвшил нь түүхий нүүрсээ түлэхээ зогсоосон. Түүхий нүүрсээ түлсээр байсан бол хорт хавдрууд, нярай, ургийн эндэгдлүүд зогсохгүй байсныг онцлов.
Мөн сонсгол явуулах шинэ хандлагыг бий болгож эл хүрээнд дөрвөн хэлэлцүүлэг хийж, 250 иргэн оролцож үг хэлэх боломжийг олголоо. Өнөөдөр дэлхий даяараа хорт хавдартай тэмцэх өдөр. Бид ч гэсэн өнөөдөр утаатай холбоотой хорт хавдрын өвчлөлийг бууруулуулахад зоригтой алхам хийхээр тэмцэж, агаарын бохирдол, утааг багасгахад томоохон алхам хийснийг онцлон тэмдэглэв. Сонсголын төгсгөлд энэ бүх хэлэлцүүлэг, сонсголд оролцож үгээ хэлсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийлээд цаашид Монгол Улсыг утаагүй болохын төлөө хамтарч ажиллахыг уриалав. Үүгээр хоёр өдөр үргэлжилсэн ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв.