О.Саранчулуун: Агаарын бохирдлын улмаас эндсэн болон эрүүл мэндээрээ хохирсон иргэдээс уучлал хүсэх ёстой
2025.02.04

О.Саранчулуун: Агаарын бохирдлын улмаас эндсэн болон эрүүл мэндээрээ хохирсон иргэдээс уучлал хүсэх ёстой

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 3,4-нд зохион байгууллаа.

Утааны сонсголын эхний өдөр төрийн ажил хариуцсан албан тушаалтнуудаас 250 иргэн асуулт асууж, хариулт авсан байна. 

Өнөөдрийн сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон ТББ, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх байлаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун тус ерөнхий хяналтын сонсголд оролцож, “Агаарын бохирдлын улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирч, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдээс уучлал хүсэхийг мэдэгдээд дулаалгын технологид нэгдсэн стандартыг яаралтай баталж, хэрэгжүүлэх нь чухал” хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Иргэдийн зүгээс эрчим хүч, цаг уур орчны шинжилгээ, байгаль орин, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх салбарууд болон салбар хоорондын уялдаг  хангаж, Засгийн газар нэн тэргүүний түвшинд алдаагаа хүлээн зөвшөөрч ажиллавал асуудлыг шийдвэрлэж чадна гэдгийг хэлж байв. 

Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлын хүрээнд:

  • Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх),
  • Утааны асуудал: Стандарт, хяналт (Зуух, түлшний технологи),
  •  Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага,
  • Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд сэдвээр 4 цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдсан ба нийт 300 гаруй оролцогч оролцжээ.