
Агаарын бохирдол, утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайланг УИХ-д танилцуулна
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн /2025.04.15/ хуралдаан 10 цаг 53 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал даргалан явууллаа. Хуралдааны эхэнд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.
Тайланг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг цахим системээр хүлээн авна гэсний дагуу өргөдлийг хүлээн авсан. Нийт 71,452 иргэн гарын үсэг зурснаар нийтийн сонсгол хийх эрх зүйн орчин бүрдсэн. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар тогтоолоор агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, С.Лүндэг, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, А.Ундраа, Б.Уянга, О.Саранчулуун нар ажилласан гэв.
Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаар тогтоолоор агаарын бохирдол, утааны асуудлаар зохион байгуулах ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг томилж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, асуудлын цар хүрээ, ажиллах боломжийг харгалзан, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан журмыг баримтлан Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдвээр зохион байгуулахаар тогтож, тус Байнгын хорооны 10 дугаар тогтоолыг баталсан. Ажлын хэсэг ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд эдгээр хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 194 иргэн, төрийн байгууллагын 93 албан тушаалтан оролцож, 75 иргэдийн төлөөлөл холбогдох төрийн байгууллагаас асуулт асууж, хариулт авч, 28 иргэн танилцуулга хийснийг дурдлаа.
Мөн 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Төрийн ордонд “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхий хяналтын сонсгол явуулах талаар зар мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17.30 цаг хүртэл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сонсголд оролцогчдыг бүртгэлээ. Сонголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна төрийн бус байгууллагын төлөөлөл 6, иргэд 94, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл буюу шууд дамжуулалт хийх хоёр телевиз, нийт 104 оролцогч бүртгүүлснээс төрийн байгууллагын төлөөлөл 64, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс 46 хүн оролцсон гэв.
Үргэлжлүүлэн ажлын хэсгийн ахлагч Ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал, дүгнэлтийг танилцуулав. Уг дүгнэлтэд:
1.Сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой хүн амын эрүүл мэнд, амь насанд угаартах аюул учирсаар байх тул угаарын хий мэдрэгчийг айл бүхэнд байршуулах, “Таван толгой” түлш ХХК, Нийслэлийн засаг даргын тамгын газраас айл бүрийн эрсдэлийг үнэлж, арилгах;
2.Эрүүл мэндийн яамны зүгээс агаарын бохирдолд өндөр эрсдэлтэй, эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэнд, угаартаж амь насаа алдсан нийт хүн амын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эрсдэлээс сэргийлэх, хамгаалах ажлыг нотолгоонд тулгуурлан эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулан зорилтот хүн амд хүрч ажиллах, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллах;
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо цаашид утаа, агаарын бохирдлыг бууруулах дэд хороог байгуулах, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх;
4.Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгох үйл ажиллагааг явуулах;
5.Цаашид нийслэлийг хатуу түлшний хэрэглээнээс гаргаж хийн болон бусад төрлийн түлшний хэрэглээнд нэвтрүүлэхдээ ахуйн орчин нөхцөлд нь эрсдэлийн болон өртөг, үр ашгийн үнэлгээг хийсэн байхад анхаарах;
6.Гэр болон барилга байгууламжийн дулаалгын нэгдсэн стандарт боловсруулан батлуулж, дулаалгын шинэ технологи нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдийн дунд чөлөөт өрсөлдөөн бий болгох чиглэлээр үе шаттай арга хэмжээг салбарын яамны зүгээс авч хэрэгжүүлэн мөрдүүлэх;
7.Орон нутаг бүр агаарын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах, хүн амыг агаарын бохирдлоос хамгаалах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх;
8.Салбарын яамны зүгээс орон нутагт агаар бохирдуулагч бүрийг хэмжих чадавхыг бий болгож, хатуу түлшний хэрэглээг халах шаардлагатай талаар дурдсан байлаа.
Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат, Б.Жаргалан, П.Батчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгагдсан угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл бүрд байршуулах, тогтмол ажиллагааг хянах зэрэг хувь хүний хариуцлагатай холбоотой зүйлийг тусгах нь зүйтэй эсэх, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох санхүүгийн боломж нөөц хэр байгааг, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, иргэдийн амь насанд халтай угаарын хий гаргадаг түлш үйлдвэрлэх, мэдрэгчийг айл бүрд байршуулах зэрэг бизнесийг дэмжсэн ажлыг Байнгын хорооны тогтоолд тусгасан шалтгааны талаар тодруулж, хариулт авсан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат нийслэл Улаанбаатар хот утаагүй өвөлжсөн тохиолдлууд бий. Өнөөдөр агаарын бохирдол ихэссэн шалтгааныг хяналтын сонсголоор хэрхэн дүгнэснийг тодруулав.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн гишүүн хариултдаа, 2019-2021 оны өвөл агаар цэвэрхэн байсан шалтгаан нь нийслэл Улаанбаатар хотын томоохон уурын зуухуудад хатуу хяналттайгаар түүхий нүүрс оруулсныг эс тооцвол бусдаар түүхий нүүрс хэрэглэхийг хатуу хориглосон. Мөн барьцалдуулагчдаа тааруулан шахмал түлшний стандарт бууруулсан, түлш хатаах технологи нь өөрчлөгдсөн байсан.Түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхэд тавих хяналт байхгүй болсон. Түүнчлэн тухайн үед 5 мянга гаруй төрийн албан хаагчийг дайчлан өвлийн цагаар бохир утаа гаргасан айл руу очиж хяналт тавьж, түлшийг нь солиулж байсан. Энэ нь маш том соён гэгээрүүлэх үйл ажиллагаа байлаа. Энэ бүх сайн туршлага байхгүй болсон хэмээн хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, сүүлийн 20 гаруй жил утааг бууруулах чиглэлээрх санал санаачилгыг гаргаж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг баталсан. Гэвч утаанаас болж 779 иргэн амь насаа алдаж, 5 тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулсан боловч үр дүнд хүрээгүй тул энэ удаагийн парламент манлайлал үзүүлж агаарын бохихрдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахыг уриалав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, түлш, хийг ашиглаж л байвал утаа гарах нь дамжиггүй. Иймд нийслэлийн утааны хүлээн зөвшөөрөх хэмжээг тогтоож, түлш, зуух, утаа мэдрэгч, яндангийн техникийн зохицуулалтыг баталж, хяналт тавихад анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. Ингээд ажлын хэсгийн тайланг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.