2024.12.26
Г.Уянгахишиг: Татварын бус орлого гэдэгт ямар төрлийн орлого байж болох вэ?
УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
Үндэсний баялгийн санд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байна. Учир нь бид 34 хувиа бусад өөр төрлийн хувьцаагаар орлуулах болон АМНАТ-ын тусгай төлбөрөөр орлуулах нөхцөлд яалт ч үгүй ирээдүйн өв сан болон хуримтлалын сан хоёрт хуваарилагдах үнийн дүн өөр болоод байгаа. Ийм учраас үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зайлшгүй юм.
Төслийн 11.1.2Г дээр татварын бус орлого гэдэг нэмэлт орсон байгаа. Энэ татварын бус орлого гэдэгт ямар орлогыг хэлж байгаа вэ? Жишээлбэл ямар төрлийн орлого байж болох вэ? Хоёрдугаарт дагалдаж орж ирж байгаа ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тухай зохицуулалтууд байдаг. Гэтэл нөгөө талаасаа Цөмийн энергийн тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байгаа учраас цөмийн энерги дээр хязгаарлалт тогтоогоогүй боловч ашигт малтмалын тухай хуульд хязгаарлалт тогтоочихсон. Ийм учраас энэ хоёрын хооронд зөрчилдөөн үүсэх вий гэж өмнө нь ажлын хэсэг дээр ярилцаж байсан. Энэ утгаараа өөрчлөлтийг оруулж байгаа юм.
Цаашдаа ашигт малтмалын тухай хууль дээр зөвхөн АМНАТаар орлуулах тухай боломжийг зохицуулсан байгаа. Харин цөмийн энерги дээр өөр төрлийн хувьцаагаар болон бүтээгдэхүүн хуваах гэдэг ч юм уу боломжуудыг тусгаж өгсөн байгаа. Үүнийг цаашид ашигт малтмалын тухай хуульд адил нөхцөл байдалтайгаар оруулаад явуулах юм бол энэ нь өөрөө Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн оруулж байгаа нэмэлт өөрчлөлт дээр орж ирэх боломжтой. Ийм хувилбарууд байсан учраас яаралтайгаар оруулж ирж байгаа гэж ойлгож байна. Тэгэхдээ дараа дараагийн ашигт малтмалын тухай хуульд зөвхөн АМНАТ биш өөр бусад хувилбаруудыг оруулах боломжтой юу?
Түүний асуултад, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, сангийн яамны татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн нар хариуллаа.