АН-ын бүлгээс Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хариуцлага тооцох санал гаргав
2024.11.11

АН-ын бүлгээс Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хариуцлага тооцох санал гаргав

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан нар мэдээлэл хийлээ.

Б.Жаргалан: -Төсвийн хэлэлцүүлэг хариуцлагагүй явагдсан. Ялангуяа мэргэжлийн Байнгын хороо болох Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хариуцлага хүлээлгэх саналыг манай намын бүлгээс гаргаж байгаа. Мөн удахгүй хэлэлцэх төсвийн тодотгол дээр АН-ын бүлэг ямар байр суурь баримтлахаа ярилцаж ажлын хэсэг байгууллаа. УИХ арваннэг, арванхоёрдугаар сард дахиад л улсын төсөвтэй зууралдахаар болж байна.

Ч.Лодойсамбуу: -АН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа бүлгийнхээ дүрмийг баталлаа. Цаашдаа бүлэг тодорхой асуудлуудаар нэгдсэн байр суурь илэрхийлээд явна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг ярихгүй бол болохгүй байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга байгаа дэгийн хуулийг мөрдүүлэх бус зүйл заалт зохиож уншсан. Өнгөрсөн хугацаанд дэгийн хуулийг мөрдүүлэхдээ дур мэдэж шийдвэр гаргасаар ирлээ. Төхөөрөмжний нэр барьж удаа дараа дахин дахин санал хураалгаж асуудлыг шийдвэрлэж байна. Тиймээс УИХ-ын даргад тодорхой хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурьтай байна.