Дорнод аймагт баригдаж буй авто зам, экспортын гарцыг нэмэгдүүлэх төмөр замын төслүүдээ танилцууллаа
2023.09.27

Дорнод аймагт баригдаж буй авто зам, экспортын гарцыг нэмэгдүүлэх төмөр замын төслүүдээ танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллаж байна. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг хатуу хучилтай авто замаар холбох ажлын явц, Чойбалсан Олон Улсын нисэх буудлыг өргөтгөлтэй холбоотой ажлыг танилцууллаа.

Дорнод аймгийн Хэрлэн сумаас болон “Хашаатын цав” уурхайгаас Хавиргын боомт чиглэлд, Тамсаг 21-р талбайгаас Баянхошуу боомт, Баян-Уул-Ульхан боомт, Өндөрхаан-Чойбалсан-Баян-Уул чиглэлд хатуу хучилттай авто зам барих төсөл тус тус хэрэгжиж байна.

Мөн Сүмбэр боомт чиглэлийн 152 км, Чойбалсан-Баянхошуу чиглэлийн 198 км авто замын төслийг хэрэгжүүлнэ. Ульхан боомт чиглэлийн авто замын барилгын ажил 2024 онд дуусна.

Эдгээр төсөл аялал жуулчлал төдийгүй бүс нутгийг хөгжүүлэхэд мөн Евро Азийг холбосон авто замын коридорт чухал үүрэгтэй юм. ”Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөлтэй уялдуулан тус аймагт олон улсын авто буудал барих нь эдийн засгийн ач холбогдолтой. Чойбалсан бол хуурай боомт болох боломжтой гэж Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгасан байдаг.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, Төв аймаг шиг авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг тээврийн сүлжээнд холбогдсон аймаг юм.

Тус аймагт “Чойбалсан-Хөөт-Бичигт”, “Эрээнцав-Баянтүмэн”, “Сайншанд-Баруун-Урт-Хөөт” чиглэлийн төмөр зам зэрэг боомтын боймыг тайлж, экспортын гарцыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих олон төсөл хэрэгжиж байна.