Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт (2023.01.10) дараах хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглах болох тоногт төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулсан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга.
Швед Улсын Стокхолм хотноо 2020 онд зохион байгуулагдсан Сайд нарын гуравдугаар хуралдаанаар дэлхий дахинд зарлан тунхагласан “Стокхолмын тунхаглал”-ын “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхийн зорилтууд 2030”-д тусгасан 2 дахь зорилтод “2030 он гэхэд бүх улс орнууд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой НҮБ-ын нэг буюу хэд хэдэн гол хууль, эрх зүйн бичиг баримтыг хүлээн зөвшөөрч, нэгдэнэ” гэж, мөн 5 дахь зорилтод “2030 он гэхэд 100 хувь шинэ автомашин (үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон) болон ашиглагдсан автомашинууд нь НҮБ-ын техникийн зохицуулалтууд, Дэлхийн техникийн зохицуулалт болон эдгээр бичиг баримттай нийцэхүйц үндэсний шаардлагууд зэрэг өндөр чанарын аюулгүй байдлын техникийн стандартуудад нийцсэн байна” гэж авто тээврийн салбарын хөгжилд нийцсэн 2 гол зорилт багтсан юм.
Олон улсын хэмжээнд тавигдаж буй эдгээр зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус яамнаас НҮБ-ын тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалт, худалдаа, импорт, үйлдвэрлэлт болон тээврийн хэрэгслийн жолоочийн ажил амралтын горим, аюултай ачаа тээвэр, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн олон улсын гэрээнд нэгдэн орохоор ажиллаж байна.
Үүний нэг нь “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр (1958)” болно.
Одоогоор 1958 оны энэхүү хэлэлцээрт 50 хэлэлцэн тохиролцогч тал оролцдог бөгөөд түүний хавсралтад НҮБ-ын 145 техникийн дүрэм багтдаг. НҮБ-ын техникийн дүрэм нь техникийн дэвшилттэй зэрэгцэн өөрчлөгддөг бөгөөд хэрэв шаардлагатай бол Хэлэлцэн тохиролцогч талуудын техникийн болон улс төрийн зөвлөмж, шинжлэх ухааны мэдлэг болон технологийн дэвшлийг харгалзан шинэчлэгдэж байдаг.
Энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор дараах ач холбогдолтой:
Дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг олон улсад тавигдаж буй хийцийн, аюулгүй байдлын болон ашиглалтын бүхий л цогц шаардлагын дагуу үйлдвэрлэж, улмаар экспортлох боломж үүснэ.
Монгол Улсад үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг энэхүү хэлэлцээрт нэгдэн орсон гишүүн орон, ажиглагч болон зөвлөх гишүүнчлэлтэй орнууд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрнө.
Бусад оронд үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг өөрийн улсад ашиглах нөхцөлийг хөнгөвчлөх боломж бүрдэнэ.
Бусад улс оронд үйлдвэрлэн гаргасан дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг хяналт тавих, тэдгээрт үүссэн доголдол, гэмтэл үүссэн, стандарт болон зохицуулалтаар тавигдсан шаардлагад нийцээгүй, мөн үйлдвэрлэгчийн мэдээлсэн үзүүлэлтэд тохирохгүй байх нөхцөлд тэр тухай бүрэн эрхийнхээ дагуу тогтоох, мэдэгдэх, мэдэгдлээ хамгаалах, өөрийгөө гэрчилгээжүүлэх чадамжтай байгууллагыг байгуулах боломж үүснэ.
Хэлэлцээрийн дагуу хийгдэж байгаа бүхий л үйл ажиллагаанд оролцож, өөрийн гишүүнчлэлийн хүрээнд зохицуулалт, журамд өөрчлөлт оруулахаар санал өгөх, зарим саналаас татгалзах эрх үүснэ.
Шинэ техник, технологийн хөгжлөөс хамаарч өөрчлөгдөж байгаа техникийн дүрэм, шаардлага зэргийн талаарх мэдээллээр түргэн шуурхай хангагдана гэж Засгийн газраас үзжээ.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.11
2024.12.11
2024.11.22
2024.07.30
2024.06.21
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
АБГББХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан