Дүүжин замын төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг баталлаа
2020.05.14

Дүүжин замын төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.14\ хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хороонд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав. 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” компанитай хамтран “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 04 дүгээр сараас ажиллаж байгаа ба уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байна. 

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой дүүжин зам, мөн Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, 3 зогсоолтой дүүжин зам байгуулна. Төслийн гол зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад чиглэнэ гэж төслийн танилцуулгад дурджээ.

Энэхүү Санхүүгийн хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд  Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, гарын үсэг зурах эрх олгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62,7 хувь нь дэмжив.