2022.06.07

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал тойрогтоо ажиллах томилолтоо үргэлжлүүлэн Баянжаргалан суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчид, сум орон нутгийн удирдлагуудтай уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.

Мөн суманд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц болон Нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлуудыг нь сонсон, холбогдох арга хэмжээ авахаар боллоо. Соёлын төвийн барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Их даян бүүвэй" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд цар тахал, хил гаалийн асуудал, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан гүйцэтгэл удааширч, одоогоор 23 хувьтай явагдаж байгаа талаар танилцуулсан байна.

Дээрх асуудалтай холбогдуулан аймгийн удирдлагуудтай санал солилцон, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг шуурхай ажиллуулж, тус компанид гүйцэтгэлээ сайжруулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн юм. Мөн цаг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа.

Цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Халзан хайрхан" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор 80 гаруй хувьтай хэвийн явагдаж байна. Барилгыг энэ 7 сард багтаан ашиглалтад хүлээлгэж өгөх талаар холбогдох хүмүүстэй ярилцлаа.

Мөн Эрүүл мэндийн төвийн стандарт хангалттай холбоотой үндсэн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Иргэдтэй хийсэн уулзалтын үр дүнд сумын Эдийн засгийн үндсэн салбарыг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр:

Малын үүлдэр угсааг сайжруулахад анхаарч, хонийг Баянцагаан, барга, үзэмчин үүлдэрээр, үхрийг Сэлэнгэ үүлдрээр сайжруулан, ашиг шимийг нэмэгдүүлэх, Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар иргэд хөдөлмөрчид, сум, орон нутгийн удирдлагуудтай санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.