УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Баян суманд ажиллалаа
2022.05.25

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Баян суманд ажиллалаа

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал өнөөдөр /2022.05.25/ Төв аймгийн Баян сумын малчдын зөвлөгөөн, аймаг, сумын төлөөлөгчдийн өдөрлөгт оролцож, иргэд хөдөлмөрчид, төрийн албан хаагчидтай уулзаж, УИХ-аас баталсан онцлох хууль тогтоомж, ажлын тайлангаа танилцуулан, санал хүсэлтийг сонслоо.

Мөн суманд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлуудыг нь сонслоо.

Сумын Эрүүл мэндийн төвийн барилгын чанар муудаж, зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулж байгаа тул стандартын шаардлагад нийцсэн шинэ барилгын асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ. 

Мөн хөдөөгийн багууд руу алсын дуудлагад явахад тохиромжтой түргэний тэрэг болон  дутагдалтай тоног, төхөөрөмжүүдийг шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад санал, хүсэлт тавихаар боллоо.

Цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ оны 8 сард багтаан "Хабул констракшн" ХХК хийж гүйцэтгэж байгаа ажлын явцтай танилцлаа. Өргөтгөл ашиглалтад орохтой холбогдуулан тохижилтод шаардагдах тавилга, тоног төхөөрөмжийн шийдвэрлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр дотуур байрын тохижилтод шаардлагатай байсан 4 нэр төрлийн 10,0 сая төгрөгийн үнэ бүхий тавилга, эд хогшлыг шийдвэрлэж өглөө.

Уулзалтаар Баян сумын эдийн засгийн чадавхийг сайжруулах чиглэлээр улсын чанартай Төв зам дагуу худалдаа, үйлчилгээг нэмэгдүүлэх, гар урлал, цагаан идээний үйлдвэрлэл, борлуулалтыг сайжруулах, орон нутгийн иргэд, байгалийн онцлогт түшиглэсэн аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх талаар сум, орон нутгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчидтэй хамтран ажиллахаар санал солилцлоо.