Төв аймгийн нэгдсэн эмнэлгийг бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн стандартад хүргэх ажлыг олон жилийн өмнөөс төлөвлөж, хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр ажлуудын нэг нь эмнэлгийн өргөтгөлийн барилга буюу 50 ортой төрөх эмнэлэг юм.
Энэхүү 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг улсын төсвийн 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2023 оны 3-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар "Клаймакс интернэйшнл" ХХК ажлаа эхлүүлж байна.
Аймаг, орон нутгийн зүгээс өнгөрсөн жилүүдэд тодорхой бодлого чиглүүлж, ажилласны үр дүнд эрүүл мэндийн салбарын ажилчдын ажиллах нөхцөл сайжирсан төдийгүй иргэд олон нийт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанартай, хүртээмжтэй авах, эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдах өргөн боломжуудыг бүрдүүлж өгсөн.
Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжиж байна. Тиймээс эмч боловсон хүчнээ чадавхижуулах, орон тооны хангалтыг нэмэгдүүлэх, эмнэлгийн барилга байгууламжийн стандартыг хангуулах, оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг олон улсын стандартад нийцүүлэх ажлууд хийгдэж байна. Ингэснээр иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шилжилт хөдөлгөөн багасаж, орон нутагтаа чанар, хүртээмжтэй үзлэг, эмчилгээнд хамрагдаж, улмаар санхүүжилтийн тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг онцоллоо.
Анхан шатны эрүүл мэндийн төвүүдийг эрүүл мэндийн боловсрол, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр, 2-р шатлалын эмнэлгүүдийг үзлэг, эмчилгээ тал руу бодлогоор дэмжиж ажиллавал бид аймгийнхаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүргээ бүрэн гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна.