УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг орон нутгийн төсвийн тодотголд тусгах асуудлуудын талаар саналаа хүргүүллээ
2021.09.01

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг орон нутгийн төсвийн тодотголд тусгах асуудлуудын талаар саналаа хүргүүллээ

Архангай аймгаас Улсын Их Хуралд сонгогдсон Ё.Баатарбилэг гишүүн 2021 оны төсвийн тодотгол, 2022 оны орон нутгийн төсөв батлахаа анхаарч, оруулах асуудлуудын талаар аймгийн ИТХ, Засаг даргад албан бичгээр санал хүргүүллээ.

Уг саналд “Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ой 2023 онд тохиох гэж байгааг угтуулан айл өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн ажлын байр нэмэгдүүлэх, ЖДҮ-г хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, улсын чанартай төв зам дагасан аялал жуулчлалын төвүүдийг байгуулж хөгжүүлэх, Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүйгээр хууль бусаар газар олгосон шийдвэрүүдийг эргэн харж, цуцлах, Цэцэрлэг хотын хуучин нийтийн орон сууцнуудын сантехник, фасад засвар, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт хийх, хот тохижилт үйлчилгээний ажилтнуудын орон тоо, цалин урамшуулал, ажлын багаж техник, тоног төхөөрөмжийг сайжруулах” төсвийн талаар саналууд багтжээ.

“Дээрх ажлуудыг мөн улсын төсөв, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, ААН, иргэд, байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх талаар гишүүн миний хувьд анхаарч, хөөцөлдөж ажиллах болно. Аймгийнхаа 100 жилийн ойг Архангайчууд бид хийсэн, бүтээсэн ажлуудтай, харагдах үр дүнтэй угтах учиртай” хэмээн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өөрийн цахим хуудастаа бичжээ.