Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас МЭДЭГДЭЛ гаргалаа
2025.07.01

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас МЭДЭГДЭЛ гаргалаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нь 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойр тойрны хүрээлэл болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нараар дамжуулан мөнгө угааж байна. “ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нь Төрийн өмчийн компаниуд, болон янз бүрийн төслөөс “мөнгө идэж” байна ” гэх ямар ч үндэслэлгүй, илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд тарааж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамт олон болон байгууллагын удирдлагын нэр хүндэд ноцтойгоор халдаж буйг ТӨБЗГ-ын зүгээс няцааж, энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дарга, орон тооны бус найман гишүүнээс бүрдсэн, Дарга, орон тооны бус гишүүнийг Засгийн газар томилж, чөлөөлдөг, хамтын шийдвэр гаргадаг байгууллага юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд шууд оролцох, тэр тусмаа худалдан авалт, хүний нөөцийн асуудлаар нөлөөлөх хууль эрх зүйн боломжгүй бөгөөд компанийн засаглалын олон улсын нийтлэг зарчмын хүрээнд тухайн төрийн өмчит компанийн Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, Төлөөлөн удирдах зөвлөл, компанийн гүйцэтгэх удирдлага шийдвэр гаргадаг болно.

Өнөөгийн байдлаар 10 гаруй төрийн захиргааны байгууллагууд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг төвлөрсөн бус удирдлага, зохицуулалтаар хангаж байна.

Үүнд:

  •  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (түүний харьяанд 39 компани, төрийн өмчит үйлдвэрийн газар)
  • Сангийн яам (түүний харьяанд 5 компани)
  • Эрчим хүчний яам (түүний харьяанд 34 компани)
  •  Зам, тээврийн яам (түүний харьяанд 5 компани)
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (түүний харьяанд 4 компани) Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (түүний харьяанд- 1 компани)
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (түүний харьяанд 16 компани,үйлдвэрийн газар)
  •  Эдийн засаг, хөгжлийн яам (түүний харьяанд 2 компани)
  • Хууль зүй дотоод хэргийн яам (түүний харьяанд – 1 компани )
  • Боомтын сэргэлтийн үндэсний хороо (түүний харьяанд 1 компани) тус тус үйл ажиллагаа явуулж байна.

2024 оны жилийн эцсийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газруудад нийт 57,986 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж, санхүүгийн аудитлагдсан тайлангаар нийт 25.9 их наяд төгрөгийн орлого олж, 18.2 их наяд төгрөгийн зардал гарган, 5.7 их наяд төгрөг буюу 22.0%-ийн цэвэр ашигтай ажиллан, 7.2 их наяд төгрөгийн авлага, 22.9 их наяд төгрөгийн өглөгтэй гарсан ба 6.1 их наяд төгрөгийн төсвийн төлбөр, 3.6 их наяд төгрөгийн ногдол ашгийн төлбөр төлж, 59.4 их наяд төгрөгийн нийт хөрөнгө, 9.6%-ийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан байна.

Цаашид Төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдүүдийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, нэгдсэн удирдлагын тогтолцоог бий болгох, хяналт, мониторинг, төлөвлөлт, гүйцэтгэлийн нэгдсэн цахим удирдлага, зохицуулалтын системийг нэвтрүүлэх, өмчлөлийн бодлогын баримт бичгийн хүрээнд үр ашиг, бүтээмж, засаглалыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах замаар өөрчлөн зохион байгуулалтад оруулж, хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй хувьцаат компани болгох зэрэг арга хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар үе шаттай авч хэрэгжүүлэх болно.

Иймд Төрийн байгууллагын үйл ажиллагааг “улс төржүүлсэн” гүтгэлгийн шинжтэй хувь хүн болон байгууллагын нэр төрд халдсан хариуцлагагүй үйлдэл гаргахгүй байхыг сануулж байна. Мөн УИХ-ын гишүүн “С.Ганбаатарыг дээрх хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх ёстой” гэж үзэж хууль, хяналтын байгууллагад гомдол гаргасан болохоо мэдэгдэж байна.
ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
2025.06.30

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан