Н.Наранбаатар: НДШ-ийг 2%-иар бууруулахад 190-ээд тэрбум төгрөгийн төсвийн тодотгол хийх шаардлагатай
2021.05.13

Н.Наранбаатар: НДШ-ийг 2%-иар бууруулахад 190-ээд тэрбум төгрөгийн төсвийн тодотгол хийх шаардлагатай

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нарын 7 гишүүний санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжиж, харьяалагдах байнгын холроогоор анхны хэлэлцүүлгийг хийхээр шийдвэрлэсэн. 

Уг хуулийн төсөл батлагдвал 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдсэн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг 2%-иар бууруулах боломж бүрдэнэ. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай хуулийн төслийн талаар ярилцлаа.


Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн Улсын Их Хурлын чуулганаар нийгэмд хүлээлт бий болгосон Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн 75.4 хувийн саналаар дэмжлээ. Хууль санаачлагчийн хувьд энэхүү хуулийн төслийн боловсруулах үндэслэл, шаардлагыг талаар танаас тодруулая.

- 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд өөрчлөлт оруулан Тэтгэврийн даатгал болон даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн. Энэ үед 2019 оны 12 дугаар сард Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахал гарах, түүнчлэн уг цар тахал нь 2020, 2021 онд үргэлжлэн нийгэм, эдийн засгийн амьдралд хүндрэл үүсгэнэ гэж тооцоолох боломжгүй хүчин зүйл байсан.

Үйдвэрчний байгууллагын судалгаагаар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар 19000 аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэлийн 176.0 тэрбум төгрөгийн өртэй, ажиллагсдын дундаж цалин 1 162 200 төгрөгөөс 34.7 хувийг татвар шимтгэлд зарцуулж байна. Сүүлийн 1 жил гаруй хугацаанд энэ байдал улам дордсон тул Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хэмжээгээр бууруулах шаардлага бий болсон.

Тиймээс төрөөс цаг үедээ тохирсон өөрчлөлтийг хийх шаардлагын харгалзан хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Г.Ганболд, Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир, А.Болорчулуун, Д.Өнөрболор гишүүдийн хамтаар боловсруулан өргөн барьсан. Энэ хууль батлагдсанаар нийт 49.7 мянган ажил олгогч, 168 мянган шимтгэл төлөгч ажиллагсад уг хөнгөлөлтийг эдлэх юм. 

Хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээ нь ямар байх вэ?

- Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтөөр Тэтгэвэрийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг “9.5” гэснийг “8.5”, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт 12.5 хувь гэснийг 11.5 болгон өөрчлөхөд даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих дарамт ихээхэн багасах болно. Ингэснээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах, ажлын байрыг нэмэгдүүлэх тэр хэмжээгээр ажиллагсдын амьдрал дээшлэх юм. 

Хуульд өөрчлөлт оруулснаар эдийн засаг, нийгэмд хэрхэн нөлөөлөх, ямар хууль зүйн үр дагавар бий болох вэ?

- Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар нийгмийн даатгалын санд төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Үүнтэй холбогдуулан төрөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэхгүй бол нийгмийн даатгалын сангийн бие даасан байдалд бэрхшээл учрах тул төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч ирнэ гэдэг нь ойлгомжтой болсон. Цар тахлын онцгой нөхцөлд ард түмний эрх ашгийн төлөө эдгээр арга хэмжээг авах хэрэгтэй байна. 

Онцгой нөхцөл байдлын улмаас хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ОУВС-тай хэлэлцэн тохиролцож, цар тахлын улмаас эдийн засагт учирсан бэрхшээлийг даван туулсны дараа нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бололцоотой юм. Наад зах нь нийгмийн даатгалын багц хууль тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх хүртэл төслөөр дэвшүүлж байгаа бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Монгол Улс нь Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт 2017 оноос хамрагдаж, энэхүү тохиролцооны хүрээнд зарим төрлийн татвар болон нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх үүрэг авч, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2, 2019 онд 1, 2020 онд 2 хувиар өсгөн хуульчилсан юм.

Энэ нь санхүүгийн орчинг эрүүлжүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэхэд ач холбогдолтой гэдэг нь маргаангүй билээ. Өнөөдөр 1995 оны шинэтгэлээс өмнөх 286 мянга /одоо 56 мянга/, цэргийн албан хаагч байсан 19 мянган иргэн зэрэг зарим төрлийн даатгалын шимтгэл болох 499 тэрбум орчим төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж байна. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn