94 жилийн түүхтэй Ус, цаг уурын байгууллагыг үгүй хийх гэж байна хэмээн шүүмжлэв
2018.06.13

94 жилийн түүхтэй Ус, цаг уурын байгууллагыг үгүй хийх гэж байна хэмээн шүүмжлэв

Өнөөдөр /2018.06.13/ УИХ-ын БОХХААБХ-ны хурлаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар Орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан 8 хуулийг өргөн барьсны нэг нь энэхүү хууль юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн асуулт асуулаа.

Г.Тэмүүлэн: Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлтэй холбогпдуулан сүүлийн үед төрийн албаны томилгоог, тэр дундаа орон нутагт босоо байгааг хэвтээ болгох асуудлууд их яригдаж байна. Хэд хэдэн салбар дээр өөрчлөлтийн асуудлууд орж ирж байна. Агуулга, төвлөрлийг сааруулах зэрэг зарчим нь бол зөв.

ГЭХДЭЭ ЗӨВХӨН ТОМИЛГООТОЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫН ХҮРЭЭНД ХИЙХ НЬ ӨРӨӨСГӨЛ ГЭЖ ХАРЖ БАЙНА.

Үнэхээр бид төвлөрлийг сааруулъя, орон нутагт эрх мэдлийг өгье гэж байгаа бол үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд байх ёстой гэж харж байна. Яг энэ оруулж ирж байгаа өөрлчөлтөөс илүү том агуулгаар нь харах ёстой. 

Өнөөдөр ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагат ажиллаж байгаа мэргэжилтэнгүүд өөрийн онцлогтой. Нарийн мэргэжлийн салбар. Орон нутагт боловсон хүчнүүд байдаг асуудлууд бол хүндрэлтэй. Тухайн томилогооны асуудлыг орон нутагт  нь томилдог, дээрээс Засаг дарга нь солигдох тоолон болгонд мэргэжлийн байгууллагыг улс төржүүлдэг асуудал байж болохгүй. Үнэхээр төрийн албыг мэргэшсэн тогтвортой, үр дүнтэй удирдъя гэж байгаа бол энэ бодлогын өөрчлөлтийг сууриар нь өөрчлөлт хийх ёстой.

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТОГТОЛЦОО, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛААС ЭХЛЭЭД БОДЛОГЫН ТҮВШИНДЭЭ ХИЙХГҮЙ БОЛ ХЭВТЭЭ НЬ БАЙНА УУ, БОСОО НЬ БАЙНА УУ, АЛЬ НЬ МОНГОЛЫН ТӨРД ХЭРЭГТЭЙ ВЭ ГЭДГИЙГ ҮҮГЭЭР ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ.

Босоо томилгоотой энэ ус, цаг уур шиг мэргэжлийн байгууллагыг хэвтээгээр томилгоо хийнэ гэдэг бол зарчмын хувьд буруу асуудал. Ингэхгүй бол сонгууль болгоны ард томилгооны асуудал үүсдэг. Яг одоогийн орж ирсэн саналаар дэмжих боломжгүй. Бид энэ өөрчлөлтийг хийлээ гэхэд улсын хэмжээнд хичнээн боловсон хүчин хамрагдах боломжтой болох вэ? Мэргэжлийн байгууллагын онцлогт нь яаж нөлөөлөх вэ? 

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин: Манайх 1893 хүнтэй. Монгол Улсын 137 суманд 5 хүнтэй цаг уурын өртөө, 183 суманд 1 хүнтэй цаг уурын харуул байна. Энэ хуулийн 6-р зүйлд өөрчлөлт орсноор 1893 хүнээс 1500-1600 хүнийг нь аймаг, дүүргийн засаг дарга томилдог болох гэж байна.

ЭНЭ БОЛ 94 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ УС ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА ГЭСЭН ӨНЦГӨӨС ХАРЖ БАЙНА.

Улсын сүлжээ гэдэг бол хүрээлэн, төв, лаборотори, өртөө харуулаас бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 100 орчим, байгаль орчин хэмжил зүйн лабороторит 30-40 хүнтэй нэгжийн албан хаагч хүртэл хамаарна. Аймгийн төвд 20-40 хүнтэй Ус, цаг уур, орчны шинжилгээний төв гэж байдаг. Энэ төв бас энэ нэгжид хамаарна. Эдгээр хүмүүсийг аймаг, сумын засаг дарга томилдог болбол дээрээ Цаг уурын агентлаг гэж байх шаардлагагүй. Орон нутагт цаг, уур шинжилгээний төв гэж байхгүй болно. Ер нь бол Засаг даргын дэргэд цөөхөн хэдэн хүнтэй цаг, уурын алба болоод бутраад 22 хуваагаад хаях нь Цаг уурын байгууллагыг үгүй хийнэ гэж харж байна. 

Ийм түүх 1996-2001 оны үед давтагдаж байсан. 1995 онд Цаг уурын хууль батлагдаад хэдхэн жилийн хугацаанд хэвтээ байдлаар явж байсан.

Энэ үед манай цаг уурын байгууллагын тоготлцоо үгүй болсон. Сумын засаг даргын авгай нар цаг уурын ажиглагч хийгээд явж байлаа. Ажил нь хөнгөхөн,цэвэрхэн, цалин боломжийн, амархан гээд 10-р анги төгссөн хүүхэд сумандаа курсээр хичээллээд цаг уурын ажилглагч хийж байсан түүх бий.

Энэ цаг үед их олон өртөө харуул хаагдсан. 2002 оноос төсвийн байгууллагын удирдах санхүүжилт хэрэгжээд, босоо тогтолцоонд шилжсэнээс хойш монголын цаг уурын алба төсөв санхүү хүндрэлтэй байгаа ч дэлхийн дундаж түвшинд тун ойртож байна. Манай мэдээ, мэдээллийн чанар олон улсын түвшинд байна. 

ЗӨВХӨН БИ БИШ МАНАЙ САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙГАА 1800 ГАРУЙ ХҮН БҮГД ЭНЭ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА. 

Д.Тогтохсүрэн: Төвлөрлийг сааруулах асуудлыг их өргөн хүрээнд авч үзэж байна. Энэ хүрээнд 5 ажил хийх хэрэгтэй байна. Нэгдүгээрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага зайлшгүй байна. Хоёрдугаарт, Монгол Улсын хэмжээнд чиг үүргийн дахин хуваарилалт хийх хэрэгтэй. Гуравдугаарт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг эрс шинэчлэх ёстой. Дөрөвдүгээрт, төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, холбогдох хуулиудад цаашдаа өөрчлөлт оруулах шаардлагатай. Тавдугаарт, боловсон хүчний удирдлагын босоо тогтолцоог хэвтээ чиглэлд оруулах чиглэлээр ажиллах шаардлагатай байна. 

Багцаар нь шийдэх ёстой гэж Г.Тэмүүлэн гишүүн ярьж байна. Аливаа асуудлыг багцаар нь шийднэ гэвэл бид угаасаа чадахгүй. Төсөв, боловсон хүчин, чиг үүргийн асуудал, бүтцийн асуудал гарч ирнэ. Алхам алхмаар урагшилж явж байна.

Энэ хуулийг зөвхөн биш санаачлаагүй. УИХ бодлогын хүрээнд төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлага байна гэж үзээд УИХ-ын даргын 78-рх захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэг орон нутгийн удирдлага, мэргэжлийн хүмүүстэй уулзаж саналаа боловсруулаад энэ хуулиудыг өргөн барьсан. Өнгөрсөн Даваа гарагт намын бүлгүүдээр ярилцаад 8 хуулийн төслөөс 2 хуулийн төслийг татаад, 6 хуулийн төслий явуулъя гэж тогтсон.

Манай дарга нар хүн томилохдоо сайн, хөрөнгө шийдэхдээ сайн л гэж яриад байна. Хүн томилдог, хөрөнгө шийддэг ажлыг аль болохоор орон нутагт шилжүүлэх ёстой. Тэгж байж төвлөрөл саарна.

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮНЭЭ БАЙЛГАЯ ГЭВЭЛ САЛБАРЫНХАА ХУУЛИНД СУМАНД, БОЛОН АЙМАГТ БАЙХ ХҮМҮҮСИЙНХЭЭ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЁСТОЙ.

Түүнээс биш томилгоо өөрчилснөөрөө 94 жилийн түүх дуусна гэж дэмийн юм ярихаа болих хэрэгтэй.

Нөгөө талаар 2019 оны 1 сарын 1-нээс Төрийн албаны хууль хэрэгжинэ. Энэ хуулиар бүх төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны тавигдах шаардлагыг тодорхой болгож өгсөн. Тиймээс энэ хууль гарснаар бужигнаан үүснэ гэж бодохгүй байна.