Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барилаа
2020.12.07

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбат 2020 оны 12 сарын 07-ны өдөр УИХ-д өргөн баилаа. 

Уг хуулийн төсөл нь:

Монгол Улс Үндсэн хуульдаа “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн заасан бөгөөд энэхүү заалтыг үндэслэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь бие даасан, нээлттэй, ил тод байх зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой уялдуулж Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг шинэчлэн найруулж батлан, дагаж мөрдөж байгаа билээ. Уп хуулиудаар Улсын Их Хурлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэх үе шат, байнгын хороодын тоо нэмэгдсэн зэрэг нь бүлэг бодлогоо боловсруулахад нь зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албаны ажлын чанар, гүйцэтгэлд нөлөөлж байна.

Улсын Их Хурлаар чанартай, зөрчил, хийдэлгүй хууль тогтоомж батлахын тулд бүлгийн ажлын алба гол үүрэг гүйцэтгэдэг тул ажлын албыг хангалттай тооны ажилтантай байлгах шаардлагатай зүй ёсоор үүсэж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулиудын хэрэгжилтийг бүрэн хангахын тулд бүлгийн ажлын албаны ажилтнуудын орон тооны доод хязгаарыг тогтоож өгснөөр бүлгүүдийн Тэнцвэртэй ажиллах, гишүүд мэргэжил арга зүй, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаагаа бүрэн авах, үйл ажиллагаанд нь саад учрахгүй байх нөхцөл бүрдэх юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасан хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Хуулийн төсөл хоёр зүйл, хоёр заалттай. Хуулийн төслөөр Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн ажлын албаны ажилтны орон тооны талаар болон хууль үйлчилж эхлэх хугацааг зохицуулсан болно.

Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, түүний баталгаа, Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг тогтоох зорилго бүхий Монгол Улсын Их Хурлын тухай хууль бүрнээ хэрэгжих, Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэг бодлогоо боловсруулахад нь зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх үйл явц бодитоор хэрэгжих болно.