2018.04.26

О.Баасанхүү: Хүн гүтгэхэд хариуцлагатай болгох хэрэгтэй

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

МУ-ын Үндсэн хуульд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг талаас нь дэмжиж байгаа. Гэхдээ бид Улс төрийн албан тушаал хашдаг, ард түмнийг төлөөлдөг. Хүн гүтгэх нь хуульгүй болчхоод байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэдэг. Иймд энэ хуулин дээр дагалдах хуулиуд хамт орж ирэх хэрэгтэй. Хүн гүтгэвэл эрүүгийн хариуцлагатай. Ялангуяа онц гэмт хэрэгт гэж тусгайлан заах хэрэгтэй. Ингэхгүй бол улс төрчид нь санхүүжүүлээд , өрсөлдөгчөө намнах гээд хууль хяналтын байгууллага шалгаж байна гээд явдаг. Дагалдах хуулийг өргөн барьж болоогүй юм уу? Эмзэг хууль оруулж ирж байгаа учраас дотор нь хүн гүтгэсэн хүнийг хариуцлага тооцно гэсэн заалт байх хэрэгтэй байна. Гүтгүүлээд шалгуулсан хүн буруугүй нь тогтоогддог, хэн ч хариуцлага хүлээдэггүй. Сэрдсэн, хардсан хүн үсрээд 2 сая төгрөгөөр торгуулдаг. Бие биенийгээ гүтгэх байдал эрээ, цээрээ алдлаа. Нийгэм бүхэлдээ итгэл үнэмшилгүй болж байна.