2020 оны эхний 9 сарын байдлаар төсвийн гүйцэтгэл 91.7 хувьтай байна
2020.10.22

2020 оны эхний 9 сарын байдлаар төсвийн гүйцэтгэл 91.7 хувьтай байна

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Г.Тэмүүлэн, С.Ганбаатар, Т.Аубакир, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар Гаалийн ерөнхий газарт ажиллалаа. 

Энэ онд Монгол Улсад Гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 108 жилийн түүхэн ой тохиож байна.

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт жил бүр өсөж байна. 2018 онд 12.9 тэрбум ам.доллар, 2019 онд 13.7 тэрбум ам.долларт хүрчээ. Улсын төсвийн гаалийн орлогын гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2018 онд 125 хувиар, 2019 онд 101.6 хувиар давуулан биелүүлж байсан бол 2020 оны эхний 9 сарын байдлаар 91.7 хувийн гүйцэтгэлтэй буюу 2.1 их наяд төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.

Сүүлийн жилүүдэд гаалийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгджээ. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр шуурхай удирдлагын төвийн барилга, теле хяналтын систем, гаалийн төв болон салбар лаборатори, тоног төхөөрөмж, шилэн кабель, ухаалаг гарц, хилийн боомтуудын барилга, байгууламжийн өргөтгөл шинэчлэлийн ажлуудыг эхлүүлсэн байна.

Гаалийн байгууллага нь аж ахуй нэгж, иргэдэд гаалийн лавлагаа болон өртэй эсэх тодорхойлолтыг гаалийн гадаад портал СЭПС системээс цахимаар олгож байгаа бол  2020 оноос гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолтыг төрийн үйлчилгээний “e-mongolia” платформоор олгож эхэлжээ.

Гаалийн байгууллага төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэйгээс гадна хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Гэвч хуулийн хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг явуулах эрх зүйн боломжгүй байдгаас олон хүндрэл үүсдэг байна.

Иймд гаалийн байгууллагын шинэчлэлийн стратегийг хэрэгжүүлж, инновац, технологид суурилсан мэргэшсэн байгууллага болох зорилтыг тавьжээ. Энэ хүрээнд Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Мөн мэргэшсэн боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, технологийн тусламжтай хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг 2-3 дахин өсгөх, хууль ёсны худалдааг хөнгөвчлөн төсвийн орлогыг шуурхай бүрдүүлэх, цахимжсан гаалийн байгууллага болох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаалийн байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг нэмж, 2017 онд хассан нэмэгдлүүдийг эргүүлэн олгодог болох, Гаалийн тухай хуулийн төслийг яаралтай батлахад Төсвийн байнгын хорооноос анхаарах шаардлагатайг хөндөв.

Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн боловсон хүчнийг чадавхжуулах, тодорхой газруудад олон улсад итгэмжлэгдсэн лабораториудыг байгуулах хэрэгтэйг хэлэв.

Мөн УИХ-ын гишүүн Т.Аубакир гаалийн байгууллагын шинэчлэл эрчимтэй өрнөж байгааг тэмдэглээд орон нутагт ажиллаж байгаа гаалийн ажилтнуудын нийгмийн хангамжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага байгааг хэллээ.