Улсын Их Хурлын бүтцэд гурван Байнгын хороо нэмж байгуулах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.07.09) хуралдаан 10 цаг 57 минутаас 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав.
Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж тус тус заасан.
Мөн шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэйгээр ажиллана” гэж заасан.
Түүнчлэн мөн зүйлийн 23.3 дахь хэсэгт Улсын Их Хурал нь Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн найман Байнгын хороотой ажиллахаар хуульчилсан.
Харин төсөл санаачлагч гишүүд Улсын Их Хурлын зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээ хэт өргөн бөгөөд олон чиглэлийг хамарч байгаа нь Улсын Их Хурлаас батлагдан гарах хууль тогтоомжийн чанар, Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг оновчтой хэрэгжүүлэхэд зарим бэрхшээл үүсэж байна гэж үзжээ.
Иймээс Улсын Их Хурлын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, дотоод зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулахтай холбоотойгоор зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг салгаж, үйл ажиллагааны зохих салбар чиглэлээр ажиллах зарим Байнгын хороог нэмж байгуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Хуулийн төсөлд Улсын Их Хуралд Ёс зүй, сахилга хариуцлагын, Инновац, цахим бодлогын, Үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван Байнгын хороог шинээр байгуулахаар тусгажээ.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим асуудлыг хариуцах чиг үүрэгтэй байгуулж, гишүүний ёс зүйн талаар баримтлах үндсэн зарчим, чиг баримжааг тодорхойлох, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага оногдуулах, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуралдааны дэг, ирцийн асуудлыг эрхлэхээс гадна гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, хуулиар зөвшөөрөгдсөн албан тушаал хавсран гүйцэтгэхтэй холбоотой асуудал, мөн нийт төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хууль тогтоомж, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, батлуулах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, төрийн албаны бүх шатны ёс зүйн хороодыг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй ажиллах аж.
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг салгаж Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулж ажиллуулахаар төсөлд тусгажээ.
Түүнчлэн Улсын Их Хуралд Үйлдвэржилтийн бодлогын асуудал эрхэлсэн Байнгын хороог шинээр байгуулан ажиллуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг уг Байнгын хороонд хариуцуулж ажиллуулахаар тусгасан байна.
Хуулийн дээрх зохицуулалттай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Байнгын хороо 15-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасныг өөрчилж 11-15 гишүүнтэй байх, гишүүн нэгэн зэрэг гурав хүртэл Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болохоор зохицуулжээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо