​Н.Учрал: Тэтгэврийн санд хуримтлуулсан мөнгөө үр хүүхдэдээ өвлүүлдэг болно
2020.08.12

​Н.Учрал: Тэтгэврийн санд хуримтлуулсан мөнгөө үр хүүхдэдээ өвлүүлдэг болно

УИХ-ын гишүүн Н.Учрал нарын гишүүд Хувийн тэтгэврийн хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөл болон 

-НД-ын багц хуулийг шинэчлэх ажлын хэсгийг байгуулсан гэсэн. Хуулийн төслүүдийн гол өөрчлөлтүүд юу байх вэ?

-Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл дээр бүлэг ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг би ахалж ажиллаж байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөрт Хуримтлалын нэгдсэн сан байгуулна гэж тусгасан. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч багтаж байгаа. Тиймээс цаашдаа бид Хуримтлалын нэгдсэн сан байгуулж, сангаа эргэлтэд оруулж, ард түмэндээ үр өгөөжийг нь хүртээдэг тогтолцоо руу явах хэрэгтэй.

Манай тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл тэтгэвэр авч байгаа бол 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэвэр авч байна. 53 хувь нь 350 мянгаас доош тэтгэвэр авч байна. Тиймээс тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд Хувийн тэтгэврийн хуулийг боловсруулсан.

Энэ хуулийг батлан гаргаснаар НДШ-д төлж байгаа 24 хувийн 17 хувийг Тэтгэврийн даатгалд төлж байгаа. 17 хувийн дөрвөн хувийг Хувийн тэтгэврийн санд хийх боломжтой болгох эрх зүйн зохицуулалтыг хийж өгч байгаа. Ингэснээр сая төгрөгийн цалинтай хүн дөрвөн хувь буюу 40 мянган төгрөгийг Хувийн тэтгэврийн сандаа төлнө. Ингээд хүүгээс хүү бодох аргачлалаар бодвол хуримтлал нэлээд өсөх боломжтой.

Тухайлбал, 800 мянган төгрөгийн цалинтай хүн сард 13 хувиа төрийн тэтгэврийн санд дөрвөн хувийг Хувийн тэтгэврийн санд төлбөл 30 жилийн дараа 76 сая төгрөгийн хуримтлал үүснэ. Энэ мөнгийг үр хүүхдэдээ өвлүүлэх боломжтой. Эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай бол энэ мөнгөнөөсөө авч болно. Сар бүр 461 мянган төгрөгийн тэтгэвэр бодогдоно гэсэн үг. Тэгэхээр Төрийн тэтгэврийн сангаас авч байгаа 316 мянган төгрөгтэй нийлээд 777 мянган төгрөгийн тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэсэн үг.

-Тэгвэл Хувийн тэтгэврийн тухай хуулийг намрын ээлжит чуулганаар баталж амжих уу?

-Хувийн тэтгэврийн тухай хуулийг хэлэлцүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. НД-ын багц хууль буюу Тэтгэврийн хуулийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам оруулж ирнэ. Хувийн тэтгэврийн хуулийг УИХ-д өргөн барьсан учраас хэлэлцүүлээд явна. Харин салбар яам нь Тэтгэврийн хуулийг оруулаад ирвэл хамтатгаад хэлэлцээд явах боломжтой.

-Ээлжит бус чуулганаар “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батална. Тэгвэл хадгаламжийн хүүг бууруулах боломж бий юү?

-Тогтоолын төслийг УИХ-ын гишүүдэд албан ёсоор тараагаагүй байна. Гэхдээ зээл болон хадгаламжийн хүүг бууруулах боломж байгаа. Ялангуяа цар тахлын үед хадгаламж, зээлийн хүүг бууруулах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй байна.

Нөгөө талаар цогцоор нь харж, банкны тогтолцоонд шилжсэн эдийн засгаас яаралтай салахгүй бол болохгүй. Зээлийн хүүг бууруулах тогтоол УИХ-д оруулъя, оруулахгүй гэдэг хэрүүлтэй үе үеийн парламент ажиллаж байна. Үүнийг өөрчлөхийн тулд санхүүгийн системээ хөгжүүл. Үүний нэг нь Хуримтлалын нэгдсэн сантай болох. Хуримтлалын нэгдсэн сангаа байгуул. Засгийн газрын тусгай сангаар байгуулагдсан олон сан байна. Энэ сангуудад сайд нар салбарын менежмент хийхээ болъё.

Салбарын менежментийг хөндлөнгийн хөрөнгө оруулалт, менежментийн компаниуд нь удирддаг хэлбэр рүү яваад, салбарын яамд зөвхөн бодлогоо бариад явах нь зөв. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд НД-ын шинэчлэлийг энэ намар эхлүүлэх ёстой. Ингэж байж зээлийн хүү бууруулах, бууруулахгүй тухай асуудлыг ярихаа больж, санхүүгийн зах зээл өөрөө эргэлтэд орж эхэлнэ. Мөн Засгийн газрын бонд, үнэт цаас өөрөө бодитой хөрөнгө оруулагч нартай болж, баян ядуугийн ялгаа арилна гэдэг байр суурьтай байгаа.

-Зээлийн хүүг бууруулах асуудлыг ярихаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг батлах гэж байна гэсэн хардлага гараад байх шиг байна?

-Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй. Тэгэхээр Их хурлын тогтоолыг л батална. Хөрөнгө оруулалтын банкны хууль болоод бусад хууль тогтоомжуудыг хэлэлцэх асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй байх. УИХ-ын тогтоолыг гүйцэтгэх засаглал хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг өөрсдийнхөө төлөвлөгөөг гаргаж танилцуулна. Тэгэхээр УИХ бүрэн эрхийнхээ бүрээнд тогтоолоо гаргана. Засгийн газар тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг төлөвлөгөөгөө эргэн танилцуулах байх.