“Дэлхийн жишиг уул уурхай- Эрдэнэс-Тавантолгой” сэдвээр оюунаа уралдуулсан шилдгүүд тодорлоо
2019.04.29

“Дэлхийн жишиг уул уурхай- Эрдэнэс-Тавантолгой” сэдвээр оюунаа уралдуулсан шилдгүүд тодорлоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас анх удаа уламжлал болгон “Дэлхийн жишиг уул уурхай-Эрдэнэс-Тавантолгой” сэдвээр оюутнуудын дунд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шилдгүүдийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тодрууллаа.

Хоёрдугаар шатанд тэнцсэн 25 бүтээлийн 40 гаруй оюутны судалгааны ажлыг хэлэлцэхээр эрдэм шинжилгээний бага хурлыг дээрх өдөр зохион байгуулж, шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 7 бүтээлийгтодруулав.

Уралдааны тэргүүн байрыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эдийн засагт оруулсан хувь нэмэр ба ирээдүйсэдвээр СЭЗИС-Экономиксийн болон НББ тэнхимийн Э.Анхбаяр Б.Уянга Г.Баттогтох Г.Булганхүү, дэд байрыг “Эрдэнэс-Тавантолгойн авто тээвэртэй технологт шинэчлэлт хийх судалгаа” сэдвээр ШУТИС-“Геологи уул уурхайн сургууль” Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын ангийн оюутан Ж.Очир, А.Амарзаяа Б.Элбэгсайхан, гуравдугаар байрыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эдийн засагт оруулсан хувь нэмэр ба дараагийн алхам сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 222-р дамжааны суралцагч Ө.Сүрэнцэцэг М.Үүрийнтуяа, мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсад IPO гаргахын ач холбогдол сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Б.Бадамцэцэг Ү.Чулуунбаатар, тусгай байрыг Цахилгаан-гидравлик, дизель-гидравлик экскаваторуудын зардлын харьцуулсан судалгаа сэдвээр ШУТИС-ДарханТехнологийн сургуулийн уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын ангийн оюутан Б.Балжинням, “Резинийг металлаас салгаж авах RPR технологийг “Эрдэнэт үйлдвэр”-т нэвтрүүлэх боломжийн судалгаа” сэдвээр Технологийн сургууль, Механикийн тэнхимийн оюутан О.Ганбат нар тус тус эзэлж, компанийн нэрэмжит шагналыг хүртэж, цаашдын эрдмийн ажилдаа урам авснаа илэрхийллээ.

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулиудын Геологи, уул уурхай болон Бизнес, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг горилон суралцаж буй хоёр болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулсан уг арга хэмжээг улсын хэмжээний томоохон ажил болохыг эрдэмтэн багш нар онцолж, дэмжин ажилласан компанийн хамт олонд талархлаа илэрхийлэв.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “шалгарсан оюутнуудын судалгааны бүтээлийг зөвхөн шалгаруулаад орхих биш бодит ажил болгох чиглэлд илүү анхаарч, уурхай дээр дадлагажуулах, практикт судалгааны ажлыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана” гээд оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.

Энэхүү арга хэмжээг компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа болон Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг оюутнуудын эрдэм шинжилгээний ажил, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг бүтээлээр дамжуулан олон нийтэд таниулах, харилцан мэдээлэл солилцох, оюутнуудыг тэтгэлэгт хамруулахад ач холбогдолтой юм.

Мөн өдөр ШУТИС-ийн салбар сургуулиудын оюутнууд өөрсдийн зохиосон эрдэм шинжилгээний загвар бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж, 50 бүтээлийг өрсөлдүүлсэн бөгөөд шилдгээр шалгарсан Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн программ хангамжийн 4-р курсын оюутан Х.Тэмүүлэнг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас дэмжин урамшууллаа.