Л.Энхболд: Уур уухайгаас үүдэн ус хомсдвол эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн төсөл өргөн барина
2019.04.19

Л.Энхболд: Уур уухайгаас үүдэн ус хомсдвол эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн төсөл өргөн барина

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоогийн парламент хийх чадамжгүй гэж сөрөг хүчин мэдэгдсэн. үүнийг УИх нэг бүлэгтэй болсонтой холбож тайлбарласан. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн 25 жилд Монгол Улсын хөгжил ямар түвшинд яваад ирэв, тогтолцоо, баялгийн хуваарилалт дээр бид анализ хийсэн юм. Хэсэг гишүүдийн хамт. Тэгэхэд гурван зүйл ажиглагдсан. Нэгдүгээрт, Үндсэн хууль нийгмийнхээ хурдыг гүйцэхээ байчихаж. 1992 оны Үндсэн хууль 27 жилийн дараа өнөөдрийн нийгэмтэй хөл нийлүүлэн алхахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Хоёрдугаарт, шударга ёс гэж зүйл байхгүй болчихсон. Үндсэн хуулиараа төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ гэж тунхагласан мөртлөө үүний дээр хууль, хяналтынхан гараад суучихсан.

Гуравдугаарт, баялгийн тэгш хуваарилалт гэж үгүй болжээ. 30 гэр бүл гэдэг худлаа биш. Төдий тооны хүрээний гэр бүл баялгийг хуваарилаад авчихсан. Иймээс цаашид ирээдүйн 25 жилээ харах ёстой юм. Төдөн гишүүнтэй, нэг нам эрх барьж байна гэдэг гол биш. Дараагийн 25 жил ямар нийгмийг үлдээх гээд байгаа юм бэ гэдгээ л бодох ёстой. Тэгэхээр дээрх гурван зүйлийг засахаас өөр аргагүй.

Үндсэн хуулиар төрийнхөө тогтолцоог ойлгомжтой болгож өгөхгүй бол хагас Ерөнхийлөгчийн тогтолцоотой ч юм шиг, парламентын засаглалтай ч юм шиг явсаар ирлээ. Яагаад гэвэл энэ хоёр субьект албан тушаалтнуудыг хувааж томилдог. Тагнуул, цагдааг хувааж томилдог. УИХ-аас АТГ, прокурорын даргыг томилдог. Ерөнхийлөгчийн зарлигаар шүүхийн удирдлагыг томилдог. Ерөнхийлөгч бүх хуулиудад хориг тавих эрхтэй. Ингээд харахаар өнгөрсөн хугацаанд төрийн эрх барьж буй нөхдүүдийн хууль бус үйлдэл нь тогтолцоо болохгүй байгааг тодорхойлчихлоо. Үндсэн хуулиар маш тодорхой зааж өгөхгүй бол болохгүй нь. Аль нэг нам давамгай гэхээс илүү өнөөдрийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт хийхээс өөр аргагүй. Цаг хугацааны хувьд ч тэр.

-Орж ирж буй өөрчлөлттэй санал нийлж байгаа юу?

-100 хувь санал нийлэхгүй. Иргэдтэй уулзаж байхад парламентын хоёр танхимтай байх асуудлыг тавьдаг. Магадгүй хоёр танхимтай байх нь зүй ёстой хэрэг байж мэдэх юм. Яагаад гэвэл жижиг мажоритар тойрогтой учраас гишүүн болгон тойргийн эрх ашгийг ярьдаг. Нэг хүний эмчилгээний зардал, сургалтын төлбөр гэдэг. Тэгэхээр улсынхаа эдийн засгийг 76 тойрогт хуваачихаж байгаа юм. Тийм учраас дээд, доод танхимтай байх бололцоо бий. Нөгөө талдаа Үндсэн хуульдаа Ерөнхийлөгчийнх үү, парламентын тогтолцоотой байх уу гэдгээ маш тодорхой болгож өгөх ёстой. Үүнийг ард нийтийн асуулгаар шийднэ. Миний хувьд парламентын засаглалыг дэмждэг. Сонгодог парламенттай байгаасай гэж хүсдэг.

-Таван толгой-Гашуун сухайтын төмөр замыг дуусгалгүй Зүүнбаян руу бүтээн байгуулалт хийхээр боллоо. Энэ зөв үү?

-Би ч гэсэн эргэлзээтэй байр суурин дээр байгаа. Засгийн газар дээр ярилцаж байна. Мэдээж бүтээн байгуулалтаа дэмжих ёстой. Уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өндөр үнэтэй байна. Үүнийг ашиглах ёстой. Нөгөө талаасаа дэд бүтэцгүйгээр тээвэр хийхээр байгаль орчин ихээр сүйддэг.

Тиймээс дэд бүтцээ сайжруулах нь зүйн хэрэг. Гэхдээ Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 256 км-ийн төмөр замын ажлыг мэргэжлийн хүмүүсийн зүгээс 70 хувь нь бэлэн болчихсон гэж мэдээлсэн. Бэлэн болчихсон ажлаа явуулмаар байгаа юм. Гэхдээ Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг эхлүүлэхээр шийдчихлээ. Санхүүжилтийн хувьд хоёр хэлбэртэй. Нэгдүгээрт, Эрдэнэс Таван толгойн эхний санхүүжилтийг Зүүнбаянгийн татах төмөр зам руу оруулж, ажлаа эхлүүлье гэсэн. Харин Таван толгой-Гашуунсухайтын ажил зогсохгүй. Яаж үргэлжлэх вэ гэхээр уг төмөр замын 49 хувийг олон улсын зах зээл дээр тендер зарлаад өгье гэж байгаа юм. Тэгэхээр одоогийн ажлыг дуусгачих мөнгө гараад ирнэ. 49 хувийг хэн нэгэн гадны хөрөнгө оруулагч эзэмшиж болно. 51 хувийг Монголын төр эзэмшинэ. Ингэж хоёр төмөр замын ажил зэрэг явна гэж ойлгосон. Үүн дээр эргэж сайн ярилцах байх. Засгийн газар Зүүнбаян руу татах төмөр замын ажлыг эрчимжүүлчихлээ. Эрчимжүүлэхийг дэмжиж байна. Гол нь тэр даланг шороогоор нь үлдээж болохгүй.

-Гашуунсухайт болон Зүүнбаян чиглэлийн төмөр замууд ашиглалтад орвол ямар үр дүн гарах вэ. Энэ бүтээн байгуулалтын ач холбогдолын талаар ярихгүй юу?

-Хэд хэдэн ач холбогдолтой. Нэгдүгээрт, байгаль орчин. Байгаль орчинд тоосжилт үүсгэхээс гадна хөрс ихээр эвдэрч байна. Хоёрдугаарт, хүний эрх. Олон жолоочид тэнд очерлож тээвэр хийж байна. Гуравдугаарт, бага өртөгөөр эдийн засгийн хурдан эргэлтэд орно. Ийм гурван үндэслэл дээр энэ ажил явж байгаа. Цаашид дан ганц төмөр зам гэхээс илүү олон улсын зорчигч тээвэр болох боломжтой. Тиймээс төмөр замын бодлогыг зөвхөн эдийн засгийн эргэлт биш, олон улсын ачаа тээвэр, иргэд зорчих гээд хэд хэдэн давуу талыг нь харж байна. Мөн төмөр замаа дагаад олон өртөө бий болж, ажлын байр бий болно. Нэгэнтээ эхэлсэн замаа дуусгая гэсэн нэг л сөрөг зүйл бий.

Тэртэй тэргүй төмөр замаа дагаад хатуу хучилттай хүнд даацын зам явна. Таван толгой-Гашуунсухайтын 265 км засмал зам явах гэж байна. Тэнд 1400 гаруй хүнд даацын машин тээвэрт явдаг. Одоогийн засмал зам 7000 машин явах хүчин чадалтай очер дугаар, осол, замын эвдрэл гээд замбараагүй зүйлс үүнтэй холбоотой. Тиймээс 1400 машины хүчин чадалтай замын ажил эхлэхэд бэлэн болсон. Гэрээ хийгдсэн. Таван толгой-Ханги Мандалын чиглэлийн 434 км хатуу хучилттай зам баригдана. Тээвэр ч явна, төмөр зам ч явна. Аль аль талын дэд бүтэц бүрэн хангагдаад эдийн засгийн өгөөж үүсэх боломж бий болно.

-Та өнгөрсөн жил нүүрсний хулгайн асуудлыг гаргаж ирсэн. Энэ хэрэг ямар шатанд яваа вэ?

-2018 оны намраас эхэлсэн дээ. Ерөнхий сайд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт, хил орчимтой танилцсан. Тухайн үед Эрдэнэс Таван толгойн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268 мянган тонн нүүрсийг олборлосон. Үүний эзэн холбогдогч нь тодорхойгүй байна. Мөнгө нь хаашаа орсон тодорхойгүй учраас хулгай гэж нэрлэсэн. Тиймээс Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулаад нийтдээ 268 биш 340 мянган тонн нүүрс алдагдсан гэдгийг тогтоосон.

Тухайн үед орон нутгийн Таван толгойн удирдлагууд “Бид авсан. Гэрээ байгуулсан. Төлнө” гэсэн. Би тойргоос сонгогдсон гишүүний хувьд Таван толгойн удирдлагуудыг буруу гэрээ хийсэн гэж үзсэн. Яагаад гэвэл Өмнөговийн Таван толгой нутгийн ард түмний өмч. Тиймээс иргэдийн төлөөллийн хувьд би “Бид төлнө” гэдэг нь бодит уу гэдгийг шалгасан.

Шалгаж үзэхэд орон нутгийн Таван толгойд нэг төгрөг ч ороогүй. Мөнгө нь хаашаа орсон тодорхойгүй учраас хулгай гэж үзээд хууль, хяналтын байгууллага руу шилжүүлчихсэн. Сангийн яам нэхэмжлэгчээр явж байгаа. Тагнуул, цагдаа, АТГ ажиллаж буй. Би энэ хэргийг анх гаргаж тавьсан учраас ямар шатандаа явааг олон нийтэд мэдээлнэ. Хэрвээ бодитой хууль бус үйлдэл байвал үүнийг төгсгөл болгоно.

-Таныг Усны тухай хууль дээр ажиллаж байгаа гэж дуулсан. Уг хуулийн төслийг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд дэлхийн усны өдөр тохиодог. Дэлхийн усны өдөр хуулийн төслөө өргөн барьсан. Ерөнхийдөө Усны тухай хуульд ус хамгаалах талаас нь нэмэлт, өөрчлөлт оруулъя гэсэн юм. Дэлхийн усыг газрын доор, гадаргын гэж хоёр ангилдаг. Манай улсын газрын доорх ус нь нийт усны нөөцийн 1.9 хувийг л эзэлдэг. Гэтэл олон улсын жишигт нийт усныхаа хэрэглээний 20 хувьд газрын доорх усаа ашигладаг. 80 хувь нь гадаргынхаа усыг ашигладаг. Гэтэл манайд эсрэгээрээ нийт хэрэглээнийхээ 80 хувийг газрын доорх уснаас авч ашигладаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайд хэрэглэдэг гэсэн үг. Үлдсэн хэсгийг гадаргын усаараа хангадаг. Тэгэхээр бүх усны нөөцийнхөө 1.9 хувийг эзэлдэг зүйлийнхээ 80 хувийг бид уул уурхайд ашиглаж байна.

Газрын доорх усыг мөн эрдэст, эрдэс багатай гэж хоёр ангилдаг. Эрдэс багатай ус нь цэнгэг орд гэж явдаг. Тиймээс энэ удаа цэнгэг ордоо хамгаалж авч үлдье гэсэн хуулийн төслийг оруулж ирлээ. Байнгын хороо хэлэлцсэн. Удахгүй чуулганаар хэлэлцэх эсэхийг шийднэ. Уул уурхай хөгжиж буй манай улсад усны хомсдол бий болох магадлал өндөр. Яагаад гэвэл газрын доорх усаа хэрэглээд байгаа юм. Уул уурхай ямар ус хэрэглэж байгааг Байгаль орчны яам шинжилгээ хийгээд гаргаад ирсэн. Надад ирсэн мэдээллээр цэнгэг ордыг хэрэглээгүй гэсэн. Монголд нийтдээ 206 цэнгэг усны орд бий. 206 ордоо хамгаалаад авч үлдвэл хүн төрөлхтөнд оруулах хамгийн чухал зүйл. Уул уурхайн зориулалтаар цэнгэг усны ордыг ашиглахыг хориглоно гэсэн заалт оруулж ирж байгаа юм.

-Усыг бохирдуулахгүй байх талаас нь эрх зүйн зохицуулалт бий болох уу?

-Газрын доорх усыг хайгуулын цооногууд бохирдуулдаг. Хайгуулын цооногоо нөхөн сэргээж, таглалгүй хаячихдаг. Ингэхээр газрын доорх ус бохирддог. Тиймээс үүний эсрэг хуулийн заалт орж ирж байгаа. Цооногуудыг орон нутгийн удирдлагууд битүүлнэ. Дараа нь тухайн хайгуул хийж цооног гаргасан уул уурхайн аж ахуйн нэгжээс шүүхээр нэхэмжлэл гаргуулж төлүүлнэ. Нөхөн сэргээлтээ хийснийхээ дараа мөнгөө олж авдаг механизм руу орно. Хайгуул хийгээд явж байгаад шууд алга болчихдог юм билээ. Тиймээс шууд нөхөн сэргээлт хийх бололцоогүй.

Уул уурхай эрдэстэй усыг ашиглаж буй. Ашиглах нөөцийн түвшин гэж хяналтын тоолуур тавина. Тогтоосон түвшнээс доошоо орвол хомсдолыг бий болгож байна гэж үздэг. Учир нь уул уурхайн ордын ойролцоох булаг, шанд ширгэх, малчдын худаг ус ундрагагүй болох эрсдэлтэй. Тиймээс тэрхүү түвшингээс доош орвол эрүүгийн хариуцлага хүлээдэг санкц оруулаад өгчихсөн. Найман жил ял өгнө. Үүн дээр гишүүд ихээхэн бухимдсан. Хүний эрх зөрчих хатуу хууль байна гэсэн. Магадгүй уул уурхай эрхэлж буй иргэдийн эрх зөрчиж байж болох юм. Гэхдээ ундны асуудал дээр ч хүмүүсийн эрх зөрчигдөж байна. Хаа хаанаа хүний эрхийн асуудал бий. Үүнийг эргэж харж санкцыг арай багасгах зэргийг мэргэжлийн улс хуулийг хэлэлцэж байх явцад цэгцлэх байх. Монгол Улсын усны менежмэнтийн төлөвлөгөөндөө ус хэрэглэх эрэмбийг тогтоочихсон. Үүнийг хэн нэгэн дарга орж ирээд өөрчлөх боломжтой. Гадны орнуудад хэн түрүүлж ус хэрэглэх вэ гэдгээ хуульчлаад өгчихсөн. Манай улсын хувьд нэгдүгээрт, хүн амын ундны усаа оруулсан. Хоёрдугаарт, хөдөө аж ахуй, газар тариаланд хэрэглэнэ. Гуравдугаарт, аж үйлдвэр, дөрөвдүгээрт, уулын баяжуулах буюу уул уурхай ашиглана гэж эрэмбэлсэн. Үүнийг хуульчлах хэрэгтэй. Нэг л өдөр уурхай нь түрүүлээд орчихсон байхыг үгүйсгэхгүй. Гэх мэтчилэн усаа хамгаалсан заалтууд орсон хуулийн төсөл өргөн барьсан.

-Уул уурхайд саарал усыг ашиглах тал дээр хуульчилсан зүйл бий юу?

-Миний санаачилсан хуулийн нөгөө тал нь энэ юм. Газрын доорх усаа хамгаалаад хуульчлаад ороод ирвэл хүссэн хүсээгүй гадаргын усны менежмэнтийг хэрэглээд эхэлнэ. Жишээ нь, саарал усыг дахин цэвэршүүлж хэрэглэх юм уу, гадагшаа урсгалтай гол, мөрөнгөөс сан үүсгэж хуримтлал үүсгээд уул уурхайн зориулалтаар ашиглаж болно. Эсвэл зун хур ихтэй үед усны үерийн сан үүсгэх, шар усны үерийг тогтоох авах гээд бусад орнууд энэ тал дээр хөгжчихсөн. Араб гэхэд усны хуримтлал үүсгэж ашиглаж байна. Тэр байтугай чийгшлийг тогтоож хуримтлал үүсгэдэг технологийг бий болчихсон. Бид “Орхон говь”, “Хэрлэн говь” гэсэн төслүүд яриад л байдаг. Энэ төслүүд хэрэгжихгүй байгаа шалтгаан нь газрын доорх усыг хэрэглэж болоод буйгаас тэр юм. Газрын доорх цэнгэг усыг хэрэглэхийг хориглож, эрдэст усыг хэрэглэх түвшинг тогтоогоод өгөхөөр уул уурхайнууд шинэ технологи хэрэглэж эхлэхээс өөр аргагүй. Одоо бас нэг төсөлд би нэлээд санаачилгатай яваа. Өмнөговь аймаг руу урсдаг Онги голыг голдиролоор нь урсгаад Улаан нуурыг дүүргэнэ. Дүүрээд халихаар нь сан үүсгээд крант тавьж, уурхайнууд руу 200-300 км хоолой татаад хэрэглүүлж болно. “Орхон говь”, “Хэрлэн говь” төслөөр 700-800 км турба татах гээд байгаа юм. Ингэж байснаас хамгийн амархан, бага зардлаар богино хугацаанд шийдэх боломжтой шийдлийг судлаад гаргаад ирлээ. Холбогдох хүмүүстэй яриад эхний санхүүжилт, ТЭЗҮ-ийн ажил явж байгаа.

Э.ЯНЖМАА