С.Эрдэнэ: ”Тэтгэвэр тогтоолгох боломжтой”
-Ээлжит бус чуулганаар баталсан тэтгэврийн зөрүүг арилгах төсөл батлагдсан. Олон хүмүүсийг баярлуулсан хууль батлагдлаа гэх хүмүүс олон байгаа?
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хуулиудыг хэрэглэх журам, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нартай хамтран өргөн барьсан. Ээлжит бус чуулганаар хэлэлцэж, дэмжлэг авч батлагдсан. Өөрөөр хэлбэл 1995 оноос өмнө, 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүү их байсан. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 160 гаруй мянган хүний тэтгэврийн зөрүүг арилгах боломж бүрдэж үүнд зориулан улсын төсвөөс 20-23 орчим тэрбум төгрөг гаргахаар болсон.
-УИХ-ын даргад өргөн барьсан хуулийн төсөлд ажилласан жилийн нийгмийн даатгалаа төлж чадаагүй иргэд нөхөж төлж болно гэж байна. Одоогийн мөрдөж байгаа хуулиар бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлж болдоггүй шүү дээ?
-Энэхүү хуулийн төсөл нь 1990-1995 онд нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бүрдэж эхэлсэн, 1995-2000 он хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын системийг хэрэгжүүлэх явцад хувь хүнээс өөрөөс нь үл хамааран нийгмийн шилжилтийн нөхцөл шалтгааны улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон иргэдийн улсад ажилласан жилийг нөхөн тооцох, нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон нөхөн төлүүлж, цаашид иргэдийн тэтгэврийн даатгалын баталгааг хангаж өгөхийг тусгасан. Үндсэндээ 1990-1994 онд тухайн үеийн нөхцөл байдал, ажлын байр олноор татан буугдаж байснаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан хөдөлмөрийн насны 200 мянган гаруй иргэний нэгдсэн бүртгэлийг гаргаж, ажилласан жилийг нь нөхөж тооцох боломж бүрдэнэ. Мөн 1995-2000 онд хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн насны 703 мянган иргэн тэтгэврийн даатгалд хамрагдах боломжтой болж байгаа юм. Цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагад ажиллаж байгаад тэтгэврийн насанд хүрэлгүй халагдагсад, дөрвөөс дээш хүүхэдтэй гэсэн шалтгаанаар 30-аад насандаа тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүдэд харин энэ хууль үйлчлэхгүй, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарагсдын тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээнд хамрагдана.
-1995-2000 онд хөдөлмөр эрхэлж байгаагүй хүмүүс нь өөрсдөө даатгалын мөнгөө төлнө гэсэн үг үү?
-Тийм ээ, даатгуулагч төлөх ёстой 10 хувийг төлнө. Эдгээр 703 мянган иргэний хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон орлогоос 10 хувийг нөхөн төлснөөр ажилласан жил нь тасраагүйд тооцогдохоор байгаа юм.
-Төрөөс иргэдэд олгох халамж нэмэгдэнэ гэж шүүмжлэх хүн байж болох юм?
-Төрөөс иргэдэд олгож байгаа нийгмийн халамжийг баруун солгойгүй цацаж байгаа. Харин энэ хуулиар бол ажил хийж чадах насандаа ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан олон иргэн нийгмийн даатгалаа төлөх боломжтой болж байгаа юм. Төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр нийгмийн даатгалын тогтолцоогоор шийдэгдэх боломжтой. Ажилласан жил тасраагүйд тооцогдох нэг удаагийн арга хэмжээг уг хууль батлагдсан тохиолдолд эдлэх боломжтой. Бид УИХ-ын даргад өргөн барихдаа хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд оруулж өгөхийг хүссэн.