С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан боллоо. Хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Энэ сараас Төрийн албаныхны цалинг тэтгэврийг ирэх 2-р сарын 1-нээс нэмнэ" гэж мэдэгдлээ.
Тэрээр "Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 267 тэрбум төгрөг, мөн ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвлөсөн" гэлээ. Мөн халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зарчим баримталж байгааг мэдэгдсэн. Энэ дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 22 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгажээ. Төрийн албан хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэх учир ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Энэ үнэлгээ судалгаанд үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг дахин тогтоож төрийн албан хаагчдын цалинг нэмэх аж.
Үндэсний хорооны хуралдаанаас гарсан саналыг Засгийн газарт оруулна. Яг хэдэн хувиар нэмэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэж олон нийтэд мэдээлнэ гэсэн тайлбарыг ХНХ-ын сайд С.Чинзориг өглөө.
Хуралдаанд ХНХЯ, БСШУЯ, ХХААХҮЯ, МҮЭ-үүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн холбоо, Эрчим хүчний ассоциац, Арьс шир боловсруулагчдийн холбоо, Аж үйлдвэрийн Үндэсний зөвлөл зэрэг төрийн яам, байгууллагууд болон ТББ, мэргэжлийн холбоодын удирдлага, төлөөлөл оролцлоо.
Т.ХУЛАН