С.Бямбацогт: Улстөрийн намуудын хууль Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээж байна
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх нэг асуудал нь Улстөрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай юм. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогтоос тодрууллаа.
-Хуулийн өөрчлөлтийг хэзээ хэлэлцэх вэ?
-Улстөрийн намуудын хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ намрын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа хэлэлцэхээр дарааллыг хийсэн. Яагаад гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөс Улстөрийн намуудын тухай хуулийн тодорхой зохицуулалт бүхий заалтууд тусгагдан орох юм. Үүнтэй нийцүүлж Улстөрийн намуудын тухай хуулийн үзэл баримтлал гарах учраас хүлээлттэй байна. Одоо ярьж буй Улстөрийн намуудын тухай хуульд намын үзэл баримтлалын талаар боловсруулж дууссан.
-Сүүлийн үед Улстөрийн намуудын санхүүжилтийн асуудлыг нэлээн хүчтэй ярьж байна? Энэ талаар хуульд хэрхэн тусгаж байгаавэ, юуг өөрчлөхөөр байна?
-Тиймээ, улстөрийн намуудын санхүүжилтээс их зүйл шалтгаалж байгаа талаар нэлээн ярьж байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр улстөрийн намуудын санхүүжилтийн талаар хэрхэн зааж оруулах талаар тодорхой бэлэн болоогүй байна. Гэхдээ бодлогын хувьд ер нь улстөрийн намын санхүүжилт нь
- төрийн санхүүжилт,
- хандив,
- хураамж,
- гишүүдийн татвар гэсэн үндсэн 4 төрөлтэй байгаа. Эдгээрээс бид хандив дээр илүү анхаарах ёстой гэж байгаа юм. Учир нь хандив улстөрийн намуудад ил болон далд хэлбэрээр байж, сонгуулийн үеэр, ялангуяа сонгуулийн сурталчилгааны үед, сонгуулийн бус нөхцөлд ч хандивыг өгдөг, авдаг, үүгээрээ дамжуулаад эрх мэдэл, албан тушаалд хүрдэг “хэрэгсэл” болгон эргээд улстөрийн намыг өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллуулдаг алдаа дутагдал манайд гарч байгаа. Тийм учраас үүнээс ангижрахын тулд хандивыг аль болох хэмжээ хязгаартай болгох ёстой юм. Тодруулж хэлбэл, хандивыг хэнээс, хаанаас авах, өгөхийг тодорхой болгож Улстөрийн намын хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй байгаа нь үнэн. Ер нь манайд улстөрийн намуудад өгч буй хандив дээр хяналт тавих байдал байхгүй, үүнийг “хаяж” ирсэн. Хоёрт, сонгуульд оролцсон намууд болон нэр дэвшигчид тайлангаа гаргаж өгдөг ч тэр нь хэр бодитой гэдэгт хяналт тавьдаггүй. Нэг ёсондоо бодитой тайлан гардаггүй. Тиймээс улстөрийн намуудад яавал сонгуулийн үеэр сурталчилгааны явцад хуулийн дагуу мөнгөө зарцуулж байгааг хянах, тайлан гарсны дараа тэр нь бодит бус байна уу гэдгийг хянадаг тогтолцоо үгүйлэгдэж байна. Ийм зайлшгүй өөрчлөлтүүдийг бид Улстөрийн намын тухай хуульд оруулж өгөхөөр ажиллаж байна.
-Хэн хяналт тавих вэ?
-Энд Үндэсний Аудитын газрын үйл ажиллагаа чухал. Намууд сонгуульд оролцохдоо Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зардлын хэмжээг аудитаар хянуулдаг. Түүнчлэн сонгуульд оролцсон тайлангаа аудитад өгч хуулийн хэмжээнд заасан мөнгөө зарцуулсан эсэхээ тайлагнадаг. Гэтэл тэдгээр нь дээр хэлсэнчлэн яг амьдрал дээр бодит бус байгаа. Үүнд Үндэсний Аудитын газар анхаарч ажиллах ёстой юм.
Нөгөө талаар СЕХ нь ерөнхийдөө сонгуульд нэр дэвшиж буй намуудыг сонгуульд оролцоход бүртгэдэг, үүнээс хальдаггүй, зөвхөн бүртгээд сонгуулийг зохион байгуулаад намуудыг аяндаа “хаячихдаг”. Тэгвэл улстөрийн намуудын үйл ажиллагаа үзэл баримтлалын дагуу явж байна уу, үгүй юу, сонгуулийн явцад, цаашид дүрмээ барьж тэр нь үйл ажиллагаанд нь нийцэж байна уу гэдэгт байнгын хяналт тавьдаггүй. Ингэхгүйгээс болж сонгуулийн үеэр борооны дараах мөөг шиг баахан намууд гарч ирдэг, сонгуулийн дараа алга болчихдог замбараагүй байдлыг зогсоох ёстой юм.
Тодруулсан Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ