С.Эрдэнэ:Би энэ асуудлаар завсарлага авахуулна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдааны эхэнд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр "Сум, хорооны нийгмийн ажилтныг сум, хорооны Засаг даргатай зөвшилцөн аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга томилж, чөлөөлнө" гэснийг ажлын хэсгээс хоёр хувилбар болгон санал хураалгахаар оруулж иржээ.
Эхний хувилбараар "Сум, хорооны нийгмийн ажилтныг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргатай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө", хоёр дахь хувилбарт "Сумын нийгмийн ажилтныг сумын Засаг даргатай зөвшилцөн аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга, хорооны нийгмийн ажилтныг дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга томилж, чөлөөлнө" гэсэн байна.
Баг, хорооны нийгмийн ажилтныг тухайн баг, хорооны Засаг дарга томилох.уу, эсвэл дээрээс томилдог байх уу гэдэг дээр маргаан үүссэн байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хоёр дахь заалтыг дэмжиж байсан ч байнгын хорооны гишүүд олонхийн саналаар уг заалтыг дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үүнд бухимдаж "Санал тоолоход танхимд 12 гишүүн хүрээгүй тул санал хураалт хүчингүй, будилаантай боллоо. Бүлэг дээр ярьж энэ асуудлаар завсарлага авна. Энэ санал хураалт хүчингүй шүү. Хүний олон нь хүнээ барьдаггүй юм" гэлээ.
Харин тус байнгын хорооны дарга Д.Очирбат гишүүн "Өнөөдөр хуралдаанд ирсэн гишүүдийн ирцийн бүрэлдэхүүнээр хуралдаад санал гаргаж байна. Өөрсдөө хуралдаанд цагтаа ирээгүй, ирц ямар байгааг мэдэхгүй байж ингэж цадиггүй загнаж болохгүй. Би төрийн ажил хийж байна. Чи битгий солиотой юм яриад байгаарай. Чи халамжийн хуулийг хоёр жил гацаалаа. Дахиад энэ хуулийг гацаагаарай. Дураараа загнадгаа боль, ойлгов уу" хэмээн их л бухимдлаа.
Дараа нь С.Эрдэнэ, Д.Оюунхорол нарын тус тусдаа өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийг-мийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Тэтгэврийн зөрүүг арилгах агуулгатай хоёр хуулийн төсөл зарчмын хувьд ижил тул нэгтгээд хэлэлцье гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гаргав. Ингэснээр дээрх хуулиудыг нэгтгэж ажлын хэсэг байгуулан богино хугацаанд дахин оруулж ирэхээр боллоо.