Нийгмийн халамжийн тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа
УИХ-ын чуулган
2014.03.05

Нийгмийн халамжийн тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа

-Нийгмийн халамжийн тухай хуулийн танилцуулга-

1995 онд анх Нийгмийн халамжийн тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулиар нэгдсэн удирдлагатай нийгмийн даатгалын бие даасан тогтолцоо бий болж, нийгмийн даатгалын төв байгууллага нь орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагуудыг мэргэжлийн удирдлагаар хангаж, төсөв, хөрөнгийг хуваарилах, удирдлагыг нь томилж, чөлөөлөхөөр хуульчилсан байсныг 2005 онд өөрчилж, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагын удирдлагыг аймаг, дүүргийн Засаг дарга нар томилж, чөлөөлөх байх зарчмын өөрчлөлтийг оруулжээ.

Гэвч энэхүү өөрчлөлт нь орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагын удирдлагын томилгоо хэт улс төржиж, мэргэшсэн ажилтнуудыг тогтвортой ажиллах боломжийг хязгаарласнаас гадна нийгмийн даатгалын хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг хяналт тавих, нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулах, тайлагнахад хүндрэл учруулсан юм.

Дээрх хүндрэл бэрхшээлийг арилгах, нийгмийн даатгалын байгууллагын нэгдмэл үйл ажиллагааг хангах зорилгоор Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нараас 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж 2012 оны 9 сарын 14-ны өдөр баталлаа.

Урьд өмнө аймаг нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргатай зөвшилцөж аймаг нийслэлийн засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлдөг байсныг энэ хуулиар өөрчилж, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга Нийгмийн даатгалын аймаг, нийслэл, дүүргийн салбар нэгжтэй зөвшилцөн томилж чөлөөлж байхаар болсон.

Ингэснээр тухайн шатны Засаг дарга, даатгуулагч болон ажил олгогчийн төлөөлөл тухайн орон нутагт нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, боловсон хүчний талаар санал дүгнэлт гаргах, нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийн гүйцэтгэлд нь хяналт тавих боломж бүрдсэнээс гадна мэргэшсэн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг хуульд заасны дагуу  даатгалын үйлчилгээг бүх шатанд түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдэх юм.

 

Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх       Я.Хишигт