Х.Амгаланбаатар: Багш нарын ажил хаялт маргаашаас хүрээгээ тэлэх төлөвтэй байна
Боловсрол, шинжлэх ухааны салбарынхан цалинг есдүгээр сарын 1-нээс 15 хувь, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардан, өнөөдрөөс ажил хаялт зарлаад байгаа. Ажил хаялтын талаар МҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ,
“Албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр манай байгууллага сүүлийн дөрвөн жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээр байгуулж ирлээ. Тус хэлэлцээрийн гол асуудал жил цалин хөлсийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх байсан ч, сүүлийн дөрвөн жил нэмээгүй.
Засгийн газар улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд, Олон Улсын валютын сантай тохирсон хатуу нөхцөлд цалин хөлсийг нэмэгдүүлэхэд хүндрэл учруулж байна гэсэн байр суурийг илэрхийлсээр ирлээ. .
Иймд МҮЭХ тавдугаар сараас хойш тодорхой хөдөлмөрийн хамтын маргааныг үүсгэхээр ажил хаялтын өмнөх суултыг зургаан сарын сүүл хүртэл гол салбаруудад зохион байгуулсан. Энэ ажил хаялтын өмнөх суулт нь засгийн газрыг гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломж олгосон байсан. Харамсалтай нь Засгийн Газар цалин хөлс нэмэгдүүлэхгүй байх арга замыг эрэлхийлсэн.
Засгийн газар цалин хөлсийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг хоёр удаа хийсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй завсарласан. Улмаар засгийн газрын хуралдаанаар шууд оруулж, төрийн албанд ажиллагсдын цалинг есдүгээр сарын 01-нээс нэмэгдүүлэх шийдвэрийг хэлэлцээрийн заалтыг зөрчиж гаргасан. Иймд багш нар ажил хаялтыг улс орон даяар хөдөлмөрийн хуулийн дагуу эхлүүлж байна. Өнөөдөр МҮЭХ эвлэлдэн нэгдсэн салбарын 14, нутаг дэвсгэрийн 22 холбоотой. Монголын боловсрол шинжлэх ухаан үйлдвэрчний эвлэлийн холбоо хүрээгээ өргөжүүлэн тэлж, ажил хаялтаа үргэлжлүүлэх төлөвтэй байна.
Засгийн газар 2018 наймдугаар сарын 22-ний өдрийн хуралдаанаар хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрийг зөрчин, дангаар шийдвэр гаргаж, салбар тус бүрийн цалинг өөр өөр хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 8-30, Соёл урлагийн салбарынхны цалинг 8-27, Боловсрол соёл шинжлэх ухааны салбарын ажилчдын цалинг 8-12,3 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлэх ялгаатай шийдвэрийг гаргасан байдаг. Иймд БСШУ-ын салбарынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өнөөдрийн ажил хаялтыг зохион байгуулсан.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн байдлаар нийслэлийн 114 сургуулиас 86, 192 цэцэрлэгээс 89 нь, ШУА-ын 12 хүрээлэн ажил хаялтад нэгдэхээ МҮЭХ-нд мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар хэдэн сургууль, цэцэрлэг ажил хаяад байгаа талаар нэгдсэн мэдээлэл ирээгүй” гэх мэдээллийг өгсөн юм.