Мэндчилгээ
2018.09.03

Мэндчилгээ

Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг сонгон суралцаж буй оюутан залуус, ур чадвартай мэргэжилтэй ажилтныг бэлтгэх их үйлст мэдлэг оюунаа зориулан зүтгэж буй эрхэм багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье.

Үүсч хөгжсөнөөсөө хойш 54 дэх жилтэйгээ золгож буй Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбар техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэн, багшийн хөгжил оролцоог дэмжиж, сургалтын чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, салбарын ажилтан, албан хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чанад сахиж ажиллахаар шинэ хичээлийн жилийн бодлого зорилтоо тодорхойлсон.

Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт улсын хэмжээнд 35,8 мянган суралцагч 192 мэргэжлээс сонгон суралцаж, 4200 гаруй багш, ажилтан ажиллаж байна. Сүүлийн гурван жилийн тоон үзүүлэлтээр суралцагчдын 50-55 хувь нь төгсөнгүүтээ ажлын байртай болж буй ч хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй, ур чадвартай ажилтны эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа тул энэ хэрэгцээг шаардлагыг хангасан сайн мэргэжилтнийг бэлтгэх нь та бидний үүрэг.  

Иймээс Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өндөр ур чадвартай үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд онцгой анхаарч мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон арга хэмжээг авч байгаагийн нэг нь МСҮТ, Политехник коллежид суралцагчдад 70 мянган төгрөгийн тэтгэлгийг сар бүр олгох тухай юм. Суралцагчдыг дэмжсэн энэхүү арга хэмжээг шийдвэрлүүлэхийн төлөө бид хичээн ажиллаж байгаа төдийгүй багш, ажилтнуудын  хөдөлмөрийн үнэлэмж, ажлын ачааллыг судалж цалингийн ангилал, зэрэглэлийг шинэчлэх, нэмэгдэл, урамшууллын тогтолцоог сайжруулах замаар цалин орлогыг нэмэгдүүлж нийгмийн баталгааг хангахад чиглэсэн тодорхой ажлуудыг төлөвлөн хийж эхлээд байна.

Түүнчлэн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, багш нарыг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх давтан сургалтанд хамруулах, мэргэжил дээшлүүлэх боломжоор хангахын хамт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээнүүд  авч хэрэгжүүлэх юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ хичээлийн жилд сургалтын байгууллагын удирдлагын болон санхүүгийн бие даасан байдлыг хангах, сургалтын орчныг сайжруулах, сургалтыг үйлдвэрлэлтэй хослуулж, багшийн хөгжлийг дэмжих жил болгон ажиллах, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг бүс орон нутгийн онцлог, хөгжлийн бодлоготой уялдуулан төрөлжүүлэн хөгжүүлэх, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийн бодлого, ур чадварт түшиглэсэн “Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих”, “Гэрээт малчин гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтуудыг зохион байгуулж, идэвхитэй дэмжиж ажиллах зэрэг олон зорилтыг дэвшүүлсэн.

Мөн энэ хичээлийн жил 2019 онд ОХУ-ын Казань хотноо болох мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн нэрлэгддэг Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээнд бэлтгэх хамгийн чухал үе. Мэдлэгтэй, ур чадвартай, бүтээлч монгол залуусаа дэлхийд өрсөлдөх боломжоор ханган бүхий л талаар дэмжиж туслах болно.  

Дэвшүүлсэн зорилт бүр бодитой ажил хэрэг болоход мэргэжлийн боловсрол сургалтын салбарт ажиллаж буй багш, ажилтнууд, суралцагч хэн бүхний хичээл зүтгэл хамгаас чухал тул хамтдаа зүтгэцгээе.

Та бүхэнд амжилт хүсье.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

Содномын ЧИНЗОРИГ